Еврогийн ханшийг “ногоон” тодорхойлно

233900-12122018-1544590403-65287784-Screen-Shot-2018-12-12-at-12.54.08-PMЕВРОТОЙ ХАРЬЦАХ ТӨГРӨГИЙН ХАНШ ГУРВАН ХУВИАР СУЛАРЧЭЭ

Биднийг ам.долларын ханшийг алдчихаад, араас нь хөөж байх зуур валютын сагсан дахь бусад мөнгөн тэмдэгт сэм өсөөд, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрчихээд байна. “Ногоон”-­ы ханш даган үнийн өнгө нь хувирдаг юань, евро зэрэг валютын ханш алгуурхан өссөөр, шинэ тэнцвэрт хүрчээ.

Монгол улсын гадаад худалдааны гурван гол валютын нэг еврогийн ханш өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт 3000 төгрөг давлаа. Төв банкнаас зарласан төгрөгтэй харьцах еврогийн албан ханш 3003 нэгжид хүрсэн бол валютын арилжааны бусад төвд энэ хослол 3005 нэгжтэй тэнцжээ. Төв банкны мэдээлснээр он гарсаар евротой харьцах төгрөгийн ханш гурван хувиар суларчээ.

Европын холбооны 19 улсын албан ёсны мөнгөн тэмдэгт болох евро нь Монгол төдийгүй дэлхийн санхүү, эдийн засагт жин дардаг төлбөрийн хэрэгсэл. Хэдийгээр эл мөнгөн тэмдэгт монгол улсын худалдаа, эдийн засагт эзлэх жин, эрэмбээрээ ам.долларыг гүйцэхгүй ч голлох валютын нэгд зүй ёсоор тооцогдож байна.

Монгол Улс гадаад худалдааныхаа 6­-7 хувийг еврогоор хийдэг гэж Монголбанкнаас мэдээлэв.

Үүний дийлэнхийг Европын холбооны орнуудтай хийсэн худалдаанд ашигладаг байна. Тэгвэл энэ оны эхний арван сарын байдлаар 707 сая ам.долларын худалдааг эдгээр оронтой хийснийг гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ.

Үүний ердөө гуравны нэгийг Европын холбоог чиглэсэн манай улсын экспорт бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Европын холбоотой хийж буй гадаад худалдаанаас Монгол Улс алдагдал хүлээсээр буй нь энэ юм.

Төгрөгтэй харьцах еврогийн ханш оны эхнээс зургадугаар сар хүртэл ам.долларын ханш даган буурчээ. Гэвч есдүгээр сард өсөж, уруудан хэсэг савлаад, аравдугаар сард тогтворжсон байна. Гэсэн хэдий ч энэ үеэс Монголын улс төрийн орчин донсолж, улирлын шинж чанартай хүчин зүйлээс үүдэн ам.доларын ханш “галзуурсан” нь еврогийн үнийг ч дээш чангаасан байна.

Еврогийн өсөлтийн талаар Монголбанкаас тодруулахад төгрөгтэй харьцах ам.долларын ханшийн өсөлттэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, төв банк еврогийн ханшийг спот байдлаар буюу ам.доллар, төгрөгийн үнийн хөдөлгөөнийг харгалзан тогтоодог. Олон улс төдийгүй дотоодод ам.долларын ханш өссөн нь бусад валютад ийн нөлөөлж байгаа аж.

Тэгвэл нэгэнт өсчихсөн энэ ханшийг цаашид хэрхэн тогтоохыг Монголбанкнаас асуухад ам.долларын ханшийг жолоодох замаар евро, юанийн ханшид дам нөлөөлөхөө тооцжээ. Тиймээс ирэх саруудад ам.долларын ханшийг тогтоон барихад анхаарахаар төлөвлөсөн байна.

Еврогийн ханш ам.доллараар өдөөгдөн Монгол Улсад ийн чангарч буй бол олон улсад “ногоон”-­ы эсрэг суларч байна. Ялангуяа, АНУ-­ын эдийн засаг хүчирхэгжиж, тус улсын төв банк мөнгөний бодлогоо хумьж буйгаас ам.долларын ханш голлох валютуудын эсрэг хүчтэй чангарч байгаа.

Энэ нь еврогийн үнэ цэнэд ч давхар дарамт болж буйг шинжээчид онцолж байна. Үүнээс гадна еврогийн жолоог атгадаг Европын төв банк мөнгөний бодлогоо хумих магадлал багасаад байгаа. Учир нь сүүлийн хоёр жил эрчтэй сэргэж байсан тус бүс нутгийн эдийн засаг удааширч, мөнгөний нийлүүлэлт саарч эхэлсэн.

Уг нь ирэх онд тус банк сүүлийн найман жилд анх удаа бодлогын хүүгээ нэмэх төлөвтэй байсан юм. Европын төв банк инфляцыг өдөөхийн тулд Евро бүсийн санхүүгийн системд 2015 оноос хойш нийт 2.9 их наяд ам.долларын нийлүүлэлт хийжээ. Гэвч АНУ-­ын төв банк бодлогын хүүг үе шаттай нэмж, Италийн эдийн засаг хүндэрсэн зэрэг нь уг бодлогын үр нөлөөг саармагжуулсан байна.

Европын төв банкны бодлогоос харахад ирэх онд еврогийн ханш олон улсад харьцангуй тогтворжих төлөвтэй. Харин Монгол Улсад уг мөнгөн тэмдэгтийн ханшийн муруй хааш чиглэх нь бодлого боловсруулагчдын “ногоон”-­ыг номхотгох арга хэмжээнээс хамаарах нь.

Манай эдийн засагт эзлэх еврогийн нөлөө ам.доллар, юаньтай харьцуулахад бага ч Герман, Франц зэрэг том зах зээлийг багтаасан евробүс нь Монгол Улсын худалдааны томоохон холбоотон юм.

Монгол Улс евробүсийн орнуудад мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, арьс ширэн түүхий эд, боловсруулсан арьс, ангийн үс, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн экспортолж, хүнсний бүтээгдэхүүн, химийн болон химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн оёмол, сүлжмэл эдлэл, машин тоног төхөөрөмж импортолж байна.

“Засгийн газрын мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих