Хөдөлгөөнийхөн өнөөдрөөс нутаг чөлөөлнө

Их жанжны талбайгаас аажмаар шахагдсан Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, “Гал үндэстэн” холбооныхны тэмцэл эрх баригчдын хавчлага дарамтад алга болсон гэж иргэд үзэж байв. Тэд өнгөрсөн баасан гаригт Сүхбаатарын талбайд эргэн ирж, Төрийн ордон руу сум тавьж, олны анхаарлыг татав.

Сүхбаатарын талбайгаас аргагүйн эрхэнд гэрээ нүүлгэсэн тэд морьдоо хооллохын тулд Яармагийн дэнжид бууриа сэлгэн буусан байна. Өчигдөр тэд хэвлэлийнхнийг урьсан юм.

Гурван гэрээ тойруулан хэд хэдэн майхан барьж, зарим морьдоо хэц татан уясан харагдана. Үхэр өдөрТөрийн ордон руу нум сумаар харавсан тэд өнгөрөгч бямба гаригг буюу бар өдөр ОХУ-аас ирсэн өрөнхийлөгчийн замыг тосон “барын базалт хийх”-ээр төлөвлөсөн ч эрх баригчдын шахалт, хүчитгэсэн хамгаалалтаас шалтгаалан төлөвлөгөө нь бүтээгүй ажээ.

Тиймээс тэмцлийн дараагийн хэлбэр буюу нутаг чөлөөлөх ажиллагааг өнөөдөр буюу луу өдөр эхлэх болсон гэв. Хөдөлгөөнийнхөн аравтын системд хуваагдан Хангайн нурууны бүс нутаг, Сэлэнгийн сав газар, Хэнтийн нурууны ай саваар олборлолт явуулж буй уул уурхайн компаниудад тулган шаардах бичиг өгч, биелүүлэхгүй бол хүч хэрэглэхээ мэдэгдэж байна.

“Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр “Төр засгийн эрхмүүдийг гуйх цаг өнөөдрөөр дуусч байна. Тэд өөрчилж чадахгүй нь нэгэнт тодорхой байгаа учир өөрсдийн гараар хийхээр шийдсэн” хэмээв.

Нутаг чөлөөлөх ажиллагааны үеэр урт нэртэй хуулийн хүрээнд хамаарах бүхий л уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хаах зорилготой гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай, эрх баригчдын хамгийн их хутгалдсан уул уурхайн компаниудыг эхний ээлжинд “онилоод” байгаа бол дараагийн ээлжинд байгаль орчинд үзүүлсэн хор хохирлын хэмжээгээр тэргүүлж буй компаниуд руу чиглэх аж.

Түүнчлэн хоёр cap гаруй хугацаанд бүхий л хэлбэрээр тэмцэж, төр засгийн өндөрлөгүүдэд шаардлага, хүсэлт, хамтран ажиллах санал тавьсан ч нааштай хариу өгөөгүй учир тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсон гэж тайлбарлаж байна. “Пураам”, “Сентерра гоулд” компанийн төхник хэрэгсэл рүү буудаж, эрүүгийн хэрэгт татагдаад байгаа Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүний хэрэг шийдэгдээгүй байхад дахин хурц алхам хийх болсон нь сэтгүүлчдийн анхаарлыг татаж байв.

Уул уурхайн компаниудын зүгээс эсэргүүцэл ирвэл яах вэ, хууль хяналтынхнаас айхгүй байна уу, буу шийдэм хэрэглэх нь хууль зөрчсөн үйлдэл биш үү гэсэн сэтгүүлчдийн асуултад Ц.Мөнхбаяр “Тулган шаардалт өгөхөд хүлээж авахгүй бол галт зэвсэг хэрэглэх болно. Бид өөрсдөө алуулж болохгүй учир аргагүй хамгаалалт хэрэглэнэ шүү дээ. Гэхдээ бид хүн алахгүй.

Хаана хүрээд зогсох, юу хийхээ сайтар тооцоолсон. Манай гишүүд дэмжигчид аравтын системд орж, өргөсөн андгай тангаргаа биелүүлж оролцоно. Харин бусад хүчин зүйлээс нийгэмд эмх замбараагүй байдал үүсвэл Монгол Улсын төр,хууль хяналтын байгууллага анхааралдаа авах ёстой. Хэрэгт орчих болов уу гэж айх эрх байхгүй. Бидэнд өөр сонголт үлдээгүй” гэсэн юм.

“Нутаг чөлөөлөх” ажиллагаандаа тэд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулах хүсэлтэй байгаа гэнэ. Учир нь энэ ажиллагааг олон нийтэд нээлтгэй ил тод байлгах нь буруу ташаа ойлголт, мөргөлдөөнөөс сэргийлнэ гэв. Хэвлэлийн хурлын төгсгөлд морьтонгууд хос морь сэлгэн унах, ташуур шүүрэх үзүүлбэр үзүүлээд амжив. Энэ нь “дайлаар мордох бэлтгэлээ хангасан хэрэг” хэмээн Ц.Мөнхбаяр тайлбарлаж байлаа.

Орон нутгийг зорих аравт дотор эмэгтэйчүүд ч багтсан гэх. Хөдөлгөөнийхөн Монгол Улсын өнцөг булан бүрээс тодорхой хугацааны дараа аравт нь зуут, мянгат болон өргөжиж, 1000 морьтон нийслэлд ирэх гэнэ.

Ц.Мөнх
Эх сурвалж: “Зууны мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих