“ХУР” системийг ашигласнаар БНСУ-ын виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах болно

5634

Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46,000 орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ажиллахыг хүсэв. Мөн тэрбээр ноён Ча Гю-геүний Монгол Улс дахь айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён  Ча Гю-геүний айлчлалын үр дүнд монгол иргэд тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажилд томоохон ахиц гарч байна. Хоёр улсын холбогдох байгууллага “БНСУ-д зорчих визийн материал шалгах хугацааг хурдасгах арга зам, хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу хамтран ажилласны үр дүнд монгол иргэд БНСУ-ын виз авахад тулгардаг бэрхшээлүүд үндсэндээ арилна гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын “ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал бага виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжтой болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлснээр монгол иргэд БНСУ-д ажиллах гэж биш, аялах гэж очдог болох цаг ойрхон гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Мөн тэрбээр БНСУ-д зуны улирал хэт халуун учраас солонгос жуулчид Монгол Улс руу аялж, Монголын нүд алдам тал, тэнгэр дүүрэн оддыг үзэх хэрэгтэй хэмээн урьсан юм.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба


URL:

Сэтгэгдэл бичих