Ш.Сайхансамбуу: Өглөө үүрээр гэнэт гал гарна гэдэг сэжигтэй байгаа юм

76s“Нарантуул” худалдааны төвд өнгөрсөн сарын 23-нд гал гарч, олон түрээслэгч хохироод байгаа билээ.

Гал гарсны дараа хүмүүс хувь хувьдаа янз бүрийн таамаг дэвшүүлсэн. Гэхдээ хамгийн хүчтэй яригдаж байгаа таамаг нь санаатай гал тавьсан гэх яриа. Ийм хардалтыг “Нарантуул” захыг үүсгэн байгуулагч, УИ Х-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу ч дотроо тээж яваа аж.

Тэрбээр энэ долоо хоногт галын тухай ярихдаа ч түүнийгээ нуулгүй хэлсэн байсан. Тодруулбал, “Гадны нөлөө ч байна уу, дотны нөлөө ч байна уу, ямар ч байсан галын нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллага тогтоож өгөхөөс арга байхгүй. 70-130 метртэй хоёр том дээвэр яахаараа хоёрхон цагийн дотор шатаад уначихдаг юм. Тэгсэн мөртлөө есөн метр хуванцар эдийн зарим нь шатаагүй. Миний хувьд галын байгууллагын дүгнэлтийг хараад сууж байна. Энэ гал хорлон сүйтгэх ажиллагаа ч байж болно шүү дээ. Хэн болохгүй гэх юм бэ. Гэнэт ийм гал өглөө үүрээр гарна гэдэг чинь сэжигтэй л байна даа.

Одоогоор харуулууд, харуулын ээлжийн ахлагч, цахилгаанчин гээд бүгдийг нь шалгаж байгаа. Бүгдээрээ манай ажилчид. Тэгээд галын нөхцөл байдал, дүгнэлт нь ийм байна гээд цагдаагийн байгууллагад өгчихөөр мөрдөн байцаах ажиллагааг илүү дэлгэрүүлэн шалгана гэсэн үг. Цахилгааны улмаас шатсан уу, дотроосоо шатсан уу гээд тогтоогоод цаашаа ажиллагаа явагдах ёстой. Хуулийн байгууллага хэнийг яаж, шалгах вэ гэдгээ биднээр заалгахгүй. Хамгийн гол нь гал тавьсан эзнийг нь олох ёстой. Нэг хүн гал тавьсан байж таарна шүү дээ. Цахилгаанаас юм уу, өөр ямар нэгэн зүйлээс гал гарах ямар ч үндэс байхгүй. Галын байгууллага жилд хоёр удаа үзлэг хийдэг. Тэгээд дээрээс нь шаардлага тавьдаг, шаардлагыг нь бид биелүүлнэ. Шалгалт бол хангалттай их явагддаг байсан” хэмээн ярьжээ.

Гэхдээ тэрбээр “Дүнжингарав” худалдааны төвийнхөн санаатайгаар шатаасан байх магадлалтай гэх яриаг эрс үгүйсгэсэн байсан. Гэсэн хэдий ч түүний ярианаас илт хардалт мэдрэгдэж байгаа юм. Ямар ч байсан “Нарантуул” худалдааны төвд гарсан гал гадных байна уу, дотроосоо байна уу гэдэг нь чухал биш. Цаашид олон янзын худалдааны төвүүд гал гарах эрсдэлээ сайн шалгаж, харуул хамгаалалтаа чангатгах хэрэгтэй болжээ гэдгийг дахин дахин сануулсан хэрэг боллоо.

Ц.Нямдорж: Монголбанк мөнгөний бодлогыг барьдаг газар биш

Засгийн газрын кассын үүрэг гүйцэтгэгч болсон Сүүлийн үед ам.доллар, юанийн ханш өсч, гадны хөрөнгө оруулалт болон эдийн засгийн өсөлт буурч байгаа талаар олон хүн ярих болсон.

Энэ бүхний шалтгааныг эдийн засагчид янз бүрээр л тайлбарлаж байгаа. Зарим нь бүр эдийн засаг яагаа ч үгүй гэж ярьж, эерүүлж буй.

Тэгвэл УИ Х-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж улс орны өнөөгийн нөхцөл байдлын талаар хатуухан үг хэлжээ. Тэрбээр “Эдийн засгийн байдлын нэг хэсэг нь хүндэрчихлээ, нөгөө нь хүндрээгүй гээд хоорондоо маргалдах нь утгагүй. Тэгээд ч дэндүү ойлгомжтой зүйл дээр маргах нь дэмий шүү дээ. Эдийн засгийн байдал хүндэрсэн нь үнэн. Гэхдээ Хятад, Орос, Солонгос, Японы эдийн засаг тогтвортой байна.

Монгол Улстай голлон харьцдаг эдгээр улсын эдийн засаг тогтвортой байхад манайд шинэчлэлийн Засгийн газар гарснаас хойш ганцхан жилийн дотор эдийн засаг ямар хурдацтай унаж байна вэ гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Энэ хүндрэлд гадны ямар нэгэн нөлөө байхгүй. Зөвхөн дотооддоо төрөө удирдаж чадахгүй байгаатай холбоотой. Товчхондоо, улс төрийн зорилготой шоу, үзэсгэлэн яармагийн гор нь ингэж гарч байгаа юм. Жишээ нь, сүүлийн арван жил тогтвортой 1300 төгрөг байсан ам.долларын ханш хоёрхон сарын дотор 1600 төгрөгт хүрсэн нь эрүүл үзэгдэл мөн үү.

Үүнийг Засгийн газар хямрал биш гэх үү. Өнгөрсөн онд Засгийн эрх шилжүүлж байхад гадаадын хөрөнгө оруулагч 470 гаруй аж ахуй нэгж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо 50 хувиар буурлаа. Гадаад орчин ингэж хумигдаж байгаа нь Монголын эдийн засагт аюултай сөрөг үр дагавар авч ирэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, бүтэн 20 жил зүтгэж байж гадаадынхны дунд бий болгосон итгэл гэдэг юм алга болж байна. Монголын төр найдваргүй. Нэг нь гарч ирэхээрээ нөгөөгөө үгүйсгэдэг.

Ингэж эдийн засгаа улс төрийн зорилгоор хорлодог гэсэн дүгнэлт гадныхны дунд бий болоод ирэхээр ойрын арван жилд энэ итгэлийг ахин олж чадахгүй. Зарим нэг хүмүүс эдийн засаг хүндрээгүй гээд байгаа. Одоохондоо эдийн засаг тартагтаа тулаагүй байна. Энэ янзаараа ахин нэг жил явахад л тартагтаа тулна. Эсвэл тартагт нь тултал унагаж авах гээд байгаа юм уу. Энд тэнд эдийн засаг, байгалийн аюулт үзэгдлүүд болоод байна. Үүнээс яагаад дохио авахгүй байна вэ. Хийх гэж бодоод байгаа бол энэ онцгой нөхцөл байдлыг сайтар судалж үзээрэй, тэнд эвгүй юм болж байна шүү гэж Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард би хэлж л байсан.

Хоёрхон жилийн өмнө Монгол Кипр шиг болно гээд байсан биз. Одоо гэтэл яав. Яагаад ийм байдалд хүрэв гэвэл, Н.Золжаргал гэдэг хүн Монголбанкны захирлаар очсоноос болсон. Монголбанк мөнгөний бодлогыг барьдаг газар биш Засгийн газрын даалгавар биелүүлэгч, кассын үүрэг гүйцэтгэгч байгууллага болсон” гэжээ. Ц.Нямдорж гишүүний хэлж байгааг буруутгах, зөвтгөх ч арга байхгүй. Гадаад валютын өсөлт хэрээс хэтэрч, хөрөнгө оруулалт багасч байгаа нь үнэн. Гэхдээ эрх баригчид энэ бүхнийг эмхэлж цэгцлэх арга хэмжээ авч, хөдлөх буй за.
З.Энхболд: Эдийн засаг 11 хувийн өсөлттэй байгаа

Улс орны эдийн засгийн байдлаар толгойтой бүхэн үзэл бодлоо илэрхийлж, зарим нь эрх баригч намыг ил буруутгаж байгаа.

Тэгвэл үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд зарим зүйлийг хэлжээ. Түүний хэлж буйгаар эдийн засаг хямраагүй. Харин ч манай улсын эдийн засаг 11 хувийн өсөлттэй байгаа. Түүгээр ч барахгүй 3000 ажлын байр шинээр бий болсон байна. Ийм байхад эдийн засгийн хямрал гэж ярих нь өрөөсгөл хэрэг гэнэ. Харин эдийн засгийн хүндрэл гэвэл илүү оновчтой аж.

Байдал ийм байхад зарим хүмүүс аливааг харлуулах гээд хямрал боллоо, үхлээ хатлаа гээд байгаа гэдгийг ч УИХ-ын дарга хэлжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулалтын талаар “Мэдээж хүндрэлүүд бол байна. УИ Х нийт ард түмний хүсэл бодлын толь. Лицензийн наймаа гаарлаа, байгаль орчин бохирдуулж байна, ерөөсөө лиценз олголтыг зогсоо гэдэг шаардлага 2008, 2012 оны Улсын их хуралд хүчтэй нөлөөлсөн.

Ерөнхийлөгч зарлиг гаргаж лиценз олголтыг зогсоосон. Тэгэхээр уул уурхайн салбарын уналтыг төрийн бодлогоор, сонгогчдынхоо захиалгаар хийсэн гэж хэлж болно. Тэр бүхний үр дүн өнөөдөр ингэж хуримтлагдаж гарч ирж байна. Хөрөнгө оруулалт нэг л өдөр зогсчихоогүй. Ашигт малтмалын лиценз хориотой хэвээр байгаа. Олгосон лицензүүдээрээ Монгол Улс хөгжих бүрэн боломжтой учраас нэмж лиценз олгох шаардлагагүй гэж үзэж байна.

Цаг зуурын бэрхшээл үүссэн үү гэвэл үүссэн. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ бүх нэр төрлөөрөө буурсан. Үүнийг дагаад гадаад худалдааны эргэлт муудаж байгаа. Нэг тонн нүүрс зараад 100 ам.доллар олдог байсан бол одоо нэг тонн нүүрс зараад 50 ам.доллар олж байна. Тэгэхээр нүүрсээ өмнө гаргадаг байсан хэмжээгээрээ экспортолж зарсан ч гэсэн олдог орлого нь хоёр дахин багассан гэсэн үг.

Гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан. Шалтгаан нь Оюутолгойтой холбоотой. Энэ төсөл хоёр үе шатттай. Эхний шатны хөрөнгө оруулалт нь дууссан. Ил уурхайд дахиж хөрөнгө оруулах шаардлагагүй, ажиллаад эхэлчихсэн. Монгол Улс “Эрдэнэт”-ийн хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг ил уурхайтай болоод байна. Далд хэсгээс зэсийн хүдэр гаргаж ирэхэд дараагийн шатны хөрөнгө оруулалтыг зарахаар байгаа. Хөрөнгө оруулалтын хувьд тоон дээрээ тохиролцохгүй байна. Ил уурхайн хөрөнгө оруулалтын тоон дээр ч гэсэн тохиролцож чадахгүй байгаа. Монголд оруулсан хөрөнгө оруулалт гэж юуг хэлэхийг хуульд маш тодорхой заагаад өгчихсөн. Хуулиараа бол бодитойгоор орж ирсэн хөрөнгө оруулалтыг л хөрөнгө оруулалтад тооцдог. Дэлхийн хаа нэг газар гаргасан зардал тооцогдох боломжгүй. Ерөөсөө хууль нь тийм юм” хэмээн нарийн тайлбарласан байна.

У.Мөнх-Эрдэнэ: З.Энхзориг миний хэмжээнд хүрэхгүй

Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал буцалж эхэлж байгаа энэ үед спортын салбарт ч гэсэн багагүй “үймээн” дэгдээд байгаа. Ирэх сард Казахстаны Алмата хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ болно. Энэ тэмцээний 64 кг-ын жинд манай улсаас хэн оролцох нь одоогийн байдлаар эцэслэн тодроогүй байгаа юм. Монгол Улсын боксын холбооноос З.Энхзоригийг явуулна хэмээн мэдэгдэж байгаа.

Харин энэ шийдвэртэй МУГТ У.Мөнх-Эрдэнэ санал нийлэхгүй, эрс эсэргүүцэж байна. Уг нь холбооныхон У.Мөнх-Эрдэнийг хүндэтгээд хоёр боксчны дунд сорилго хийе гэж байгаа ч тэрбээр өөрөө зөвшөөрөхгүй байгаа. Нэг ёсондоо сорилго хийхгүйгээр өөрийгөө явах ёстой гэж үзэж байгаа гэдгээ мэдэгдсэн.

Тэрбээр “Би Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн. Тэр тэмцээнд дэлхийн чансааны эхний аравт бичигддэг 3-4 тамирчин байсан. Би бүгдийг нь ялаад, ямар бэлтгэлтэй байгаагаа олон улсын шүүгч нарын өмнө харуулчихаад ирсэн. Тэгээд ч би 64 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлж байгаа.

Харин З.Энхзориг оюутнуудын тэмцээнд оролцсон ч медаль авч чадаагүй. Оюутны тэмцээнээс медаль авч чадаагүй хүнтэй намайг жишиж, сорилго хийх гээд байгааг ойлгохгүй байна. Энэ бүхний цаана ямар нэг тохиролцоо байна” хэмээн мэдэгдсэн юм. Уг нь З.Энхзориг 2013 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Улсын аварга болсон хүнийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулна гэсэн шийдвэрийг холбоо баримталдаг юм билээ. Гэхдээ л У.Мөнх-Эрдэнийг хүндлээд, сорилго хийе гэж байхад эсэргүүцээд байгаа нь сонирхол татаад байна.

Уг нь У.Мөнх-Эрдэнэ тийм сайн бэлтгэлтэй бол сорилгод ороод, З.Энхзоригийг “зодчихоод” дэлхийн аваргад явчихмаар. Гэтэл татгалзаад байгаа нь нэг л учиртай. У.Мөнх-Эрдэнэ эсвэл айж байж ч болох.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих