Баримт чинь үнэн бол Д.Сугарыг баривчлаач, Д.Дорлигжав прокурор оо

sugar-middleД.Сугар Токиогийн баячуудын хороололд байртай. Байрныхаа түлхүүрийг анх эхнэрийнхээ хамт хүлээн авч байсан…

Ийм мэдээлэл сүүлийн үед хэвлэлээс салахаа болив. Харин өчигдөр Д.Сугар эхнэрийн хамт Токиогийн гудамжинд байрны түлхүүр хүнээс аваад зогсож буй зураг олон нийтэд цацагдлаа. Хэрэв энэ мэдээлэл үнэн бодит баримт бол цагдаагийнхан гүйж очоод Д.Сугарыг баривчлах ёстой бус уу. Харин худал бол ТӨХ-ны дарга асан өөрөө тайлбар хийх ёстойсон.

Ингэж бодоод байр суурийг нь тодруулахаар Д.Сугартай холбогдоход “Одоо ярилцлага өгөх боломжгүй. Үйл явдлыг харах хэрэгтэй байна. Зохион байгуулалттайгаар мэдээлэл явуулж байна” хэмээн ярьсан юм.

МИАТ-ийн гэх тодотголтой энэхүү хэргийг шалгаж буй УМБГ-аас “МИАТ-ийн хэрэгт есөн хүн холбогдсон. Д.Сугар тэр дунд багтаагүй. Гэхдээ түүнээс асууж тодруулах зүйл байгаа. Түүнээс биш сэжигтнээр татаагүй. Цаашид яах нь тодорхойгүй байна.

Д.Сугарын бүрэн эрх

УМБГ-аас Д.Сугарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаж, УЕПГ-т хүргүүлсэн билээ. Харин түүнийг нь УЕПГ Үндсэн хуулийн Цэц рүү явуулсан. Гэвч Цэцийн гишүүд хуралдаад Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Харин энэ долоо хоногт УЕПГ дахин Цэцэд хандаж, хүсэлт явуулсан гэх мэдээлэл байгаа.

Д.Сугар бол Үндсэн хуулийн Цэцийн гишүүн. Тиймээс УИХ-ын гишүүнтэй адил бүрэн эрхтэй. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулинд зааснаар бол гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотолгоо баримттайгаар баривчлахаас бусад тохиолдолд Цэцийн зөвшөөрөлгүйгээр элдэв хэрэгт холбогдуулж болохгүй аж.

Баривчлах, албадан саатуулах, эрүүгийн хариуцлагад татах, эсвэл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, эд зүйлийг нь хурааж авах бүгд хориотой. Харин Цэцийн гишүүний бүрэн эрхийг Цэцийн хуралдааны шийдвэр гарсны дараа УИХ-аар хэлэлцүүлж байж түдгэлзүүлэх боломжтой юм. Хэрэв шаардлагатай гэж үзвэл тухайн үед нь анх хүсэлт тавьсан байгууллага болон Цэцийн шийдвэрийг хамтад нь чуулганаар хэлэлцэх хуультай. Харин Цэцийн шийдвэр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гардаг.

Ямартай ч энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүд Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзжээ. Хэрэв УЕПГ удаа дараалан хүсэлт явуулаад байвал нөхцөл байдал хаашаа эргэх вэ гэдэг бас л сонин. Учир нь Ерөнхий прокурорт ингэх эрх нь бий юм.

МИАТ-ийн мөнгө угаасан хэрэгт хэрхэн холбогдов

МИАТ-ийн хөрөнгийг завшиж, мөнгө угаасан  хэрэгт одоо есөн хүнийг шалгаж, хориод байгаа. Тэр дунд “Mongolian Airlines”-ын эзэн Ч.Хоролсүрэн, түүний дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ-ийн захирал асан Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, ТӨХ-ны ажилтан С.Батхишиг, Б.Эрдэнэбилэгийн дүү Б.Мандахбаяр нар багтсан.

УЕПГ-аас мэдэгдсэнээр бол энэ хэргийг анх 2011 оноос шалгаж эхэлсэн юм. Гэвч шалгалтын явц удааширчихаад байсныг энэ он гарснаас хойш эрчимжүүлжээ.

МИАТ-ийг 2006 оноос эхлэн дайны эрсдэлийн даатгалд хамруулсан. Түүнээс хойш үүнд зориулж төрөөс гаргасан 982 мянган ам.долларыг Японд харьяалалтай ч Хонконгод байрлалтай “Best wealth aviation insurance group” хэмээх даатгалын компани руу шилжүүлснийг тогтоосон юм. Харин энэ компанийг зөвхөн даатгалын мөнгийг хүлээж авах зорилгоор байгуулсан гэдгийг нотолжээ. Хожим нь эндэхийн данснаас 4.7 сая ам.доллар нь Монгол руу буцаж ирсэн ба тэднийг хүлээж авсан хүмүүсийг хуулийнхан тогтоосон байна.

Д.Сугарын хувьд тухайн үед ТӨХ-ны даргаар ажиллаж байсан. Гэвч хэвлэлүүдэд гарсан мэдээлэлд дурьдсанаар бол түүнийг Хонконгийн “HSBC” банкаар дамжуулан хоёр удаа мөнгө хүлээж авсан хэмээж байгаа. Мөн ТӨХ-ны дарга байхдаа Токио дахь МИАТ-ийн төлөөлөгчийн газрын ерөнхий төлөөлөгчийн зөвлөхийн албыг давхар хашихын зэрэгцээ тухайн үед түүнийг МИАТ-ийн ТУЗ-ийн дарга хэмээн тодорхойлдог байсан тухай баримтуудыг дэлгэжээ.  Мэдээж хэрэг, үүнийг Д.Сугар үгүйсгэсэн. Тэрбээр ТӨХ-ны дарга байхдаа МИАТ-ийн удирдлагууд мөнгө угаасан гэдгийг мэдээгүй хэмээн мэдэгдсэн юм.

Токиогийн баячуудын хороолол дахь байшин

Зарим хэвлэлд гарснаар бол 2008 оны тавдугаар сард Токиогийн Адачи хэмээн дүүргийн баячуудын хороололд Д.Сугарын байшин бий гэнэ. “Mongolian Airlines”-ын эзэн Ч.Хоролсүрэн энэ байрыг 48 сая иенээр худалдаж аваад хожим нь Д.Сугарт өгсөн гэх. Харин тухайн үед ТӨХ-ны дарга байсан тэрбээр эхнэрийн хамт Токиод очиж байрныхаа түлхүүрийг хүлээж авч байгаа зураг хэвлэлд гарсныг дээр дурьдсан билээ.

Монгол мөнгөөр 500 гаруй сая төгрөгийн үнэд хүрэх тэрхүү байрны түлхүүрийг авч Д.Сугар гардан авчихаад эхнэртэйгээ жигтэйхэн аз жаргалтайгаар авахуулсан зураг чухам үнэн бодит баримт уу. Аль эсвэл өөр орчинд авахуулсан зургийг нь ийнхүү эгзэгтэй мөчид цацав уу. Хэрэв Д.Сугар эдгээр баримтыг худлаа гэдгийг нотлохгүй бол зөвшөөрсөнтэй адилхан хэрэг болно. Гэвч тэрбээр нэгэнтээ “МИАТ-ийнхан гэж Засгийн газарт ч дийлддэггүй хэмжээлшгүй эрхт дарга нарыг цэгцлэх цаг болсон” ТӨХ-ны дарга байхдаа хэлж байсан билээ. Тэгэхээр бас л эргэлзээтэй. Хэрэв дээрх зураг үнэн юм бол түүнийг Үндсэн хуулийн Цэц хамгаалах үндэслэлгүй болж байх шиг. Учир нь Д.Сугарыг гэмт хэрэг үйлдэж буйг шууд нотлох баримт олдлоо гэсэн үг. Тэгэхээр түүний хэлсэнчлэн цаашид юу болохыг харж л байя.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих