Оросыг орхихгүй

Screenshot 2024-02-21 120343Украины дайн гурав дахь жил рүүгээ тонгойж байхад зэвсэгт сөргөлдөөн өдүүлсэн ОХУ-ыг орхин гарах барууны компаниудын амлалт үндсэндээ замхарч үндэстэн дамнасан 1400 гаруй бизнес Орост үйл ажиллагаа явуулсаар байгааг саяхны судалгаа харууллаа. Киевийн Эдийн засгийн сургуулийн (KSE) тооцооллоос харахад Орост үйл ажиллагаа явуулж байсан гадаадын пүүсүүдийн дөнгөж 8.1 хувь нь тус улсыг орхижээ. Харин Европын холбоо болон Их долоогийн компаниудын 5-13 хувь нь дайны эхний есөн сарын хугацаанд Оросын зах зээлээс гарсан аж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Кремль барьцаа ахиулж 2023 онд Ерөнхийлөгч Владимир Путин “найрсаг бус” харилцаатай орнуудын Орос дахь хөрөнгийг хураах шинэ журмыг танилцуулсан. Үүний өмнө Оросын зах зээлээс гарах гэж буй гадаадын компаниудад Сангийн яамнаас зөвшөөрөл авахыг тулгасан билээ. Гэтэл зөвшөөрөл авахад дор хаяж 12 сарын хугацаа шаардагдахын дээр стратегийн ач холбогдолтой салбарын асуудлыг зөвхөн Путины гарын үсгээр л шийднэ. Дээр нь ОХУ гадаадын 45 банкийг тус улсад хөрөнгө захиран зарцуулахыг хориглосон нь ч нэрмээс болов. Эхэндээ Оросоос гарахаа мэдэгдсэн компаниудад тав хоногийн дотор үйл ажиллагаагаа сэргээх, эсвэл хувьцаагаа зарсан тохиолдолд удирдлагаа шилжүүлэхгүй байх боломж амласан ч яваандаа төрийн шууд оролцоотойгоор хөрөнгө оруулагчдаа ил цагаан дээрэмдэх боллоо. Орос даяар 8000 орчим ажилтантай Францын сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Danone компани гэхэд л өнгөрсөн долоодугаар сард “төрийн хяналт”-д орохоос өмнө бизнесээ 1.1 тэрбум доллараар зарах яриа хэлэлцээр нь төгсгөлийн шатандаа ороод байжээ. Данийн шар айраг үйлдвэрлэгч Carlsberg-ийн охин компани Baltika Breweries-ийн Орос дахь найман үйлдвэрээ худалдах үйл явц мөн л сунжирсаар компанийн хувьцааг Оросын төрийн өмчит Росимушчество агентлагт “шилжүүллээ”. Хамгийн сүүлд 2023 оны наймдугаар сард Нидерландын шар айраг үйлдвэрлэгч Heineken компани долоон үйлдвэрээ 300 сая еврогийн алдагдалтайгаар Оросын “Арнест” группт зарав. Amstel, Birra Moretti, Tiger зэрэг брэндүүдийг эзэмшдэг тус компани Украины дайн эхлүүт Оросоос гарах шийдвэрээ зарласан ч өмч шилжүүлэх үйл явц бараг жил шахам сунжирсаар эцэст нь бүх хөрөнгөө үнэгүй буюу бэлгэдлийн нэг еврогоор арилжаад Оросыг орхилоо.

Нийгмийн хариуцлагын шалтгаан

Өрнөдийн компаниуд Орост бизнесээ үргэлжүүлж дайн санхүүжүүлсэн гэх таагүй нэр зүүхээс эмээдэг ч орхин гарах нь илүү үнэтэй тусах тул нөхцөл байдлыг чимээгүй ажиглах байр сууринаас асуудалд хандах болжээ. Мэдээж яаж зүгээр суух вэ. Эдийн засгийн хоригоос гадуур гуравдагч орны зах зээлээр дамжуулан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээгээ төөрөгдүүлэхийг оролдоно. Ингэхдээ ажилчдын эрх ашгийг бодолцон Оросын төрийн агентлагуудаас нааштай шийдэл хүлээж буй гэх тайлбар хэлэх нь олонтаа.

Дээр өгүүлсэнчлэн ганцхан еврогоор бизнесээ “арилжсан” Heineken гэхэд л Орос дахь 1800 гаруй ажилтныхаа хувь заяаг нааштайгаар шийдвэрлэхийн тулд Арнест групптэй удаан хугацааны яриа хэлэлцээр өрнүүлж тэднийг гурван жилийн турш үргэлжлүүлэн ажиллуулах баталгааг гаргуулж чаджээ. Хөрөнгө оруулалтаа хумиж, үйлдвэрлэлээ багасгасан ч Орос дахь байр сууриа хэвээр хадгалсаар байгаа компаниудын дийлэнх нь ажилчдын амьжиргаанд санаа зовнихын зэрэгцээ дотоодын түнш, ханган нийлүүлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа тодотгож буй. Орост зургаан үйлдвэр, 7000 орчим ажилтантай Nestlе компани гэхэд л бүтээгдэхүүний нэр төрлөө багасгасан ч нутгийн иргэдийг зайлшгүй шаардлагатай хоол хүнсээр хангах үүрэгтэй тул орхин гарах бодолгүй ажээ. Гэр ахуйн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Procter & Gamble айл өрхүүдэд нэн шаардлагатай эрүүл мэнд, эрүүл ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ хадгалж үлдэхээ илэрхийлсэн.

Олон улсын стратеги судалгааны хүрээлэнгийн шинжээч Мария Шагинагийн хэлснээр өрнөдийнхний Оросоос гарах боломж ийнхүү бараг хаагдаж үндэстэн дамнасан компаниуд ацан шалаанд оржээ.

Хоригийн сиймхийгээр

2014 онд Крымийн сөргөлдөөний үеэс эхэлсэн Оросын эсрэг барууны эдийн засгийн хориг арга хэмжээ өдгөө 12 дахь багцаа зарлаж, өнгөрсөн намар эрчим хүчний салбар, банк, очир эрдэнийн үйлдвэрүүдийг онилсон. Тэгвэл ОХУ нь БНХАУ, Турк болон Төв Азийн орнуудыг хоригийг тойрох гарц болгон ашиглаж буй. Хятадаас Төв Азиар дамжин Орос руу экспортолж буй бараа бүтээгдэхүүн 44 хувиар өссөн нь үүний нэг нотолгоо. Дэлхийн нийт экспорт тэгтлээ өсөөгүй байхад Төв Азийн эдийн засгийн өсөлтийн хурд дайн дажин, өвчин тахалгүй үеэс ч давж гарлаа. Үүний зэрэгцээ Төв Азийн орнуудаас Орос руу экспортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд бараг 30 хувиар нэмэгджээ. Экспортын дийлэнх нь барууны хоригт тэмдэглэгдсэн цөмийн реактор, бойлер, машин механизм, тоног төхөөрөмж байгаа нь Оросын цэрэг аж үйлдвэрийн салбарт ашиглагдах нь илэрхий юм.

Дэлхийн нефтийн хамгийн том хэрэглэгч Хятад улс ОХУ-ын эдийн засгийн гол тулгуур болж байгааг өнгөрсөн жил хоёр талын худалдааны хэмжээ 240 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоосноос харж болно. Оросын зах зээлийг орхин гарсан барууны компаниудын орон зайг Хятадын брендүүдэд нөхөж Москвад автомашинаас эхлээд ухаалаг гар утас хүртэл бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй. Зөвхөн автомашинаар жишээлэхэд Хятад улс 2023 онд Оросын зах зээлд өмнөх жилээс тав дахин их буюу 800000 бүтээгдэхүүн нийлүүлж дэлхийд автомашин үйлдвэрлэлээрээ Японыг гүйцэж түрүүлжээ. Харин Оросоос Хятад руу эрчим хүчний эх үүсвэрүүд, хүнс, металл болон мод экспортолдог. Хэдийгээр удаан хугацаанд хоригт орж, эрчим хүчний экспортын хэмжээ нь буурсан ч 2023 онд Оросын эдийн засгийн өсөлт Их Британи, Германаас ч илүү гаран дөрвөн хувьд хүрч өрнөдийхнийг барьц алдууллаа. Эрчим хүч, үр тарианы экспортын орлого харьцангуй тогтвортой, үйлдвэрлэл, хэрэглээ сайжирсан нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тодотгосон. Үүний зэрэгцээ санхүүгийн хяналтаа чангатгаж олон улсын төлбөр тооцоонд өөрийн валютыг түлхүү ашигласан нь үр дүн өгчээ. Гаднын хориг дарамтаас гадна аж үйлдвэрийн тэнцвэргүй байдал, өндөр инфляц, ажиллах хүчний хомсдол зэрэг сорилт бэрхшээл хэвээр ч дэлхийн худалдаа, эдийн засаг Оросыг орхих болоогүй байна.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл


URL: