70 мянган төгрөг эцэг, эхчүүдэд их нэмэр болдог

WomenHeadMoneyЭдийн засгийн хямралтай холбон оюутан бүрт олгож байсан 70 мянган төгрөгийг цаашид олгохгүй гэсэн мэдээлэл хэсэг хугацаанд гарсан. Гэхдээ БШУ-ны сайд Л.Гантөмөр цаашдаа энэ мөнгийг оюутнуудад олгосон хэвээр байна хэмээсэн.

Харин иргэд 70 мянган төгрөгийн талаар ямар бодолтой байгааг сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн Д.Оюунаа: Төлбөр нэмэгдсэн ч сар бүр 70 мянгаа авч байгаа шүү дээ  

-Миний хувьд одоогоор оюутангүй. Гэхдээ манай хамаатан саданд оюутан олон бий. Тэдэнд их л нэмэр болж байгаагаа ярьдаг юм. Тэгэхээр энэ мөнгийг олгож байсан нь зөв гэж бодож байна. Өнөөдөр эдийн засаг хямарлаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ гэж хүн бүр л ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор ядаж оюутнууд нь аав ээжээсээ мөнгө нэхэхгүй тус болж байвал хэрэгтэй шүү дээ. Сургалтын төлбөр нэмэгдлээ гэж байгаа. Миний хувьд үүнийг дэмждэг. Төлбөр нэмэгдсэн ч оюутнууд эргүүлээд 70 мянган төгрөгөө сар бүр авч байгаа шүү дээ.

Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Тунгаа: Хүн бүрт хэрэгтэйг нь өнгөрсөн жилүүдэд мэдсэн  

-Хүн бүрт хэрэгтэйг нь өнгөрсөн жилүүдэд мэдсэн шүү дээ. Эгчийх нь хувьд нэг оюутантай. Бидний амьдралд тус болсон л гэж хэлмээр байна. Энэ мөнгийг өгөхгүй зогсоовол олон айл хүүхдээ сургаж чадахгүйд хүрч мэднэ. Яагаад гэхээр өнөөдөр амьжиргааны төвшин доогуур айлын хүүхдүүд энэ мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлж байгаа нь үнэн. Тийм болохоор яг очих хүндээ очиж, хэрэг болж байгаа болохоор үргэлжлүүлэн олгох нь зөв.

Сонгинохайрхан дүүргийн иргэн М.Ганболд: Үргэлжлүүлэн олгоосой

-Миний хувьд нэг оюутантай. Өнгөрсөн жил сар бүр 70 мянган төгрөг авч байсан нь бидэнд багагүй хэрэг болсон. Тийм болохоор энэ мөнгийг олгоосой гэж бодож байгаа. Харин сүүлийн жилүүдэд сургалтын төлбөр нэмэгдэж байгаад тааламжгүй ханддаг. Өнөөдөр бидний цалин хоол унднаас илүү гарахгүй байхад хүүхдийн сургалтын төлбөрийг нэмж байгаа нь буруу.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Нямханд: Өгч байх нь зөв  

-70 мянган төгрөгийг өгч байх нь зөв гэж бодож байна. Оюутан хүүхдүүдэд ажил хийх боломж хомс, байнга аав ээжээсээ мөнгө авах болдог. Гэтэл байнга мөнгө төгрөг өгөөд байх эцэг эх хэд билээ. Тийм болохоор энэ мөнгийг үргэлжүүлэн өгөх нь зүйтэй. Миний хувьд нэг оюутантай. Өнгөрсөн жил авч байсан нь их хэрэг болсон. Харин тухайн мөнгөө цаг тухайд нь өгөх нь ховор байсан. Манай хүүхэд энэ мөнгөө сургалтын төлбөртөө нэмэрлэхээс гадна, ойр зуурын унааны мөнгө, өөрийн хэрэглээгээ хангаад болдог байсан. Сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор амьдралд нэмэр болж байгаад баяртай байдаг. Энэ жил сургалтын төлбөрөө бүрэн төлөхгүй бол хичээлд нь суулгахгүй гэсэн. Үүнээс болж орон нутгийн зарим хүүхдүүд хичээлдээ сууж чадахгүй нэг жилийн чөлөө аваад буцаж байна. Нэгэнт сурч байгаа юм хойно цаг алдалгүй сурч байвал хэрэг гэж боддог.

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Мягмарсүрэн: Энэ мөнгийг 100 мянга болгосон ч буруудахгүй  

-Өгсөн нь зөв. Миний хувьд энэ жил шинэ оюутантай болж байна. Тийм болохоор тэр мөнгийг хурдан өгөөсэй гэж боддог. Манай хүүхдийн сургалтын төлбөр 800 мянга гэж байгаа ч цалин багатай бидэнд бас л асуудал болж байна. Оюутан хүүхдүүдэд ажил хийх боломж хомс байгаа болохоор энэ мөнгийг бүр 100 мянга болгосон ч буруудахгүй. Саяхан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн шүү дээ. Тийм болохоор нэмж болох л байх.

Архангай аймгийн иргэн Н.Даваахүү: 70 мянган төгрөг эцэг, эхчүүдэд их нэмэр болдог  

-Миний хувьд оюутан байхгүй. Ойр хавийн хамаатсан саданд оюутан бий. Тэдэнд нэмэртэй л байх шиг харагддаг. Өмнө нь төрөөс зохицуулаад өгдөг байсан. Энэ жил тэр жишгийн дагуу өгөх л байх гэж бодож байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарч байгаа энэ үед хэрэг л болох мөнгө. 70 мянган төгрөг эцэг, эхчүүдэд их нэмэр болдог л мөнгө шүү дээ.

ЭЗҮД сургуулийн III курсын оюутан А.Батзориг: Аав, ээжээсээ мөнгө авахгүй, тэднийг зовоохгүй болоод байдаг

-Миний хувьд гуравдугаар курсын оюутан. Өнгөрсөн жилүүдэд энэ мөнгийг авч, өөрийн хэрэгцээндээ зарцуулсан. Аав, ээжээсээ мөнгө авахгүй, тэднийгээ зовоохгүй болоод байдаг юм. Харин миний бодож явдаг нэг зүйл гэвэл оюутнуудад цагийн ажил хийх боломжийг бий болгож өгөөсэй гэж боддог. Өөрсдийнхөө хүчээр мөнгө олж, хэрэгцээндээ зарцуулж байвал болно шүү дээ. Яах вэ хичээл ихтэй өдрүүддээ ажлаасаа чөлөөлөгдөж, боломжтой үеэрээ ажиллаж болно гэж боддог юм.

МУИС-ийн IV курсын оюутан А.Бат-Эрдэнэ: Хичээлдээ нэг ч суухгүй байж энэ мөнгийг авдаг оюутнууд бий  

-Энэ мөнгийг өгөхөө больж, зогсооно гэвэл өрөөсгөл л байх. Гэхдээ яг нүдээ олж олгогдвол сайн байх. Өөрөөр хэлбэл, амьжиргааны төвшин доогуур иргэдийн хүүхдэд ямар нэгэн шалгуурын хүрээнд өгсөн нь дээр байх. Түүнээс ямар ч утга учиргүй их мөнгө цацаад байвал хэцүү биз дээ. Яг амьдрал дээр хичээлдээ нэг ч явдаггүй хүүхэд энэ мөнгийг авч байна. Тийм болохоор зохицуулалтыг маш сайн хийж өгөх хэрэгтэй.

Миний хувьд энэ мөнгийг сүүлийн хоёр жил авч байна. Ойр зуурын хэрэгцээнд нэмэр болоод сайхан л байдаг юм. Ном сурах бичиг авахаас эхлүүлээд хэрэгтэй. Өнөөдрийн нийгэмд оюутан гэж дархлагдсан нэг сайхан хүмүүс гэдэг. Төрөөс сар бүр 70 мянган төгрөг авахаас гадна нийтийн тээвэрт үнэгүй явна гэж хэлдэг. Үүнийг буруу гэхгүй. Гэхдээ анх оюутан болох гэж буй сурагчдаас авдаг шалгалтыг маш өндөр төвшинд авах шаардлагатай юм шиг санагддаг.

Өнөөдөр манай улсад маш олон сургуульд олон мянган оюутан сурч байгаа ч амьдрал дээр гараад ажил хийх хүн ховор. Тиймээс ажилчин анги руугаа сургах тал руу чиглүүлж өгвөл зүйтэй байх гэж хэлмээр байна.

Э.Пагма


URL:

Сэтгэгдэл бичих