Ам.долларын ханш өссөний учир…

527-1501117049amf2id63r5aosobo159npq70m_bВалютын ханш огцом өсч байсан үеийг бодвол тогтворжсон. Гэхдээ сүүлийн өдрүүдэд ханш өсөх хандлагатай байна. Ер нь ханш өсөх нь хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан болдог. Гэвч валютын ханш өсч, буурдаг мөчлөг бий. Өвөл, хавар, намрын улиралд тодорхой хугацаанд өсдөг нь бичигдээгүй хууль. Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл “Он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өдрийн дундаж хэлбэлзэл 0.11 хувьтай байна. Энэ нь оны эхнээс 85.1 төгрөгөөр буюу 3.4 хувиар чангарсан үзүүлэлт юм. Гадаад валютын ханш бусад бараа бүтээгдэхүүний үнийн адил зах зээл дээр суурь хүчин зүйлсээс хамаарч эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр тогтдог. Аливаа үнэ, ялангуяа ханш тодорхой хэмжээнд хэлбэлзэж байдаг үзүүлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн тайлбарлав. Ер нь энэ удаагийн төгрөгийн эсрэг ам.долларыг чангарахад суурь хүчин зүйлс нөлөөлөөгүй гэдгийг албаныхан хэлэв. Учир нь манай улсын төлбөрийн тэнцлийн гүйцэтгэлийг харвал, урсгал тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 94 хувиар буурч 23.6 сая ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдаа оны эхний таван сарын байдлаар 1.02 сая ам.долларын ашигтай гарсан нь алдагдал буурахад нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, чулуун нүүрсний экспорт 1.3 тэрбум ам.долларт хүрснээр гадаад худалдаа ашигтай гарсан аж.

ТӨГРӨГИЙН ХАНШ ЯАГААД СУЛРАВ
Оны эхнээс Олон улсын валютын сангаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” авах болсон нь эдийн засгийг сэргээх сайн мэдээ болсон. Тиймдээ ч гадны хөрөнгө оруулагчид бидний сонирхож эхэлсэн хэмээн бизнесийнхэн хэлж байв. Гэхдээ сонгууль гэгчээс шалтгаалан хүлээлтийн горимд шилждэг зарчим манайд үйлчилсээр байна. Учир нь улс төрийн нөхцөл байдлаас улбаалан төрийн бодлого болон хууль эрх зүйн орчинд өөрчлөлт ордог муу зуршил биднийг гадны зах зээлд муухай харагдуулдаг билээ. Тиймээс энэ удаагийн ханшийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй тодорхойгүй байдал, наадмын үеэрх олон хоногийн амралт зэрэг нь нөлөөлж байгааг эдийн засагчид онцолж байна. Тодруулбал, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй үйл явдал, мэдээ, мэдээллээс хамаарч зах зээлд оролцогчдын хувьд хүлээлт үүссэн гэсэн үг. Монголбанкны зүгээс ханш эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримталж буй. Тэгэхээр ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валют арилжааны захад оролцох байр сууриа хадгалдаг байна. Тэгэхээр иргэдийн хүлээлтээс үүссэн гадаад валютын бодит бус өсөлт бий болсон бололтой.
ХАНШ БУУРАХ ХҮЛЭЭЛТ ҮҮСЭЭСЭЙ…
Тэгвэл ханшийг тогтворжуулахын тулд юу хийх ёстой вэ гэх асуулт урган гарна. Магадгүй ханш буурна гэдэг хүлээлт бий болох учиртай ч байж болох. Гэхдээ хийсвэр хүлээлтээс илүүтэй эдийн засгийн бодит байдал чухал. Тухайлбал, экспортын түүхий эдийн үнэ сэргэлт, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага, донор орнуудаас орох зээл, санхүүжилт хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх томоохон алхам. Түүнчлэн Оюутолгой төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт ч голлох нөлөөг үзүүлнэ. Эдгээр эерэг үзүүлэлтүүдээс үүдэн энэ онд төлбөрийн тэнцлийн төсөөлөл эерэг гарах хүлээлт эдийн засагчдад бий. Харин энэхүү нааштай үр дүнг ойлгуулахын тулд хэрхэн ажиллаж байгаагаа төрийнхөн олон нийтэд үнэн зөвөөр мэдээлэх учиртай. Магадгүй энэ нь төгрөгийн ханш огцом сулрах дарамтыг бууруулах хүчин зүйл гэдгийг олон нийт ойлгож, хүлээх нь төгрөг, ногоон мөнгөнд дарлуулахгүй байх учир шалтгаан болж байна.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.