Япончуудад нутаг өгөх үү, яах вэ?

“Нэг тийм нууцлаг бодол шиг
Амьд явахсан гэж
Нуурын өнчин галуу ганганах цагаар
Арлын Японд газар хөдлөж, Монголд
Дүрвэгчид ирж суурьшихыг
Би харж байна”
гэсэн шүлгийг нэгэн залуу яруу найрагч 2000 оны эхэн үеэр бичжээ. Үүнийг хараад ямар мэдрэмж гэхээрээ ийм байдаг юм бол доо хэмээн өнөөдөр бодов. Хэрэв ийм зүйл болоогүй байсан бол би бодохгүй л байсан. Эсвэл мэдрэмж гэхээсээ илүүтэй “муу амтай” нөхөр бичсэн байж болох л юм. Ямартай ч одоо түүний хэлсэн ёсоор боллоо. Үүнийг би зөгнөл, мэдрэмж, хар цагаан хэл ам аль нь болохыг үнэндээ ялгаж мэдэхгүй юм.
Өчигдөр арлын орон Азийн элэгнээс “арчигдахаа” дөхсөн хэдий ч хөгжлөөрөө хөл, хөрөнгөөрөө тархи хийн байж үлдэж чадлаа. Одоо ч гэсэн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа төдийгүй газар дахин хүчтэйгээр “шилгээж” мэдэх аюултай, бас айдастай байна. Үүний зэрэгцээ атомын гурван цахилгаан станц дэлбэрэх аюул нүүрлээд хэцүүхэн л байна даа хөөрхийс.
Энэ хүнд хэцүү үеэр зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг шиг улс үндэстнүүд, хүмүүнлэгийн байгууллага бүх анхаарал тусламжаа энэ голомт руу чиглүүлээд байгаа. Манай улс ч тэднээс дутахгүй багагүй хөрөнгөөр дэм хайрлахаар шийдэв бололтой. Угаасаа ч ингэж харьцахгүй байхын аргагүй болтол зээл тусламж гуйж, хөрөнгө мөнгийг нь нийтээр болон нэгээрээ халаасалж байгаагийн хувьд ийм цагт нь дүлий юм шиг царайлж яахан болох билээ.
Хэрэв энэ гамшиг ядуу буурай яг манайх шиг улс оронд нүүрлэсэн бол өдийд балгас үлдсэн байх учиртайг ч дэлхийн олон эрдэмтэн баталж хэлсэн билээ. үүнийг батлах мэт Мэргэжлийн хяналтын газраас хэрэв газар хүчтэйхэн шилгээхэд л Байгалийн түүнийн музейгээс эхлээд 350 гаруй барилга, орон сууц “будаа” болох юм гэнэ билээ.
Гэхдээ хэдий өндөр хөгжилтэй ч гэсэн хөөрхий япончууд цунамигийн улмаас багтаж шингэх газар байхгүй хэцүүхэн л байгаа дуулдана. Угаасаа ч энгийн тайван байх үедээ ч гэсэн арай гэж багтаж яддаг байсан “амьтад” одоо бүр хэцүүдэх нь бол гарцаагүй л дээ.
Харин энэ үед бид япончуудад нутаг өгөх үү, Яах вэ?
Үнэндээ Ази тивд байгаа эх газарт монголоос өөр сул зайтай, уудам саруул нутаг хайгаад ч алга. Тийм болохоор хүссэн эс хүссэн ч НҮБ-ээс бидэнд дарамт үзүүлж ч болох юм. Тэгж гэмээнэ л энэ олон дүрвэгчдийг зохицуулж таарна. Түүнээс яалаа гэж золбин ноход шиг баларсан гудамжинд нь амьдруулахав. Тийм болохоор л манай улс хамгийн боломжтой нь байгаа юм.
Одоо Өмнөговь, Дорнодын тал нутгийг өмнөд хөршийнхөн аль эртнээс зөөсөөр бараг дуусч байна. Тэгвэл япончууд өөрийнхөө амьдрах нутгийг хамгаалж, ариг гамтай эдлэх нь ойлгомжтой учир өмнөд хөршөөс хэд дахин илүү байх биз. Тэгээд л тун удалгүй хот сүндэрлүүлж, сакура цэцэглүүлж, охидыг минь мөнгөжүүлээд л өгнө.
Харин үүнийг хэрхэн шийдэх тал дээр манай улсын хэмжээнд томоохон асуудал үүсч, телевизийн камерийн өмнүүр гүйх эдгэшгүй донтой нэг нь амаа эцтэл чалчих цаг л ирж мэднэ. Тэдний зарим нь урт хугацаагаар түрээслүүлнэ гэсэн саналыг гаргахад нөгөө хэсэг нь шууд худалдчихсан ч яадаг юм хэмээн мэдэмхийрэх нь гарцаагүй. Тэгвэл Солонгост худалдах сонирхолтой байсан, эхнээсээ гэрээ хэлцэлээ хийчихсэн эрх мэдэлтнүүд нь эгнээгээ нэлээд зузаатган байж “Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” хэмээн өлсч, жагсаж таарах байх даа. За энэ ч яахав. Нээрээ худалсан, түрээслүүлсэн хоёрын аль нь дээр юм бол доо???
Д.Ганбаатар

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих