Нутаг усаа өмгөөлж чадахгүй Ерөнхийлөгч улсаа өмөөрч чадах уу
Ерөнхийлөгч өө, таны төрсөн нутагт үйл ажиллагаагаа явуулдаг Хөшөөтийн уурхайг төр хамгаалалтадаа авъя аа.
Ховд аймгийн Дарви сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Хөшөөтийн уурхайг “Мон Эн Ко” гэх 100 хувийн хятадын хөрөнгө оруулалттай компани эзэмшин Ховдыг “хонхор” болгох нь ээ.
Үе үеийн яамдын толгойд, ус нутгийн иргэд тус ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад оруулахаар санал гаргадаг ч хуулийн гадуур үлддэг нь ямар учиртайг асууя.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл уг асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ оны нэгдүгээр сарын дундуур Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байдаг. Өдгөө энэ асуудал юу болж байгааг дуулгана уу. Хэдийгээр манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь уул уурхайгаас орж ирэх орлого хэмээн дээдсүүд ярьдаг ч цоож, цуургагүй авдар шиг орхиж боломгүйг ухах хэмжээний мэдлэгтнүүд төрд гарсан хэмээн сэтгэж ард түмэн харсаар байгаа ч асуудал таг чимээгүй хэвээр байгааг сануулъя.
2007 онд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” компани тус ордыг худалдан авч нэмэлт хайгуул хийн, лицензийг нь эзэмшсэнээр асуудал яригдаж эхэлсэн. Тухайн ондоо “Мон-Эн Ко” компани хайгуул хийж, 87.5 сая тонн нөөцтэй хэмээн тайлан гаргасныг “Эрдэс баялгийн зөвлөл” дэмжиж, АМХЭГ-ын дарга тушаалаараа баталж байжээ. Гэтэл “Мон Эн Ко” компани нь Австралийн “Лейтон” компанитай хамтран, 460 сая тонн нүүрс олборлох гэрээг 220 сая ам долларын өртөгтэйгөөр хийсэн талаар “Лейтон” компанийн мэдэгдлийг Блумбергийн вебсайт зарласан байдаг.
Дарви, Хөшөөт, Цэцэг, Зэрэг, Мөст, Манхан, Алтай, Үенч гэсэн Ховд аймгийн зургаан сумын нутгийг хамарсан 17 нүүрсний уурхайг тус компани худалдан авч Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гарган, 27 тэрбум хонконг долларын хөрөнгө босгосон гэдгийг хэвлэлээр цацсан. Нэг ч монголын хүний нэр хувьцаа эзэмшигч дотор нь байдаггүй гэдэг ч эргэлзээтэй байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр Цолмон хатагтайн нэр хүртэл нэг хэсэг холбогдож байсан төдийгүй өнөөх У.Барсболд, тэр ч бүү хэл Аймгийн Засаг ноён Г.Нямдаваа, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гэх мэт нөхдийн нэр ч ил далд яригддаг нь өнөөг хүртэл стратегийн орд болоогүйн нөлөө ч байж мэдэхийг учир мэдэх хүмүүс хэлнэ билээ. Сонин юм шүү.
Ерөнхийлөгчийн төрсөн нутагт хэн ч, хаанаас нь ч харсан харийнхны дарангуйлал, эзэрхийлэл явагдаад байхад Цахиа гуайн хүү тоосон ч шинжгүй өдийг хүрчихлээ. Нутгийнхан хүүдээ Мон Эн Ко-гийн босгосон, ухсан, самарч байгаа хар алтны шүүрс алдам гунигт түүхийг захидлаар илгээдэггүй л юм байх даа.
Баттай эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхийлөгч орон нутагтаа очоод шаардлага тавьсан ч цаадуул нь нохой хуцаж байгаа чинээ ч ойшоогоогүй гэдэг юм билээ. Ерөнхийлөгч аялалаа дуусгаад дахин уугуул нутаг руугаа бүхэл бүтэн баг илгээсэн ч “Мон Эн Ко” хөлөө тушуулаагүй гэдгийг нутгийнхан ч мэддэг юм билээ. 2007 онд УИХ-аас стратегийн ордын жагсаалтыг батлахад Хөшөөтийн орд (23.5 сая тонн нөөцтэй гэж үзэж байгаа) ороогүй.
Гэвч үүнээс бага нөөцтэй “Баян тээг”, “Нүүрст хотгор” стратегийн ордод орсон байдгийг салбарын эрдэмтэд ч хэлнэ. Манай улсын Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Хөшөөтийн уурхай эхний жилдээ буюу 2011 онд 7.3 тэрбум төгрөгийн төлбөр төлөвлөж байсан нь 4.3 хувь болж, цаашид олборлолт өсөхөд 5 хувиас дээш гарахаар байгаа гэж үзэж байгаа аж. Хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр Хөшөөтийн орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын үндсэн шалгуурыг хангаж байгаагаар үл барам Тавантолгойн ордын дараа орох нөөцтэй гэгддэг.
Тодруулбал, 1971 онд хайгуул хийж нөөцийг нь тогтоосон Хөшөөтийн ордын нөөц 2.4 тэрбум гэсэн бол Тавантолгойн орд 6.6 тэрбум тоннын нөөцтэйгөөр нэгдүгээрт бичигддэг аж. Тэгэхээр Ерөнхийлөгчийн нутгийн хөрс дор харийнхныг дэлхийн топ баячуудын эгнээ рүү татаж буй Хөшөөтийн ордыг эзний ёсоор өөд нь татвал иргэдээ ядруухан зутруухан байлгахааргүй өглөг хишигтэй монголын хоёрдогч том орд хэмээгдэх нь гарцаагүй байна.
Тавантолгойн ордын нүүрсний илчлэг чанар 6500-7500 ккалор байдаг бол Хөшөөтийн ордынх 7411 ккалор гэнэ. Өөрөөр хэлбэл, тус ордын нүүрсний коксжих чанар нь маш сайн гэдгийг ЭБЭХЯ-наас тогтоожээ. Харь эздээ олон улсын хөрөнгө, хар алтны зах зээлд толгой баячуудын эгнээ рүү тавхан жилийн хугацаанд гаргаж алдаршуулж орхисон тус ордыг өдий болтол хамгаалахгүй байгаагийн учир юусан билээ. Тэгвэл
Ерөнхийлөгч өө таниас асууя. Та нөхдийн баталж, санаачилсан дараах хуулийн альхан хөлд нь Хөшөөт үрэгдчихэв ээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.4.Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, Монгол Улсын ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” гэж заасан байдаг.
Хөшөөтийн ордын хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод орсноор монголын ард иргэд буюу төр тодорхой хувийг хүртэж болох талаар МУ-ын Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно.” мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэж тус тус заасан байна.
Гэтэл өдгөө Хөшөөтөд хүн, газар нутаг, мал амьтан дайжихаар нөхцөл бүрдчихээд байгааг юу гэх вэ. Үнэхээр ус нутгаа өмгөөлж чадахгүй Ерөнхийлөгч улс орноо өмөөрч чадах уу.
М.Хатанбүүвэй
Нийгмийн толь
URL:













