Нийт Монголчуудын эрх ашгийн төлөө өөрийгөө шатаасан Э.Эрдэнийг БНСУ-д эмчлэхээр болжээ

Улс даяар эдийн засгийн хямрал нүүрлэж байна. Үүнийг дагаад ихэнх албан байгууллага цалингаа хугацаанд нь тавьж чадахгүй, улмаар ажилчдаа цомотгоход хүрч байгаа. Өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийх үеэр өөийгөө шатааж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгосон.

Тэрээр энэ шалтгаанаа “Эрдэнэс Тавантолгой ХК бидний олон удаагийн санал, хүсэлтийг үл тоож, асуудлыг шийдэхгүй явсан нь ийм байдалд хүргэсэн. Энэ бол аргаа барсандаа хийсэн зүйл. 200 ажилтны эрх ашгийн цаана нийт Монголчуудын эрх ашиг бий. 203 уурхайчин ажилгүй болох бус биднээс гадна ахиж 50 ажилтнаа оны өмнө, 200 гаруй ажилтнаа оны дараа цомхотгох мэдээлэл байгаа. Тэд ажилчдаа шилжүүлэх нэрээр халж, цаасан дээр тогтсон компани болж, Монголын иргэдийн 1072 хувьцааг салхинд хийсгэх гэж байна” гэж тайлбарласан.

Харин энэхүү харамсалтай явдал болсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тухайн өдрөө шуурхай хурал зарлаж, зарим хүмүүст үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим удирдлагад хариуцлага тооцож, өөрийгөө шатаах гэж оролдсон хүний биеийн байдалд анхаарахыг Шадар сайдад даалгаж, эмчилгээний бүх зардлыг “Эрдэнэс Тавантолгой” компанид хариуцуулах үүрэг өгсөн юм.

Одоогоор С.Эрдэнийн биеийн байдал хүнд, амьсгалын дутагдалд орж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.  Иймд өвчтөний шок гарч, биеийн байдал дээрдэх үед нь түүнийг БНСУ-руу эмчилгээнд явуулахаар болсон байна.

Г.Төмөр


URL:

Сэтгэгдэл бичих