П.Очирбат гуайн хамар өөрчлөгдсөний учир

RGУгтаа бол төрөхөөс заяасан эрүүл хамраа эргүүлэн олж авсан жижиг мэс ажилбар л дээрх шуугианыг дэгдээсэн нь эмгэнэмээр ч юм шиг.

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний телевизийн нэгэн хэлэлцүүлэгт оролцсон анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг олон хүн таниагүй. Түүний Үндсэн хуульд шингээхийг хүссэн үзэл бодлоос илүүтэй, зүс царай нь өөрчлөгдсөн нь олны анхаарлыг татаж, “Оожоогийн хамар” сэдэвт өөр нэг хэлэлцүүлэг хэдэн өдрийн турш цахим орчинд өрнөлөө. Олон жил харж дассан, “балин”, “ховдгийн гай” зэргээр “дотночилж” нэрлэдэг “хуучин хамраа” П.Очирбат гуайгаас нэхэх нь холгүй үймэлдэв. Хамраар эхэлсэн яриа цааш даамжирч, “Дорнодоос олборлосон нефтийг хятадуудад дамжуулагч”, “улсаас өгсөн байрыг MSC-д зарсан”, “ач хүү нь хар тамхины хэргээр ял сонссон”, “нагац дүү нь төмөр замын асуудалд холбогдсон” гэх мэтээр зүхлийн бай болгов. Байхад нь элдвээр хараачихаад өнгөрсөн хойно нь сайн сайхныг нь магтан дуулдаг үндэсний онцлог маань тэрхүү жижгэрсэн хамар дээр ийнхүү хурцаар илэрлээ. Угтаа бол төрөхөөс заяасан эрүүл хамраа эргүүлэн олж авсан жижиг мэс ажилбар л дээрх шуугианыг дэгдээсэн нь эмгэнэмээр ч юм шиг. Хамрын тослогийн булчирхай үрэвсэж томордог ринофим /rhinophyma/ хэмээх өвчин П.Очирбат гуайг олон жилийн турш “чимжээ”. Анх батга гарсан мэт эхэлдэг ч урт хугацаанд даамжирсаар мэс заслаас өөр эмчилгээгүй болгодог уг өвчин 50-70 насны эрчүүдэд ихэвчлэн тохиолддог байна. П.Очирбат гуайг төрийн тэргүүн байх хугацаанд ринофимын намжмал үе таарч байж. Харин нас ахих тусам эд эсийн хэт их ачаалал нь зовиур нэмж, булцуу маягаар хэлбэрээ алдан томорч улайдаг уг өвчнийг мэс ажилбараас өөр эмчлэх арга байдаггүй. Бага хэмжээний үрэвслийг нүүрстөрөгчийн давхар ислийн лазераар сэргээдэг бол олон жилийн турш хуримтлагдсан “булцууг” скальпел, эсвэл эргэдэг сойз (дермабразия) ашиглан авдаг байна. Гэхдээ манайд хамрын гоо сайхны ажилбараар дагнадаг хувийн эмнэлгүүдэд ийм мэс засал хийдэггүй.

П.Очирбат гуай энэ оны эхээр хилийн чанадад очоод, олон жил зовоосон ринофимоосоо салсан байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Японы Элчин сайд нутаг буцахтай холбоотой Монголын үе үеийн улс төрийн лидерүүдийг нэгэн дор цуглуулсан өндөр хэмжээний хүлээн авалтын үеэр П.Очирбат гуай эрүүлжиж хэвийн болсон хамраа эрхэм нөхдөдөө гайхуулан инээж суусан. Тэр үеийн зураг, мэдээллийг үзэж л байсан олон нийт “дасал болсон хамраа” нэхэж уурлаагүй хэрнээ өнгөрсөн өдрүүдэд ихэд хилэгнэсэн нь хачирхалтай. Сонгууль дөхөж, улс төрийн акцууд идэвхижсэнтэй холбоотой ямар ч хамаагүй сэдвээр гол асуудлыг бүдгэрүүлэх ажиллагаа өрнөснийг ч үгүйсгэмгүй. Үр дүнд нь төр тэргүүлж, түмний хүндэтгэлийг хүлээж явсан энэ эрхэм үр хүүхэд, ач зээ шигээ хүмүүсийн амны зугаа, хараалын бай болж өнгөрөв. Харин “хээгүй” гэх тодотголтой анхны Ерөнхийлөгч энэ бүхнийг олж харсан ч үгүй, Баянголын ам, Сөгнөгөрийн голоор намаржиж байна.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих