МАН-ын нэр бүхий гишүүд намаасаа гарах нь “маш нууц”-ын ангилалтай улс төрийн “хөзөр” дэлгэгдсэний гэрч

Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Р.Раш, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Ц.Батбаяр, Ц.Цэнгэл, Х.Бадамсүрэн, Н.Ганбямба нарын гишүүд намаасаа гарч болзошгүй гэгдэж байсан. Одоо буцах газаргүй болов. Гарах нь гарцаагүй боллоо гэсэн үг юм. Уг нь тэд сонгууль эхлэхэд тулгаж улс төр хийн намаасаа гарч МАХН-д элсэн тэндээс нэр дэвшиж МАН, АН-ыг давхар булшлахаар зэхэж байжээ. “Хоёр” нам төр барьж байхдаа хамтарч хийсэн бүх булхай, луйврыг нь дэлгэж орхиод өөрсдөө том хожих “тамга” атгаж суусан нь энэ. Гарцаагүй тохиох байсан зүйл гэнэт болсон нь санамсаргүй зүйл биш нь ойлгомжтой. Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулсан нь түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болгож буй ч намыг нь оролдох боломжгүй юм.

Тэгэхээр Н.Энхбаяртай, Н.Энхбаяргүй сонгуульд өрсөлдөрөөрөө өрсөлдөнө гэсэн үг. Ямар нэг юмны хүчин мөхөс талд явдаг уламжлалт сэтгэлгээтэй монголчууд юуг ч, яаж ч эргүүлж мэдэх онцлогтой. Эвсэл, хөдөлгөөн, бие даагчдад эергээр эргэхийг ч үгүйсгэхгүй. Энэ байдлыг тэд эсрэг нь тавихаа ч мартахгүй. “Ах” намуудын амлалт талаар болсон нь ард түмний санаа сэтгэлийг эргүүлчихээд байгаа. Сонгууль аль хуулиар явах нь тодорхойгүй.

Иргэний цахим үнэмлэх, саналын хуудас тоолох машин сэвтэй гээд л санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй өчнөөн зүйл өрнөх шинжтэй. Болж, бүтэж байгаа юм Монголд үгүй болсон энэ цаг үед болгоомжтой байхгүй бол бидний цөөхөн нөхөд ихийг биш, бүгдийг ч алдаж мэдэшгүй байна. Бүх юм баларч, замхрах нь дээ, монголчууд аа.
Г.Мөнх (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих