Улстөр өрнөх үү, улс хөгжих үү

15446955945c122f2ae6ed1

Монголын улс төр  тэмээ туйлчихсан юм шиг гэгчээр арай л дэндүү ундуй сундуй болчихлоо. Үндсэн хуулинд Төрийн эрх барих дээд байгууллага хэмээн нэрлэгдсэн УИХ ажлаа хэвийн хэмжээнд  явуулж чадахаа байгаад хагас сарын нүүр үзэх нь. Засгийн газар нь ч дутуу дундуур хэвээрээ.

Гурван есийн хүйтэн ирж байгаа энэ  үеэр нийслэл хот нь даргагүй,  хөдөө орон нутаг,  зарим аймгуудад зудын эрсдэл нүүрлэж байгаа цаг дор хөдөө аж ахуйн салбар нь сайдгүй. Зам тээврийн хөгжлөөсөө эхлээд зарим сайд нь тойрохоо авчихсан  дундуур засагтай  2019 оныг угтах бололтой.

Төрийн гурван өндөрлөг нь өөр хоорондоо толхилцоонтой, гүйцэтгэх засаглал хууль тогтоох институци хоорондоо хэрүүл тэмцэлтэй эмээлийн хоёр бүүрэг шиг өөд өөдөөсөө харж чадахаа больсон гээд дурдаад байвал дуусмааргүй.

Мянган жилээр тоологдох Монголын төрт ёсны уламжлал өнөөдөр ингэтлээ уруудаж доройтно гэж хэн санах билээ. Ингэхэд ер нь  2016 оны сонгуулиар итгэж найдсан улс төрийн хүчиндээ саналаа өгсөн иргэд маань эдүгээ чонын хүзүүнээс мах зүүв гэдэг шиг нөхцөл байдалд орчихоод байна.  Монголын улс төрд туг дэрвүүлж явсан нөхдүүд ээлж дараагаар ам нээж, цензургүй ярьж бие биеийнхээ булхайг  уудалж байна.  Хаа очиж энэ нь харин улс төрчдийн жинхэнэ нүүр царайг таньж мэдэхэд монголчуудад хэрэгтэй мэдээлэл болж байна.  Хэдийчинээ гүзээндээ хөлөө гүн хийлцэнэ, хулгайлж хуйвалдсан нь төдийчинээ ил болох янзтай.  Нөгөө “Хүрээний булай гэж далай далай. Ярина гэвэл хойт нас ч хүрэлцэхгүй” гэдэг шиг л юм болж байна.

Засгийн газраа авч үлдлээ гээд төрийн хэрүүлийг зогсоож чадсангүй. Бүр даамжрах  янзтай. Үүнийг өчигдөр болсон улс төрийн акцуудаас анзаарч болохоор байв.

Эрх баригч хүчний хоёр бүлэглэл ээлж дараалан мэдээлэл хийж  Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл болон Үндсэн хуулийн цэцэд  тус тус хандахаа мэдэгдлээ.

Энэ завшааныг ашиглан улс төрийн хэрүүлээс  шалтгаалж улс орны нөхцөл байдал яаж хүндэрч доройтож байгааг  агаарын бохирдол, валютын ханш, бензин шатахууны  үнийн өсөлт гэсэн бэлэн зэлэн гаргалгаан дээр сөрөг хүчнийхэн нарийн зураглаж мэдээлэл хийв.

Улс төрийн ууган хүчин ингэж цөөнх болсон сөрөг хүчиндээ амаа асуулгах хүртлээ уруудаж доройтсон нь хөөрхий.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийж, УИХ-ын даргыг өргөдлөө өгөхийг шаардсан шаардлагаа ҮАБЗ-д дээрх гишүүд хүргүүлнэ гэдгээ мэдэгдэв.  Тэд М.Энхболд маргаашийн дотор огцрохгүй  бол нийт монголчуудтайгаа, иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтарч бүх ард түмний эсэргүүцлийн тэмцэлд орно гэлээ.  Хэрэв улс төр энэ янзаар үргэлжилбэл монголчууд энэ өвлийг цээжээ балбасан улс төрчдийн хэрүүл дунд өнгөрөөх янзтай.

Дээрхи гишүүдийн мэдээллийн дараа нөгөө талаас аяганы хариуг нь бас барилаа. УИХ-ын зарим гишүүд Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Цэцэд хандаж байгаагаа  зарлав.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Улсын Их хурлын үйл ажиллагаа доголдож эхэлж байна. Тасралтгүй явах хуультай. УИХ-ын өмнө Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй Ерөнхий сайд болон Засгийн газрын давхар дээлтэй 15 гишүүн УИХ-ын  үйл ажиллагааг хоёр долоо хоног хууль бусаар хойшлуулж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм” хэмээн тодотголоо.

Тэрбээр  “Хэрвээ Үндсэн хуулийн Цэц Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзвэл Засгийн газар тарах хамгийн том үндэслэл болно” гэв. Энэ янзаар бол Засгийн газрын орших эс оршихуйн асуудал дахиад дэн дун болох нь.

Хүн хэлээрээ,  мал хөлөөрөө.  Нэгэн цагт хүзүү толгой холбож, намын тулга тогоо тойрон хамтдаа эргэлдэж  явсан тэд ингэж тангарагаа тонгорог болгох хэрэг байсан уу.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих