Монгол Улсын ЭМЯ-наас ЭБОЛА вирустэй холбоотой СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

f09efe__-_-_-__x800

- ЭМЯ-наас мэдээллээ -

Эбола вируст халдвараар дахин нэг эмнэлгийн ажилтан өвчилсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдлээ.

Энэ сарын 8-ны өдрийн байдлаар дэлхийн найман оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас баржээ. Энэ нь нийт өвчлөгсдийн дунд 4.9 хувийг эзэлж байна.

ДЭМБ-аас АНУ-д эбола вирусээр өвчилсөн хүн нас барсан тухай албан ёсоор мэдээлсэн байна.

АНУ-ын Техас мужийн эмнэлэгт Эбола вируст халдвараар эмчлэгдэж байгаад нас барсан өвчтөнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байсан эмнэлгийн ажилтанд тус вирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөний оношийг баталгаажуулах шинжилгээг АНУ-ын Атланта дахь Өвчний хяналт сэргийлэлтийн төв /ӨХСТ/-д хийгдэж байна. Өвчтөнд өнгөрөгч Баасан гарагийн /2014.10.10/ орой бага зэрэг халуурах шинж тэмдэг илэрчээ.

Эбола вируст халдвар дэлхий дахины анхаарлыг татаж, аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон тул иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

 Үүнд:

  •  Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа Баруун Африкийн улс орнууд, Испани, АНУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх,
  •  Эбола вируст халдвараар өвчилсөн хүнээс ялгарч буй биеийн бүхий л шингэн халдвартай тул аль болох төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх,
  •  Гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах,
  •  Таньтай ойр дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн байвал яаралтай ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандаж мэдээлэх,
  •  Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах,
  •  Эбола вируст халдварын талаарх сургалтад хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn болон ДЭМБ-ын www.who.int цахим хуудаснаас авч байх,
  •  Иргэн хүн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг сэрэмжлүүлж байна.

ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих