А.Амар сайд БНМАУ-ын тусгаар тогтнолыг анх 1925 онд Хятадаар хүлээн зөвшөөрүүлж байжээ

527-1400058602indexМонголын улс төрийн түүхэнд Ерөнхий сайдаар хоёронтаа сонгогдсон хоёрхон хүн байдаг агаад анхных нь Анандын Амар дараах нь Цахиагийн Элбэгдорж болно. Амар нь зөвхөн улс төрч, төрийн зүтгэлтэн бус бичгийн сэхээтэн түүхч байсан юм. Тал бүрийн боловсролтой хүмүүн байсан учраас Амараас дотоод, гадаадын эрх мэдэлтнүүд болгоомжлон хүндэтгэлтэй харьцаж байсан баримт бий.

1927 онд БНМАУ-ын Гадаад яамны сайд А.Амар МАХН-ын Төв хорооны орлогч дарга Н.Жадамбатай хамт Москвад очиход ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичерин хүлээн авч уулзжээ.

Тэгэхэд Амар сайдаас “Манай Монгол Улс аль ч улс оронтой харилцаатай байх эрмэлзэлтэй. Герман улсад манай оюутнууд суралцдаг ба бид Германы зургийн хэрэгсэл мэт соёлын бараа авдаг. Герман нь аливаа хэрэгт цэрэг, улс төрийн бодлогоо тулгадаггүй, их бага улс гэж ялгадаггүй орон” гэж ярьсан байдаг.

Энэ уулзалтын дараа Зөвлөлт Оросын Гадаад хэргийн ардын Комиссар Чичерин “Амар гэж сүрхий хүн бий шүү. Муу машин өгч болохгүй шүү” хэмээн өөрийн хүмүүстээ анхааруулан хэлж байсан байдаг юм. Монголын түүхчид БНМАУ-ыг Хятад 1945 онд л хүлээн зөвшөөрсөн гэж үздэг.

Гэтэл үнэн хэрэгтээ аль хорин жилийн өмнө БНМАУ-ын тугаар тогтнолыг Гоминданы Хятад хүлээн зөвшөөрчээ. Үүнийг Монгол-Хятадын дөрвөн зүйлт хэлэлцээр байгуулсан баримт нотолно. Тэр үед хятад нь гоминдан намын эрхшээлд байсан ба Сун Ятсен, Чан Кайши, Жан Золин зэрэг хоорондоо зөрчилтэй эрх мэдэлтнүүдийн гарт байжээ.

1925 оны гуравдугаар сарын 25-нд БНМАУ-ын Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн орлогч бөгөөд Гадаад явдлын яамны сайд А.Амар тэргүүтэй төлөөлөгчид Хятадад айлчлан хэлэлцээр хийжээ.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Коминтерны төлөөлөгч Т.Р.Рыскулов хэмээгч киргиз явсан ч Бээжинд очсон хойно түүнийг Г.Гэлэгсэнгийн хамт буцааж, оронд нь Н.Жадамба, Ц.Нацов хоёрыг илгээжээ.

Энэ нь ерөнхий сайдын орлогч, Гадаад яамны сайд А.Амарын Зөвлөлт Орос ба Коминтерны оролцоогүйгээр Монгол Улс дангаараа Хятадтай харилцах асуудлаа шийдэх сонирхолтой байсныг нотолдог. Энэ явдалд сэрдсэн ЗОУ-ын Монгол дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөх Линда ойр ойрхон (2-3 удаа) ирж “Өмнө зүг одсон төлөөлөгч нарт өгөх заавар”-аа шалгаж байсан баримт байна.

Энэ хэлэлцээр нэлээд сунжирсан боловч Монгол-Хятадын харилцааны дөрвөн зүйлт хэлэлцээр байгуулагдсанаас гадна хамгаас үнэ цэнэтэй ололт нь Хятадын зүүн социал-демократ хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Ли Дажао, Чен Дусю нарын дэмжлэгтэйгээр Хятад Улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

Энэ тухайд түүхч С.Баттогтох “Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд” гэдэг номондоо онцлон тэмдэглэсэн байдаг. Хорин жилийн хойно Гоминданы Хятад мөхөж БНХАУ байгуулагдсан хойно тэд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн болохоос биш аль эрт хятадууд Монголыг бие даасан орон гэж зөвшөөрөөд байсан нь тухайн үед Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд байсан А.Амарын гавьяа байлаа.

Большевик Зөвлөлт Оросоос хамаарахгүй оршин тогтнохыг эрмэлзсэн Амарт Кремль тааламжгүй хандах нь аргагүй. Тиймдээ ч түүнийг зайлуулж Х.Чойбалсанг Ерөнхий сайд болгох нь Москвагийн зорилт байлаа. Зөвхөн ЗОУ бус Амарын эсрэг ажилладаг дотоодын хүчин ч байсан аж.

Төв Хорооны дарга Ц.Дамбадорж, дэд дарга Н.Жадамба нарыг авч хаях далд ятгалга явуулга хийсэн П.Гэндэн, Ө.Бадрах нарын бодлоготой зөрөлдсөн нь А.Амарт сайнаар туссангүй.

Хазаар гүйлгэж явсан Гэндэн Улсын Бага Хурлын дарга байхдаа өөрийгөө хоёрдугаар Богд хэмээн Манзшир ламтай хөлчүүрэн согтуурч, хоёр хүнийг машинаар дайрч амь насыг нь бүрэлгээд зүгээр хоцорсонд Амар сайд цухалдаж байснаар үл барам Ө.Бадрахын салан тусгаарлах үзэл санааг эсэргүүцэж байсан нь зүүнтнүүдэд таалагдаагүй юм.

1934 оноос Амарыг ангуучлах явуулга эхэлсэн бөгөөд 1937 оны аравдугаар сарын 21-нд Малж, Ядамсүрэн, Самбуу, Дарьжав нарын нам засгийн 14 хүнийг баривчлан    өчиггүйгээр Сонгинохайрхан уулын арын жалганд харанхуй шөнөөр аваачиж буудан хорооход Чойбалсан халамцуу байсан бөгөөд “Энэ феодал Амарыг харж байна уу? Илүү нүх байвал үүнийг хамт булчих юмсан” гэснийг цөөнгүй хүн сонссон байдаг юм.

Тэгэхэд Чойбалсан ихэнх сайд дарга нарыг тэнд албаар аваачиж тэр хядлагыг үзүүлээд “Өөдгүй эсэргүү нарын үхэхийг харцгаа” гэж согтуурахад нь Амар сайд машиндаа суучихаад нүдээ анин хавсран наминчлахыг үзээд Чойбалсан ихэд Зэвүүцсэн гэлцдэг.

Коминтерны даалгавар, Кремлийн тушаалаар Монголд үйлдэж байсан завхрал нугалаа ба хэлмэгдүүлэлтэнд Амар сайд маш их харамсан жигшиж байжээ. 1939 оны гуравдугаар сард Амарыг ерөнхий сайдын албанаас нь халав.

Тэгэхийн тулд Москвагийн гар орж Төв Хороо, Засгийн газрын өргөтгөсөн бүгд хурлаар Амарыг хэлэлцэж МАХН-аас хөөсөн төдийгүй Засгийн газрын тэргүүнээс огцруулахад тэрбээр “Би олон жил хамт ажилласан журмын нөхдөөсөө салан одож байгаа нь нэн харамсалтай.

Чойбалсан шиг ар хударгаар бөгсөнд халуун жин тавьдаг халгаатай хүнээс болгоомжилж байгаарай” хэмээн хэлснийг түүх судлаачид онцолдог. Ер нь “Монголын төр, төрд зүтгэсэн хүндээ халгаатай” гэдэг үг эндээс л үндэстэй юм. Амарыг намаас хөөж, ажлаас хөөгөөд зогсохгүй гуравдугаар сарын 7-ны тэр шөнө шууд баривчлан цагдан хорьжээ.

Монголд байсан Зөвлөлт Оросын 17 дугэар армийн командлагч генерал Панин тэргүүтэй Кремлийн чекистүүд Амар сайдыг баривчлан Чита хотоор дамжуулан Москвад аваачиж Бутырийн шоронд хаяжээ. Түүнийг байцаан шүүх ажил хоёр жил дөрвөн cap үргэлжилсэн бөгөөд большевик оросуудын яргалал тамлагаанд хорссон Амар сайд “Би Оросын ард түмэнд хүндэтгэлтэй ханддаг. Харин улаан коммунистуудад дургүй хүрч байна” хэмээн шулуухан хэлжээ.

Энэ үгэнд Кремлийн эзэд маш ихээр зэвүүцэн хорссон нь лав. А.Амар сайд хоёр жил гаран хугацаагаар Зөвлөлтийн шоронд тамлагдаж яргалуулахдаа Зөвлөлт Оросын коммунист большевикуудыг дагахгүй гэдгээ мэдэгджээ.

Чойбалсан тэргүүтэй цөөнгүй монгол хүн Большевик Намд нууцаар элсэж Кремлийй даалгаврыг үг дуугүй дагахдаа тангарагласан бол Амар түүнийг хүлээн аваагүй юм. Бууж өгөхийг хүсээгүй А.Амарыг 1941 оны долдугаар сарын 10 буюу улсын баяр наадмын урьд шөнө Лувсаншарав, Мэнд, Лосол зэрэг бусад “Зөвлөлтийн эсэргүү” нөхдийнх нь хамт Москвад цаазлан хороожээ.

Тэгэхэд оросууд фашист Германтай дайтаж байсан цаг агаад Монголын нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдийг бүрэлгэн хороохдоо цаг заваа хайрлаагүй бөгөөд дүүжлүүрийн олс, бууны сумаа ч харамлаагүй байдаг юм. Зүтгэсэн хүндээ Монголын төр халгаатай гэдгээ ч БНМАУ-ын засаг төр нь ч тэр үед дахин батлаад авсан нь бүр эмгэнэлтэй.

Мөнхийн Амгалан

Эх сурвалж: “Алаг хорвоо” сонин


URL:

Сэтгэгдэл бичих