Үүл баатарт холбогдох дахин нэг ФАКТ

47em7953luНийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2013 онд НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршилд, 75 хэсэгчилсэн талбайг баталсан.

Үүний хүрээнд үндэсний 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран 22 байршилд, 57 хэсэгчилсэн талбайд 1360 нэгж талбарын 86,5 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байдаг.

Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн цагаас хойш нийт 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс 2014 онд “Хера пропертийз” ХХК 168 айлын орон сууцны барилга, “Цагаан хуаран консалтинг” ХХК 132 айлын орон сууцны барилга, “Бэрэн групп” ХХК 288 айлын орон сууцны барилгыг тус тус барьж байгуулснаар нийт 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг.  Харин 2015 ондтөсөл хэрэгжүүлэгч “Баганат өргөө” ХХК 144 айлын орон сууц, “Цагаан хуаран консалтинг” ХХК 432 айлын орон сууц, “Бэрэн групп” ХХК 1080 айлын орон сууцны барилгыг тус тус барьж, нийт 1656 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулснаар дахин төлөвлөлтөд хамрагдсан 500 айл өрхийн 2000 гаруй иргэн тохилог сууцаар хангагдсан юм.  Мөн “2016 оны эхний хагас жилд 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 4000 гаруй иргэдийг тохилог сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн тус төслийг санаачлагч Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл хэдэнтээ хэлсэн удаатай.

Түүнчлэн 2016  оны төсөвт  нэмэлт өөрчлөлт оруулж Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулан 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар баталсан тухай өнгөрсөн тавдугаар сард хурлын үеэрээ дуулгаж байв.

Гэвч  сонгуульд Бат-Үүлийн баг унаж шинэхэн бүрэлдсэн НИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрөгч баасан гаригийн ээлжит хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн фактуудыг дэлгэв. Өөрөөр хэлбэл   өнгөрсөн дөрвөн жил Үүл даргын өөрийгөө өмгөөлж мөн дөвийлгөн ярьдаг байсан ганц ажил нь улсад болоод хувь хүмүүст  ямар их хор  хохирол учруулсан болохыг Тэргүүлэгчид хурлын үеэр онцлолоо.

Энэ тухай  Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар  хэлэхдээ “2012-2016 онуудад гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтаар шалгарсан.Одоогийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч өнөөдөр нэг хувьд ч хүрэхгүй байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэнтэй холбоотой” гэж тайлбарлав.

 2012-2016 онд  гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч  таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байгаа тухай хэлэв.

Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ.  Гэтэл бодит байдалд  энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг байгаа аж. Дээрх мөнгийг угтаа зарцуулах зүйлд нь зарцуулсан бол  10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтойгоос гадна мөн одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой байсан гэдгийг ч тэргүүлэгчид хэлж байв.

Ийн С.Зориг агсны хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Э.Бат-Үүл дахин 104 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдох нь лавтай.

Б.Алтжин

Эх сурвалж: Breakingnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих