Л.Гарамжил: С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганыг шалгахдаа арай өөрөөр хандах байсан юм

Хошууч генерал Л.Гарамжилын одоогоос гурван жил гаруйн өмнө 2012 оны аравдугаар сарын 2-нд  “Улс төрийн тойм” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. Монгол Улсын 111 дэх генерал бөгөөд ардчиллын он жилүүд, жагсаал цуглааны оргил үед Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр С.Зоригийн хэргийн талаар ингэж ярьсан юм.

-Шүүх, цагдаагийн байгууллагын хагас зуун жилийн түүхтэй холбоотой таны хувьд  чөлөөндөө гарсан ч гэсэн капитал хэвээрээ байгааг тань харахад таатай байна. Ямар ажил эрхэлж байна даа?

-“Ньюком” группийн “Ньюсек”компанид аюулгүй байдлын зөвлөхийн алба хашиж байна. Чөлөөнд гарсан гэлтгүй ажлын санал энд тэндээс ирсээр байсан ч энэ байгууллагыг л сонголоо. Энэ групп эдийн засгийн хувьд цэвэр учраас үүнийг сонголоо. Сүүлийн арав гаруй жилд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилласны хувьд хаанахын ямар байгууллага хэнд, хэдий хэрийн өртэйг мэдэлгүй яахав. Тэгээд ч Монголд нууц байхгүй болсон шүү дээ.

-Ингэхэд та ШШГЕГ-аас саналаараа гарсан уу. Тус байгууллага дахь халаа сэлгээний үе таарсан болохоор хардаж л байлаа?

-Би цэргийн, байнгын тэтгэвэр авах болзол хангасан. Салбартаа 43 жил, зургаан сар ажиллалаа, болж дээ л гэж бодоод гарлаа.

-Ажлын гараа хаанаас эхлээд, хаана барианд орсныг сонирхож болох уу. Эргээд харахад сонин хариу гардаг байх?

-Би чинь багшийн сургууль төгсөөд, Завханы Сантмаргац сумандаа очиж багшилж байсан. Өвөөгийнхөө өвөрт унтдаг 16-хан настай багш байв. . Эмээ минь “Багш аа, шавь нар чинь ирлээ шүү. Хурдан босоод нухашаа идээрэй” гэж дуудна. Яагаад 16-тай багшилж байсан бэ гэвэл аав минь “Хүүхэд хэлд ормогцоо ухаан суудаг юм” гээд манай хоёр эгч болон намайг сургуульд явуулсан. -Би 13 настайдаа долдугаар ангиа төгсөн Багшийн сургуульд гурван жил сураад 16 настай багш сумандаа очоод багшилж эхэлсэн. Уг нь тэр үед багш, эмч, трактор комбайны жолооч нарыг цэрэгт татдаггүй байлаа. Тэр чигээрээ хотод үлдчихнэ гээд. Манай гэр, ах дүүс хотод, би ганцаараа хөдөө өвөө эмээ дээрээ байсан хэрэг. Ингээд гурван жил багшлаад хотод ирээд цэрэгт татагдсан. Эхлээд гал сөнөөгч, ахлагч, байцаагч гээд л. Тэр үед нэг таван хошуутай бага дэслэгч мөрөө хараад л явна. Мэдээж чухал гоёл маань, нөгөөтэйгүүр ганц таван хошуу маань уначихвал юу ч үгүй болчихно шүү дээ.Өвөл автобусанд явахад, шинелиэ өмсөх тайлахдаа үргэлж мөр рүүгээ харж явна. Ингээд л өнөөг хүртэл зүтгэлээ дээ.

-Тэгээд дараагийн таван хошуу хэзээ ирсэн бэ?

-Ахмад хүртлээ яг л хугацаандаа цолонд хүрч байсан. Дараа нь Москва хотод ЗХУ-ын  Дотоод явдлын яамны академийн дөрөвдүгээр факультетийг төгссөн. Ирээд цагдаагийн академид багшилсан. Энэ хугацаанд ахмадаас хошууч, дэд хурандаа,  хурандаа цолуудад хугацаанаасаа өмнө авч байлаа. Цолны тухайд ч, албан тушаалын хувьд ч гомдох юм ерөөсөө байхгүй. Цагдаагийн академид таван жил ажиллаад Дорнодын сэргийлэхийн даргаар очсон. Тэндээс дахин ЗХУ-д сургуульдаа очиж тавдугаар факультетаа төгсч ирээд Багануурт хоёр жил ажиллаад Удирдлагын акадмид явлаа. Ингээд 1988 онд төгсч ирэнгүүт хотын цагдаагийн газар буюу тэр үед гарнизонд 1996 он хүртэл ажилласан. Улаанбаатар хотод тэр үед хамгийн их жагсаал цуглаан, өлсгөлөн болж байлаа. Үүний дараа 1996 оноос Хорих байгууллагын удирдах газрын даргаар ажиллаж энэ үед генерал цолонд хүрсэн. Шүүхийн шийдвэр  биелүүлэх ерөнхий газрын дарга, Тогтоол гүйцэтгэх газрын дарга, сүүлийн хэдэн жилд ШШГЕГ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаад чөлөөндөө гарлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба Дээд шүүхэд харьяалагдаж байсныг сүүлд хуулиар өөрчилж торгуулиас эхлээд шүүхийн бүх шийдвэрийг албадан  биелүүлэх байгууллага болгосон.

-Энэ нь зөв алхам байсан уу?

-Улстөржиж мэдэхээр учраас би зөв, буруу гэж хэлэхгүй. Манайд одоогоор  шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллага тийм ч олон биш. Улсын хэмжээнд 100 гаруй тойрогтой. Тойрог бүр нэг шийдвэр гүйцэтгэгчтэй. Аймаг бүрт алба бий. Манайх хүн ам багатай учраас ийм цомхон байх нь ч дээр.

-Таныг хорих ангийн дарга байхдаа хоригдлуудын нөхцөл байдалд ихээхэн анхаарч байсан, нөхцлийг сайжруулсан гэж ярьдаг юм билээ?

-Тэр чинь ийм учиртай. Тухайн цаг үе нь 1996 он гээд бод л доо. Бүх төсвийн байгууллага цалингаа тавьж чадахгүй байсан. Хоригдлуудад өлсгөлөн, сүрьеэ гээд муу бүхэн нүүрлэчихээд байв. Жилд дээрх шалтгаанаар 300 орчим хоригдол нас бардаг байлаа. Намайг чөлөөнд гарахын өмнөх тоогоор бол орон олон жилийн дунджаас бага, нэг оронтой тоотой гарч байгаа. Ялангуяа Батжаргал генералын үед байдал улам сайжирч тогтсон.

-Таныг  хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан тэр үед анхны жагсаал цуглаан, өлсгөлөн зэрэг урьд хожид үйл явдлууд олонтаа гарч байсан. Гэтэл хоёр жилийн  өмнө болсон “Долоон сарын нэгний үймээн” одоо хүртэл эцэслэн шийдэгдэхгүй, буруутан нь тодорхойгүй байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Юу эсийг бодох вэ дээ. Үзэг цаас нийлүүлдэг болгон бичиж, хэлтэй болгон ярьж байна шүү дээ. Цагдаагийн албан хаагчдын тухай хуульд зэвсэн хэрэглэхээр бол хэн нэгнээс даалгавар авах бус яг тийм нөхцөлд хэрэглэнэ гэж тодорхой заасан байдаг. Эндээс л цагдаа ямар үед галт зэвсэг хэрэглэсэн нь тодорхой болно. Ер нь долоон сарын нэгний тэр үд ЦЕГ-ын дарга нь томилогдоогүй байсан. Ч.Амарболд генерал үүрэг гүйцэтгэж байсан. Түүнийг дээр тэгж удаан хуралдахдаа оролцуулж байхаар комиссын гишүүний хувиар жинхэнэ удирдлагыг гарт нь өгөхгүй хэчнээн цаг уясан билээ дээ. Монгол даяар л хараад сууж байсан шүү дээ. Уг нь Ч.Амарболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нартай хуралдах биш, жинхэнэ ажлаа хийх ёстой байсан. Цагдаа хүчгүй, зориггүй гэж яриад байна. Зориуд тийм болгосон юм уу. Эсвэл хүчин мөхөстөж буй тэр байдлыг нь харахгүй байсан юм уу. Миний л мэдэхээр асар олон удаа албан бичгээр хүсэлт, шаардлага хүргүүлж байсан санагдах юм.

-Юу гэж?

-Тусгай хэрэгсэл хэрэгтэй байна гэж. Бүр 1989 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Жамсранжав сайд, Давааням хурандаа бид гурав Польш улсад очиж байсан. Тэнд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, будлиан гардаг болохоор техник хэрэгсэл авах, туршлага судлахаар 14 хоногийн хугацаатай  явсан. Гэтэл хоёр гурав хонож байтал Румыны ерөнхийлөгч Чаушеский гэргийн хамт буудуулсан хэрэг гарав. Варшавт байдаг Румыны Элчин сайдын яамны өмнө жагсаал боллоо. Тэгэхэд би анх удаа тийм том хэмжээний жагсаал үзсэн. Польшууд үймээн самуун болж байна гээд гадаадынхныг гаргаж оруулахгүй. Би хамгаалалтад байсан офицерүүдтэй яриад хажуугаар нь яваад өнгөрье, явган би яав л гэхэд “Тэр тусмаа ази царайтай хүн явахаар яаж ч мэднэ” гээд хориод байсан. Ингээд арванхоёрдугаар сарын 28-нд Монголдоо ирсэн чинь юун Польш. Хамаагүй том үймээн болоод яам татан буугдчихсан гээд байж байсан.

-Чухам ямар тусгай хэрэгсэл авч ирэх байсан юм бэ?

-Адаглаад жагсаал тараах усан хөөрөг ч байсан хэрэгтэй шүү дээ. Долоон сарын нэгэнд ч гэсэн нэг тийм машинтай байсан бол амархан тараах байсан. Хуульд ийм тусгай хэрэгсэл байх ёстой гэчихээд тэр нь байдаггүй. Тэгсэн мөртлөө цагдааг буруутгаад байдаг. Минийхээр бол дээрх асуудлыг шийддэг хүмүүс буруутай. Яамны түшмэлээс эхлээд УИХ-ын гишүүд, Засгийн газар ч буруутай. Тэднийг бодож ч амжаагүй байхад нөхцөл байдал солигдож байсан. Юун цагдаад тусгай хэрэгсэл өгөх асуудал шийдэх. Өөрсдийнхөө амийг яая гэж байгаа хүмүүс чинь.

-Та тэр үед үймээн болж байгаа газраар явсан уу. Юу бодогдож байв?

-Телевизээр харсан. Ойр хавиар нь явж байсан. Даанч дээ л гэж бодогдож байсан. Энд нэг ийм юм  бий. Зарим хүн “Энэ бол зүгээр л аяндаа үймээн дэгдээд тийм явдал болсон” гэж ярьдаг. Түүн шиг худлаа юм байхгүй. Ямар нэг шууд зохион байгуулалттай болсон. Их хэмжээний хөрөнгө хаясан. Магадгүй, гаднаас нүүж ирсэн хар үүлний дунд нь тортог байсан. Тэр тортог нь юу ч байж болно.

-Гадны нөлөөтэй гэж үү?

-Киргизийг хар. Үүний өмнө Акиевийг хөөгөөд Бакиев гарч ирсэн. Гэтэл яг долоо хоногийн дараа би Бишкект очсон. Ердөө гудамжаа цэвэрлэж, байшингийнхаа хагарсан цонхыг ч шиллэж амжаагүй , их дэлгүүр, Ерөнхийлөгчийн ордны хашааг дөнгөж барьж байсан. Сая тэр Ерөнхийлөгчийн ордны хашааг нураалаа шүү дээ. Киргизийн хорих байгууллагын дарга нь надтай хамт сургууль төгссөн найз маань юм. Тэр хоригдож байгаад дөнгөж гарсан байсан. Ерөөсөө чамд юу болж байгааг сайн харуулъя гээд дагуулж явж байсан. Киргизид тийм аймаар явдал болсон. Украин, Гүрж, Балканы хойгийн орнууд яалаа. Энэ бүхэнд дандаа гадны хатгаас орж байсан байдаг юм. Киргизид л гэхэд хөвөнгийн болон хар тамхины мафиуд хоорондоо үзэлцэж, улс нь хуваагдчих гээд байж байтал дундуур нь гаднаас “сонгодог” шаантаг шааж хагаралдуулах гээд байна. Манайд ч ийм нөлөө байхыг үгүйсгэхгүй.

-МАХН-ын байрыг хэн галдсан, эсвэл галдуулсан эзэн нь хэн бэ гэдгийг одоо хүртэл хайсаар байна?

-Хэн галдаж байгааг нь бүгд харж байсан шүү дээ. Би очиж галдана, чи тэгээрэй гэж урьдчилж ярина гэж байхгүй. Аяндаа уулын уруу үхэр чулуу өнхрүүлэхэд замдаа байгаа бүхнийг хага цохиод өөрөө нэг чулуутай мөргөлдөөд бутарч алга болдог шүү дээ. Тийм л юм болсон. Бүгдийг байрнаас нь хөдөлгөсөн учраас л зохион байгуулсан гэж яриад байгаа юм шүү дээ. Надад түүнийг харах үүрэг байгаагүй ч гэсэн хайж байгаа олно гэдэгт итгэдэг. Баахан хүнийг шоронд хийв, өршөөв. Одоо араас нь хэдэн цагдааг буруутгах гээд л хайгаад байгаа юм шүү дээ. Манай улстөрчдөөс нэг ухаантай нь хэлсэн шүү дээ. “Долоон сарын нэгний өмнөх Монгол, түүнээс хойшхи Монгол гэж тусдаа байна. Энэ өдөр бол улс төрийн түүхэнд улам тодорч харагдах өдөр” гэж хэлсэн.

-Ингэхэд тэр цонх хагалсан, цагдаа руу шидсэн чулуу хаанаас гарч ирсэн юм бол?

-Тэр хавьд тийм чулуу байхгүй. Урд талын цэцэрлэгийг ухаад ч гарахааргүй тийм чулуу зөндөө байсан. Сав саваар шатах шингэн ирж байлаа. Хэрэв надад үүрэг байсан бол эзнийг нь олох гэж зүтгэнэ ээ. Боломжтой. Хүсэхгүй л байхгүй юу.

-Ийм үймээн цаашид давтагдах болов уу?

-Үгүй гэх газаргүй. Хэчнээн хурц гэрэл гарна, төчнөөн тод сүүдэр тусна гэдэг шүү дээ.Хэлбэр нь өөр байх болов уу гэж таамаглаж байна. Үүнд харин бэлтгэлтэй байх талаар холбогдох газрууд анхаарч байгаа сурагтай.

-С.Зоригийн хэрэг илрэх болов уу. Энэ хэргийг гарах үед та ямар ажил хийж байсан бэ?

-Тэр үед би өөр байгууллагад ажиллаж байсан. 1998 оны аравдугаар сарын 2-ны өглөө эрт  би Хэнтий аймаг руу гарсан. Тэндээсээ Дорнод, Сүхбаатар явах ажилтай байлаа. Замд машины радиогоор, өглөөний зургаан цагийн орчимд нэг эвгүй юм ярьчихлаа гэж манай жолооч хэлсэн.  Тэгээд би бодлоо. Хотын цагдаагийн газрын даргаар Наваансүрэнгийн Ганболд ажиллаж байлаа. ЦЕГ-ын даргаар Мөрөн байгаа. Энэ хоёр байхад хэрэг удахгүй илэрнэ  дээ л гэж бодож байлаа. Яах аргагүй мэргэжилдээ шалгарсан кадрууд шүү дээ. Би одоо хүртэл нэг л юмыг гайхдаг. Талийгаач Жамьянсэнгээ хурандаа, Базаргүр хурандаа хоёрыг яагаад тэр ажлын хэсгээс гаргасаныг л гайхдаг.

-Д.Мөрөн үү?

-Д.Мөрөн гаргасан юм уу, хэн гаргасныг мэдэхгүй.  Ажлын хэсэг шийдвэрийг ганц хүн гаргахгүй шүү дээ. Бид тэдэнтэй хамт ажиллаж байсан. Хувь хүн талаас нь ч мэднэ. Хүний хувьд алт шиг сайн хүн. Мэргэжлийн хувьд Монголын “асс”-ууд л байсан. Ер нь Жамьянсэнгээ агсны өмнө гишгэх мөрдөгч Монголд байсан ч тун ховор доо. Тэр нь харагдахгүй л байна. Базаргүр хүүхэд байхаасаа л мэргэжлийн сургуулийг нь төгсөөд энэ салбарт цахиур хагалан орж ирсэн. Мөрөн  хурандаа ч гэсэн “асс”.

- Д.Мөрөн  хурандаа таны шавь. Бас энэ хэргийг илрүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг даргалж байсан. Та түүнтэй энэ талаар ярьж байсан уу?

-Мэргэжил нэгтнүүд болохоор нэг л мэдэхэд хэрэг ярьцгаачихсан байдаг. Энэ хэргийн талаар ч гэсэн олон хүнтэй ярьж байсан. Д.Мөрөн юу гэж байсан бэ гэж үү. Нэг л болж өгөхгүй байна даа л гэдэг байсан.

-Хэрэв та түүний оронд байсан бол, энэ хэргийг илрүүлэх үүргийг хүлээсэн бол Булганыг шалгах байсан уу?

-Б.Булганыг шалгасан биз дээ.

-Гэхдээ цорын ганц амьд гэрчийн хувьд бүр нарийн шалгах ёстой гэж үздэг хүн цөөнгүй байдаг?

-Уг нь Б.Булганыг  арай өөр аргаар шалгах байсан болов уу гэж хүн болгон хэлдэг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд зөндөө арга байсан гэж үздэг. Булган хохирогч, талийгаачийн гэргий гэдэг үүднээс шалгуулсан. Манайхан түүнд хүндэтгэлтэйгээр хандаж шалгасан.

-Та энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг үү?

-Илэрч л таарна.

-С.Төмөр-Очир гуайн хэрэгтэй ижил сар өдөрт үйлдэгдсэн энэ хэргийг яг л тэр хэрэг шиг замхрах байх гэсэн гундуу бодол төрдөг?

-Тэр хэргийг чинь илрүүлсэн шүү дээ. Дутуу л байхгүй юу. Хэн нэгэн хүний  сэдлээр. Энэ хэргийг Жамьянсүрэн агсан илрүүлээд нотолсон. Тэр ч байтугай 25 мянган төгрөгний хэрэг гэгчийг 25 жилийн дараа илрүүлсэн мөрдөгч шүү дээ. Уг хэргийг гарч байхад өөрөө төрсөн байсан юмуу, бүү мэд. Гэхдээ л илрүүлж чадсан.

У.Оргилмаа
Улстөрийн тойм сонин


URL:

Сэтгэгдэл бичих