Хүүхдүүдэд амьд явах БАТАЛГАА алга

Эцэг, эхийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хүүхдүүд, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Гэтэл сүүлийн өдрүүдэд хүүхдэд хамгийн аюулгүй байх ёстой тоглоомын төв, сургуулийн орчимд бага насны хүүхдүүд гэмтэж, бэртэж, амь насаараа хохирч байна.

31805

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн эргэлддэг пуужин буюу “Сансрын хөлөг” тоглоом /2018.06.13/ доош унаснаар хүүхдүүд гэмтсэн хэрэг гарсан. Энэхүү ослын улмаас дөрвөн хүүхэд гэмтсэн. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалтыг хийж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар “Сансрын хөлөг” тоглоом нь насжилт өндөртэй, хуучирсан гэдэг дүгнэлтийг гаргажээ.

Хүүхдийн парк хамгийн аюулгүй, эрсдэлгүй байх ёстой. Тиймээс ч тэнд хүүхдүүд эрх дураараа, тоглож, наадах нь зөв. Гэтэл тоглоом нь дундуураа хуваагдан унаж, хүүхдийн инээд хөөр цалгиж байх паркад уйлаан, шуугиан болсон. Азаар хүүхдийн амь нас эрсэдсэнгүй. Паркад нийт 22 тоглоом байдаг аж. Дараа нь “Алсыг харагч”, “Галзуу хулгана” унаж, эвдрэхийг хэн ч үгүйсгэхгүй. Мэргэжлийн хяналтын газраас шошгогүй бараатай сайн “хөөцөлддөг”. Харин хүүхдийн тоглоомын насжилт, элэгдэл, хуучралд хэрхэн анхаарал хандуулж ажилласан нь эндээс харагдсан. Хүүхдүүд паркад хангалттай мөнгө “тушааж” байгаа. Харин удирдлагууд хүүхдүүдийн аюлугүй байдлыг огт хангадаггүй нь тогтоогдчихлоо. Тиймээс ч хүүхдүүд паркад тоглохоос айж байна.

Паркийн тоглоом эвдэрсэн хэрэг гараад долоо ч хоноогүй байтал өчигдөр /2016.06.18/ сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүү харамсалтайгаар амь насаа алджээ.

Тодруулбал Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүүхэд амь насаа алдсан байна. Өнгөрөгч өдрийн 18.00 цагийн орчимд  сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байх үед хөлбөмбөгийн хаалганы төмөр унаж, тухайн талбайд тоглож байсан 11 настай хүү дарагдаж нас баржээ.

11-хэн настай хүүгийн алтан амийг авч одсон уг төмөр хаалга үргэлж унадаг бөгөөд тус сургуулийн биеийн тамирын багш нь “14 хоногийн өмнө гангасан л юм даа” гэх тайлбарыг хэлж зогсоно. Аюултай, осолтойг нь мэдсээр байж талбайгаас авч, холдуулаагүй аж. Улмаар цэцэрлэгийн насны хүүхэд тогтоосон шонд нь хүрэх төдийд хаалга унаж, хүүхдийн аминд хүрчээ.

Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг дуугардаг хүүхдийн төлөөх байгууллагууд, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой сургуулийн удирдлагууд, тоглоомын төвийн захирлууд энэ хоёр ослоос сургамж авмаар байна. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөн торних ёстой. Гэтэл өнөөдөр Монгол хүүхдүүдэд амьд явах баталгаа алга.

Г.Сүрэн

Эх сурвалж: SHUUD.MN

http://www.shuud.mn/a/498042


URL:

Сэтгэгдэл бичих