ЭМЯ: Истанбулын онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирнэ

184

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.  ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ”Өчигдөр коронавирусийн халдварын тав дахь тохиолдол бүртгэгдсэн.  Энэ хүн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Түүнтэй ойрын хавьтлын 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 1731 иргэн тусгаарлаагдаад байна. Өнөөдөр шөнө Истанбулын онгоцоор 252 иргэн ирнэ гэх мэдээлэл байна. Иргэдийг Зүчи зочид буудал, Багабаян амралтын газар, Асралт мед эмнэлэгт тусгаарлахаар бэлтгэлээ хангаад ажиллаж байна. Истанбулын онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирнэ гэсэн. Тиймээс онгоцонд явах халдвартын эмчийг бид явуулсан. Шаардлагатай эмчилгээг үзүүлнэ. Тусгаарлагдах байранд байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Мөн ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэх болзошгүй байна. Тиймээс Алтанбулагийн боомтоор ирэх иргэдийн бэлтгэлийг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт бэлдэж ажиллаж байна. Нэг тохиолдол бүртгэгдвэл эрүүл мэндийн байгууллага хэрхэн ажиллах, тохиолдол нэмэгдээд 10 болвол яах вэ, 100 болвол ямар арга хэмжээ авах вэ гэдгээ төлөвлөсөн байсан. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Бид асуудал хүндрээд тусгаарлах байр, эмнэлэг хүрэлцэхгүй бол яах вэ гэдгийг ч бодолцсон байгаа. Тиймээс гэрээр эмчлэх стратеги боловсруулж, эмч нартаа заавар зөвлөгөө өгсөн байгаа.

УОК-ын өчигдрийн  хуралдаанаар эмзэг бүлийн иргэддээ илүү анхаарал тавих чиглэл өгсөн. Тиймээс гэрээр тусгаарлагдсан иргэдэд өрхийн эмч, сайн дурын идэвхтэн, эргүүлийн ажилчидтай хамтарч ажиллана” гэв.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих