Хууль бусаар нэмсэн шүүгчдийн цалингийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

49a3e6c2670ff270originalУИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгдсэн чуулганаар улсын төсвийг хэлэлцэх үеэр шат шатны шүүгчид хэдэн төгрөгийн цалин авч байгааг ШЕЗ-өөс тодруулга авахыг хүсэв.  Түүний асуултад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хариулт өглөө. Тэрбээр анхан шатны шүүхийн шүүгчид 2.7 сая,  давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, дээд шүүхийн шүүгч  3.2 сая төгрөгийн цалин авч байгаа гэсэн хариулт өгөв. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэвээс хэзээнээс тус шүүхийн шүүгчийн цалин нэмэгдсэн талаар тодруулав.

Ж.Наранпүрэв “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоолын дагуу энэ аравдугаар сарын нэгнээс эхлэн Дээд шүүхийн шүүгчийн цалин нэмэгдсэн. Одоо Дээд шүүхийн шүүгч 3.2 сая, ерөнхий шүүгч 3.3 сая төгрөгийн цалин авч байна” гэсэн хариултыг өгөв. Харин УИХ-ын дарга “Дээд шүүхийн шүүгчийн цалинг тогтоосон УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр байхад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дураараа аашилдаг хүний тогтоолыг дагаж цалингаа нэмэх эрх та нарт байхгүй” хэмээн хатуухан шүүмжлэв.

Улмаар УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хороог энэ асуудалд анхаарал хандуулахыг сануулав.

УИХ-ын чуулганы үеэр хэдхэн минутад яригдаад өнгөрсөн шүүгчийн цалингийн нэмэгдэл  бол “хууль бус”.  Цаашлаад төсвийн хөрөнгөөс багагүй мөнгө гаргаж шүүгчдийн цалинг нэмсэн хариуцлагыг хэн үүрэх ёстойг ярих хэрэгтэй байх. Хууль зөрчиж нэмсэн мөнгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж төлөх үү, эсвэл шүүгчдийн цалингаас авах уу? гэдэг асуудал гарч ирж байгаа юм.

Угтаа бол Дээд шүүхийн шүүгчид 2.3 сая төгрөгийн цалинтай байсан ч  ШЕЗ-ий даргын тогтоолын дагуу тэдний цалин 900-1 сая төгрөгөөр нэмэгдсэн нь ийн УИХ-ын даргаас багагүй шүүмжлэлийг хүртлээ.

Цаашлаад төрийн байгууллагуудын цалин мөнгө хэн нэгний эрх ашгаар өөрчлөгдөөд байвал хэрхэх ёстой вэ гэсэн асуулт ч гарч ирж байна.

Уг нь Н.Лүндэндорж өөрөө “ШЕЗ хууль биелүүлдэг байгууллага” гэдгийг байнга онцолдог гэхэд болно. Гэвч УИХ-аас тогтоосон цалингийн хэмжээг тэрбээр өөрөө зөрчиж тогтоол гаргаад явж байх юм.

Мөн тэрбээр шүүгчдийн цалин угаасаа л маш өндөр байх ёстой гэж үздэг хүн. Энэ талаараа “Монгол Улс төрийн албан хаагчдын цалинг сүүлийн 23 жилд есөн удаа өөрчилсөн байдаг. Тэр бүгд дээрээ ямар нэг судалгаа хийж байгаагүй юм билээ. Бид шүүгчдийн цалинг УИХ эдийн засгийн хувьд хараат бус байх, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байна гэж тогтоосныг хууль биелүүлэгчийн хувьд ямар тоотой дүйцэхийг тодруулах үүднээс томоохон судалгааг хөндлөнгийн судалгааны байгууллагаар судлуулсан. Тэр судалгаанд тулгуурлаж шүүгчдийн дундаж цалин бүх нэмэгдэл нь ороод 5.5 сая төгрөг орчим байна гэж бид үзсэн. Үүнийг ам.долларт шилжүүлбэл 3150 орчим ам.доллар болж байгаа юм. Ер нь шүүгчийн цалин дэлхийн аль ч улсад өндөр байдаг. Тэгж байж шударга ёсоо хамгаалдаг” гэж байсан юм. Тэгвэл түүний хэлсэн шиг ийм өндөр хэмжээний цалин тогтоогдоогүй болохоор тэрбээр шүүгчдийнхээ цалинг 1 сая төгрөгөөр дур мэдэн нэмэв үү?

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих