Могойн голыг овоотын орд болгосон “Хулгай” буюу “Хургатай хайрхан”, “ASPIRE MINING” компанийн хоршил

Хулгайч “Хулгайчийг бариарай” гэж хашгирдаг гэсэн үг үнэн болохыг саяхан мэдэрлээ.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төрийн өмчит Могойн голын нүүрсний уурхайн газар нутаг лицензийн наймаачдын балгаар ашиглалтын талбайгүй болсон талаар нэгэн нийтлэлдээ ганц өгүүлбэр оруулсан юм. Гэтэл “Хургатай хайрхан” компанийн О гэх хүн “Манайх хулгайч биш. Лицензийн наймаачин гэж чи хэ нийг хэлээд байгаа юм бэ” хэмээн утсаар баахан загнав. “Хургатай хайрхан” компанийн талаар бичих нь байтугай “Х” ч үсэг тавиагүй тул гайхаж цочирдсондоо Ашигт малтмалын хууль болон хууль ёсны лиценз олголтын талаар хэдэн минут лекц сонсов.

“Хургатай хайрхан” хулгайч гэх нь байтугай “Х” үсэг ч бичээгүй байхад ийнхүү сандарч, хэл ам хэрүүл зарга хийсэнд гайхсан би нэг хэсэгтээ л учрыг нь олох гэж шаналав. Гэтэл Могойн голын нүүрсний ордын газар нут гаас хэсэгчлэн “хулгайлсан” эзэн нь “Хургатай хайрхан” компанийнхан өөрсдөө болж таарав. Могойн голын нүүрсний ордын талбайгаас “хууль ёс”-оор лиценз эзэмшсэн гэдгээ тайлбарлахын тулд ийнхүү загнаж, зандарч, сүрдүүлснээрээ тэд өөрсдийгөө илчилсэн нь энэ. “Хургатай хайрхан” гэж ямар компани вэ? Хөвсгөлд, тэр тусмаа Монгол Улсын стратегийн орд Могойн голын нүүрсний уурхайтай ямар холбоотой байсан юм бол. Асууж сураглаж багагүй хугацаанд эрэн сурвалжиллаа.

МОГОЙН ГОЛЫН ОРДЫГ ХУВААЛЦАЖ БУЙ “ХУРГАТАЙ ХАЙРХАН”-Ы ЛИЦЕНЗҮҮД ХУУЛЬ ЁСНЫХ МӨН ҮҮ

“Хургатай хайрхан” гэх энэ компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт, бүр нарийвчилбал төрийн өмчит Могойн голын уурхайн талбайг тойрсон 9350 га газрыг хайгуулын лиценз гэх нэрийдлээр хууль бусаар авч, Могойн голын ордын нэрийг нь Овоот толгой орд болгон өөрчлөөд эзэмшиж буй компани болж таарав. АМГ-ын энэ оны албан мэдээллээс үзвэл тэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Могойн голын талбайг Овоот болгон өөрчилсөн талбайд хайгуулын 013636 тоот лиценз, Цэцэрлэг, Цагаан-Уул сумын Хуримт-1 талбайд ХV 014550, ХV 014637 тоот тус бүр хоёр лиценз, Бүрэнтогтох, Төмөрбулаг сумын Харгуйт гэх газарт ХV 014499 лицензээр тус бүр хоёр талбай эзэмшдэг. Мөн Бүрэнтогтох сумын Нурамт гэх талбайд ХV 014973 тоот, Цахиурт гэх талбайд ХV 014636 тоот хайгуулын лицензтэй нийтдээ Хөвсгөлийн газар нутгийн 30 орчим мянган га газарт эзэн суусан мундаг том уул уурхайн лиценз эзэмшигч болж таарав.

Лицензийнх нь мөрөөр хөөвөл маргаан үүсгэж мэдэхээр байгаа Могойн голын ордын нэг хэсэг байх ёстой, одоо эзэмшиж буй Овоотын орд нь хууль бус гэдгийг орон нутгийнхан нь батлав. Учир нь Могойн голын орд буюу одоогийн нэрээ өөрчилсөн Овоотын орд нь УИХ-аас баталсан Монгол Улсын Стратегийн ордын хоёр дахь хавсралтад багтсан орд байх учиртай. Энэ ордыг 1967-1970 онд Хөвсгөл аймгийн Геологи хайгуулын анги өрөмдлөг хайгуулын ажил хийж нээсэн ба 1976-1978 онд Улаанбаатарын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй гэж тооцож байжээ. Мөн 1992 онд дахин хийсэн хайгуул судалгааны ажлаар Могойн голын ордын зүүн талын үргэлжлэл дээр үеийн суналын дагуу нүүрсний нөөц байгааг тогтоож байсан аж. Гэтэл ахмад геологчдын олж, нээж, нөөцийг нь тогтоосон энэ газрын нэрийг нь өөрчилснөөр “Хургатай хайрхан” компани лиценз эзэмших болжээ. Хөвсгөл аймгийн холбогдох албаныхнаас авсан мэдээллээр “Хургатай хайрхан”-д лиценз эзэмшүүлэхийг орон нутгийнхан эсэргүүцэж байсан юм байна.

Баримт сөхье. 2007 оны арваннэгдүгээр сарын 01. АМГТХЭГ-ын Кадастрын бүртгэлийн төвийн дарга Б.Батмандах гэх хүний 7-7688 тоот албан бичиг өмнө минь байна. Энэ мэдэгдэлд “Хургатай хайрхан” компанийн хайгуулын лиценз авахыг хүссэн өргөдлийг дараах солбицлуудаар шүүж үзэхэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоот нэртэй 9436 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гээд Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүүг 30 хоногийн дотор Кадастрын бүртгэлийн төвд хариу өгөхийг мэдэгджээ. Энэ дагуу 2007 оны арваннэгдүгээр сарын 14- ний өдөр аймгийн удирдлага саналаа өгч “Хургатай хайрхан” компанид хайгуулын лиценз олгох боломжгүй тул “дэмжихгүй” хэмээн цагаан цаасан дээр хараар бичин хариу явуулсан байдаг аж. 42 тоот уг албан бичигт дурдсанаар, “КБТ-өөс ирүүлсэн саналын талбай нь Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” ХК-ийн нүүрсний уурхай болон Могойн голын эзэмшлийн талбайтай давхцаж буй тул олгох боломжгүй” хэмээн тов тодорхой бичжээ.

Гэтэл тухайн үеийн АМГТХЭГ-ын удирдлагууд орон нутгийн энэ саналыг үл ойшоон “Хургатай хайрхан” компанид 9436 га газрыг давхардуулан, хайгуулын лиценз олгосон байх юм. Энэ бол орон нутгийнхны саналыг үл ойшоон, тө – рийн мэдлийн стратегийн орд-Могойн голын талбайг хувийн компанид давхардуулан олгосон хууль зөрчсөн үйлдэл болж таарч байна. Гэтэл “Хургатай хайрхан” өнөөдрийг хүртэл Овоотын ордын лицензийг хууль ёсны дагуу эзэмшдэг хэмээн ярьж явна. Анхнаасаа ийнхүү орон нутгийн дэмжлэггүйгээр, Ашигт малтмалын тухай болон бусад олон хуулийг зөрчсөн нь ганцхан энэ баримтаас харагдаж байна. 2007-2008 он ашигт малт – малын лиценз олголт авлигын хамгийн том сүлжээний нэг хэсэг болсон, лицензийн наймааны ид оргил үе байв. Танил тай, мөнгө тэй гадна, дотнын дон шуур наймаачид эх орны маань газар нутгийн гуравны нэгд лиценз гэх алга дарам цаасаар эзэн суугаад байсан. Энэ байдал өнгөрсөн оныг хүртэл ямар ч хяналтгүй, цоож туургагүй илүү гэр мэт нээлттэй байлаа. Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс нэлээд анхаарал хандуулснаар ашигт малтмалын лиценз эзэмшилтийн хэмжээ нийт газар нутгийн 20 хувь хүртлээ багассан. Харин одоо “Хургатай хайрхан” мэтийн хуулийн цоорхой, цаг үеийн сиймхийгээр улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон орд газруудад эзэн суусан компаниудыг цэгцлэх цаг болсон юм биш үү.

ОВООТЫГ ЭЗЭМШИГЧ “ASPIRE MINING” КОМПАНИ БУЮУ ЛИЦЕНЗИЙН НАЙМАА ЮУ, ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЮУ

“Хургатай хайрхан” компанийн түүх хууль бусаар авсан дээрх лицензээр дуусахгүй. Тэд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, ЦагаанУул, Төмөрбулаг, Бүрэнтогтох гэсэн дөрвөн сумыг хамарсан нүүрсний Овоот, Нурамт, Хуримт-1, Харгуйт, Цахиурт зэрэг талбайд 2008 оноос хойш хайгуулын үйл ажиллагаа явуулж буй. Гэвч үнэндээ дээрх хайгуул хийгээд байгаа газар нутагт нь нүүрсний үеийн суналын дагуу нөөцтэйг нь ХХ зууны дундуур нэгэнт тогтоосныг ахмад геологчид хэлж байна. Хөвсгөл, Завхан аймгийн нутаг дамжин байрлах Могойн голын эргэн тойрон дахь орд нь бүхэлдээ Орхон-Сэлэнгийн нүүрсний сав газарт хамрагддаг. Энэ сав газарт Монгол Улсын хэмжээнд судлагдсан нүүрс – ний бүх нөөцийн 30-40 хувь бий. Тиймээс “Хургатай хайрхан” компанийнхан нэгэнт тогтоогдсон нүүрсний энэ ай сав газрыг хайгуул хийх нэрийдлээр эзэмшиж буй нь шударга биш байна. Тэд өнөөдөр нарийвчилсан судалгаа хийсэн нэрийдлээр хайгуулын лицензээ гаднынханд худалдаж, хамтран эзэмших болсон нь манай төрийн бодлоготой ч нийцэхгүй.

Өнгөрсөн оны эхээр Австралийн “Aspire Mining” гэх нэгэн компани Монголын хойд бүсэд Овоот гэх асар их нөөцтэй нүүрсний орд илрүүлсэн талаар олон улсын хэвлэлүүдээр шуугиж эхэлсэн. Гэтэл монголчууд бид ч өөрсдөө мэдэхгүй байсан Овоот гэх тэр орд нь Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг байж. Нөөцтэй нь нэгэнт тодорхой энэ мэт ордыг хэсэгчлэн хулгайлахдаа талбайн нэрийг нь өөрчилж, дуртайгаараа нэрлэдэг байдал өнөөдөр лицензийн бохир наймааны нэг арга болсон юм биш үү. АМГ-ын мэдээллээр Овоотын ордын лиценз “Хургатай хайрхан” компанийн нэр дээр байна. Гэтэл Австралийн “Aspire Mining” гэдэг компани тэдний эзэмшдэг Овоотын ордоор IPO хийж, “Овоот” төслөөр Австралийн хөрөнгийн биржид хөрөнгө босгоод эхэлчихжээ.

Дэлхийн хэвлэлүүдэд бичсэнээс тойм ловол “Aspire mining” компани Овоотын ордод хайгуул хийж, 330 сая тонн коксжих нүүрсний нөөцтэйг тогтоосон бол нарийвчилсан судалгаагаар 410 сая тонн болж өслөө. Өрөмдлөгийн үр дүнг олон нийтэд зарласны дараа тус компани Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Овоотын ордоор 32.8 сая доллар босголоо” хэмээн мэдээлсэн байх юм. Үүнээс үзвэл “Хургатай хайрхан” компани Австралийн энэ компанид уг ордыг худалдаж лицензийн хууль бус наймаа хийсэн, эс бөгөөс хувьцааны арилжаа гэх халхавчаар Монголын баялгаар панз үсэргэдэг олон улсын эдийн засгийн алуурчдын арга ажиллагаанд оролцсон байхыг үгүйсгэх аргагүй юм.

Хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ эрхэлдэг олон улсын MICC компанийн судалгаа болон бусад мэдээлэлд дурдсанаар, “Aspire Mining” компани нь Монголын хойд бүсэд нийт 11 хайгуулын лиценз эзэмшдэг, нүүрс, төмрийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй компани юм. Гол төсөл нь Хөвсгөл аймгийн нутагт орших Овоотын нүүрсний орд. “Овоот” төсөл нь JORC стан дартаар 330.7 сая тонн коксжсон нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар “Aspire Mining”-ийн 32.42 хувийг удирдлагууд нь, 19.90 хувийг “Саус Гоби Ресурс” компани, 6.09 хувийг “Noble Group”, 18.52 хувийг лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бол 23.07 хувь нь Австралийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байна. Компанийн удирдах төв нь Австралийн Пэрт хотод байрладаг” гэжээ.

Мөн Канадын “СаусГоби Ресурс” компани Австралийн “Aspire Mining” компанийн 105,726,650 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг нь 0,19 австрали доллар буюу нийт 20,1 сая австрали доллараар худалдан авч, хувь эзэмших гэрээ байгууллаа. Хувьцаа худалдан авч хувь эзэмших ажиллагаа 2011 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө хийг дэж дуусах бөгөөд үүний үр дүнд “СаусГоби Ресурс” компани “Aspire Mining” компанийн 19,9 хувийг эзэмших болно” хэмээн “Bloomberg” мэдээлсэн байх юм. Үүнээс үзвэл Хөвсгөлийн стратегийн орд-Могойн голын нэг хэсэг болох Овоотын нүүрсний ордод “СаусГоби Ресурс”-ийн “эцэг” “Айвенхоу майнз” ч мөн биднээс өрсөн хувь эзэмшилтэй болжээ. Лицензийг анх худалдсан Монголын хөрөнгө оруулагч гэдэг нь “Хургатай хайрхан” компани бололтой. Тийм бол Монгол Улс ОрхонСэлэнгийн нүүрсний сав газар дахь баялагаа “Aspire Mining” компанид тавиад туучихжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 5.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” хэмээн заасан. Гэтэл энэ мэт хувиа бодсон компаниуд стратегийн орд- Могойн голын уурхайн талбайгаас “хулгайлж” аваад 18,52 хувийг нь авч үлдэн 81.48 хувийг нь арилжчихсаныг лицензийн наймаа гэх үү, хувьцааны арилжаа гэх үү.

Олон улсын хөрөнгийн бирж дээр явагддаг энэ мэт арилжаанд хяналт тавих эрх зүйн орчин, хариуцлагын тогтолцоо өнөөдрийг хүртэл Монголд сураггүй байна. Гэтэл хувьцааны арилжаагаар Монголын баялаг бидний мэдлээс, хараа хяналтаас гарсаар байна. Ерөнхийлөгчийн санаачлан боловс руулж байгаа Ашигт малт малын шинэ хуулиар энэ бүхнийг нэгтгэж, цэгцэлж уул уурхайн ордуудыг бассейнаар нь стратегийн хэмжээнд ашиглахаар яригдаж буй. Тэгэхээр нөөцтэй нь нэгэнт тогтоогдсон ордод хууль бусаар лиценз эзэмшиж, хөрөнгө оруулалт нэрийдлээр гаднын ханд баялгаа үнэгүй өгч буй үндэсний гэх компаниудад ч хариуцлага тооцож яагаад болохгүй гэж.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.