Санал тоолох машин сонгох ”бантан”-г хэн хутгав

-Төсөв батлаад хуулиа оройтуулсан УИХ уу, эрх үүргээ мэдэхгүй СЕХ юу-

Нийгэмшиж соёлжсон хүн бүр хуулийн хүрээнд ажиллаж, амьдардаг. Бид хүссэн ч хүсээгүй ч хуулийг хэрэглэж, захирагдаж, биелүүлэх үүрэгтэй. Энэ утгаараа хуулийг хүний өдөр тутам хэрэглэдэг хоол хүнстэй зүйрлүүлж ойлгож болно.

Хууль яв цав, товч тодорхой, хэрэглэхэд хялбар байх тусам иргэд хэрэглэх дуртай байх нь мэдээж. Ийм ойлгомжтой хуулийг амттай хоол гэж төсөөлье. Хүн бүр амттай хоолонд дуртай. Харин ойлгомжгүй, өөрийг нь хэрэгт хийчих гээд байдаг хуулийг хэн хэрэглэх дуртай байх билээ. Гэхдээ энд нэг том ялгаа бий.

Хоол хүнсийг бид дургүй бол идэхээ больчихож болно. Харин хуулийг дуртай ч дургүй ч хэрэглэж, өөрөөр хэлбэл захирагдахаас өөр аргагүй. Ийм муу хуулийн золиос болж олон хүн хохирсоор байгаа. Харамсалтай нь жирийн иргэд бидэнд төрийн эрх барих боломж олгодог хамгийн гол хуулийг УИХ хамгийн ойлгомжгүй байдлаар баталсан билээ.

Жирийн нэг хуулийн хохирогч нь иргэд байдаг бол алдаатай сонгуулийн хуулиас болж улс орон бүхэлдээ хохирдог онцдогтой. Гэтэл “ядаж байхад…” гэгчээр Сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй СЕХ нь бас итгэл алдаад эхэллээ.

Холбогдох байгууллагатай зөвшилцөж, ил тод, хараат бусаар үйл ажнллагаагаа зохион байгуулдаг Сонгуулийн Ерөнхий Хороо “УИХ-ын сонгуульд хэрэглэх машиныг сонгох” нэртэй олон ангит жүжгийг оны өмнө олон нийтэд толилуулав.

АНУ-ын “ES and S” компанийн санал болгосон хэт өндөр болзол бүхий санал тоолох машин, Солонгост үйлдвэрлэсэн банкны мөнгө тоолох машиныг Төрийн байгуулалтын байнгын хороонд санал болгосноор жүжиг эхэлдэг. Энэ үед төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд “хульхи” машин оруулж ирсэн хэмээн маргаан дэгдэж арай л огцруулчихаагүй. Хамгийн харамсалтай нь энэ хурал дээр Н.Лувсанжав дарга хэрэг гарвал “худал залчихдаг” болох нь илэрсэн юм.

“Сонгуулийн хуулийг хүлээж машин авах асуудлыг оройтуулсан” гэсэн тайлбар хэлж додигор суусан тэрбээр гишүүд хэд хэдэн “халуун” асуулт тавьсны дараа “Сонгуулийн хуульд “хайрцгаар санал хураана” гэж томъёолсон” хэмээн улалзаж суусан нь тус байгууллагын өмнөх дарга Д.Баттулгыг эрхгүй санагдуулсан юм. 2008 оны сонгуулийг будлиантуулахад багагүй хувь нэмэр оруулсан энэ эрийг монголчууд ”Та надаас… гэж асуулаа.

За би таны асуултад хариулья” хэмээх оршилтой хариултаар нь сайн мэдэх билээ. Гэхдээ мань хүн асуултыг асуултаар дүйвүүлэх, мөлийлгөх, мохоох аргыг чадварлаг хэрэглэж бүр болохгүй бол огт өөр юм ярьдаг байснаас арай ч хууль зохиож байгаагүй санагдана. Тэр хуралдаан дээр сууж байсан УИХ-ын олон гишүүн түүний талаар “Сонгуулийн дараа ч ингээд сууж байж мэдэх нөхөр байна” гэсэн ойлголтыг авсан болов уу.

Уг нь тус байгууллагын эрх зүйн байдлын тухай хуульд “СЕХ нь үйл ажиллагаагаа холбогдох байгууллагатай зөвшилцөн хараат бусаар явуулна” гэж заасан. Гэтэл Н.Лувсанжав дарга ядаж зөвшилцөх “дүрэм” ч үзүүлсэнгүй.

“Гэрийн сканнер”-аа үхэн хатан хамгаалаад дараа нь “Бид хэлэлцээд өөр машин сонгохоор боллоо” гэхийн оронд ”Төрийн байгуулалтын байнгын хорооныхны сэтгэлд нийцсэнгүй” гэсэн утгатай үгсийг унагасан нь бусдаас үүрэг авч ажилладаг байгууллагын дарга шиг харагдуулав.

Даргаасаа болж СЕХ-ны нэр хүнд унахын зэрэгцээ тус байгууллагын цаана улс төрийн том хүчин байгаа гэх хардлага явж байна. Үе, үеийн СЕХ эрх баригчдын талд шийдвэр гаргах хандлагатай, дарга нар нь “сул” байдаг жишиг тогтох нь. Энэ бүгдийг нуршин өгүүлсний учир нь, СЕХ булхайцах гээд бусад нөхдүүд шүүхэд өгөх гээд бай-гаа энэ дүр зураг ирэх сонгуулиар давтагдаж магадгүй гэж сануулах гэснийх юм.

Нэгэнт багаахуулаад хаячихсан ийм СЕХ-ны толгойг нь илсээр сонгуультай золгох нь төлөөс дэндүү ихтэй шийдэл биш үү. Өмнөх сонгуулийг будлиантуулсан нөхөр эдүгээ нарсанд биш наранд, бүр Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн даргын зөөлөн сэнтийд заларч байгаа. Үүний учир нь эрх баригч нам сонгуульд ялсанд байгаа гэж хүмүүс харддаг.

Одоогийн СЕХ дарга ч санал тоолох машины асуудлаас болж Шүүхэд дуудагдах нөхцөл байдал үүссэн. Гэхдээ түүнд гарц бий. Дээр өгүүлсэн Б.Баттулгын түүх Н.Лувсанжавыг эрэмшүүлэн зоригжуулж байгааг ойлгож ядах юмгүй. Ийм л нөхцөл байдлын дунд байгаа хүнд бид сонгуулийг шударга зохион байгуулах өндөр хариуцлагатай үүргийг хүлээлгэжээ.

Б.Болор
Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих