Утааны эсрэг жагсах нь үр дүнтэй арга мөн үү

Жил жилийн өвөл гамшиг мэт нүүрлэдэг Улаанбаатарын утаатай тэмцэх асуудал дээр дооргүй толгой гашилгаж байна. Тиймээс ч, эхчүүд нэгдэн утааны эсрэг жагсаалыг энэ сарын 26-ны өдөр Төв талбайд зохион байгуулахаар олон нийтийн сүлжээнд уриалга гаргаад байгаа билээ. Утааны эсрэг тэмцэх эхчүүдийн холбоо хүртэл байгуулагдсан бололтой.

Харин энэхүү арга хэмжээний санал санаачлагыг олон нийтийн зүгээс янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь, “харанхуй байна гэж хий дэмий хашгирахын оронд лаа ч болов барих хэрэгтэй” гэх хэлц үгийг санагалзан уг үйл ажиллагааг дэмжих өнгө аястай байгаа бол,  хий дэмий жагсаад ямар үр дүн байхавдээ, зүгээр л утааны далбаан дор мөнгө саах гэсэн хэн нэгэн сэргэлэн гарын зохион байгуулж байгаа акц хэмээн сэрдэх хэсэг ч байна.

Арга ч үгүй юм. Өмнө нь өч төчнөөн жилийн турш утаагүй Улаанбаатар болгоно гэж хошгируулан, баахан зээл тусламжийн мөнгө цацсан хэдий ч өнөөг хүртэл утаа бахь байдгаараа, бараг л ихсээд байхаар тэгж бодож байгаа биз. “Цэвэр агаар сан” гэх мэт гоё сайхан нэрнээс цаашгүй төсөл хөтөлбөрөөр хэдэн сая, тэрбум төгрөг зарлагадсан хэдий ч цэвэр агаартай болсон нь огт үгүй. Хариуцаж хэрэгжүүлэгч хэдэн нөхдүүд завсраас нь хэдэн төгрөг тоншин, зарим нь орон шоронд орсноос биш, ард түмний хувьд нөгөө л бохир агаартай хэвээрээ, харин ч дээр нь, “муу дээр муухай, муухай дээр улцан” гэгчээр гадаад өр зээлийн хэмжээ улам ихэссээр.

Яавал утаанаас салж болох вэ гэсэн асуултанд хүн бүр санал бодлоо илэрхийлбэл “олны олон таван цэн” гэгчээр хэрэгтэй, тусгаад авчихаар санаа гарахыг ч үгүйсгэшгүй. Одоо утаандаа дарлуулаад байгаа гол шалтгаан нь нийслэл хот дахь хүн амын хэт замбараагүй төвлөрөл гэж үзэж болохоор. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэсэн уриан дор хэн хүссэн нь нийслэлд ирж, хаана ч хамаагүй гэрээ барьчихаад байгаа нь утаа үйлдвэрлэх эх ундарга болсоор байна. Тэгэхгүй гэхэд ч бас хэцүү. Хэдэн малаа зуднаар тавиад туучихсан малчид бол хөдөө орон нутагт амьдрахад үнэхээр бүрхэг. Ингээд л томоохон хот орон газрыг бараадан, амьдрах арга саам эрэлхийлдэг.

Ядаж байхад, хот төлөвлөлтийн хувьд, хамаг гэр хороолол нь салхиныхаа дээр байхаар яаж олиг байхав дээ. Санаагаар болдогсон бол, гэр хорооллынхныг салхины доош нүүлгэх нь тэднийг байшин саванд оруулснаас бараг хямд төсөр тусна шүү.

Ер нь л, утаатай тэмцэх биш, харин хүн ардынхаа аж амьдралыг сайжруулан, ядууралтай тэмцэж чадвал ядаж л утаагүй зуухандаа түлэх зориулалтын шахмал түлшээ худалдан авч, түүхий нүүрс түлэхээ багасгах байлгүй дээ…

Д.Мигаа

Эх сурвалж: ZONE.MN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих