НИТХ-ын дарга Т.Билэгт АНУ руу оргон зайлжээ

НИТХ-ын дарга Т.Билэгт 2011 оны арваннэгдүгээр сард зүрхний мэс засалд орох нэрээр АНУ-ыг зорьсон байна. Үүнээс хойш Монгол Улсад ирэх нь бүү хэл ажлынхантайгаа утсаар ч ярьсангүй. НИТХ-ын бичиг цаас овоорч, шийдвэрлэх асуудал дийлдэхээ больсон тул Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа түр орлож байгаа аж. Сүүлийн үеийн дарга нар хэрэгт шалгагдах болохоороо, албан тушаалаа өгөх үед эмнэлэгт очоод хэвтчихдэг болсон. Ерөнхийдөө бол төрийн алба гэдэг сульдаатай өвчтөнүүдийн тасаг болоод хувирчихлаа.

НИТХ-ын дарга Т.Билэгтийг МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тэрбээр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах захирамж гаргаж байсан аж. Өдгөө нурсан балгас гэж яриад байгаа “Улаанбаатар таймс” сонины газрыг Японы нэгэн компанй таван сая ам.доллараар авахыг санал тавьж байсан гэдэг.

АТГ-аас дээрх барилга байгууламжийн хувьчлалыг шалгах явцад олон хүн эмнэлэгт хэвтсэн юмдаг. Тэр үеэр Нийслэлийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан Г.Маналжав Солонгос улс руу эмчилгээнд явсан. “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч асан Ж.Саруулбуян бас л эмнэлэгт хэвтэж билээ. Хэрэг явдал намжаад эхлэнгүүт тархинд нь цус харвасан эрхмүүд машин тэрэг барьчихсан, ажил төрлөө хийгээд л явж байх юм.

НИТХ-ын дарга Т.Билэгт өдгөө АНУ-аас намын нөхөд рүүгээ сэм сэмхэн утас цохиж Н.Энхбаярын хэрэг юу болж байгааг асуудаг сурагтай байгаа юм. АТГ-аас түүнийг цагдан хорих сураг гарангуут АНУ руу эмчлүүлэхээр гарчээ. Тэгээд ч журмын нөхдөөрөө “Зүрхний маш хүнд хагалгаанд орсон” гэсэн үгийг тараалгаж байгаа аж. АТГ-аас настай, томоотой, тулхтай гэх Т.Билэгт даргыг бүтэн таван сар харуулдаж байгаа. Сүүлдээ арга ядаад интерполоор эрэн сурвалжлуулах асуудал ч яригдаж байгаа гэнэ.

Хамгийн гол нь Т.Билэгт ямар хотод, хаана эмчлүүлж байгаа нь тодорхойгүй байгаа аж. Сая гаруй хүн амтай нийслэл хотын хурлын дарга алга болчихоод байхад албатууд нь “Дарга өвчтэй” гэсэн ганцхан хариулт хэлээд сууж байна. Н.Энхбаярын гэх хэрэг явдал нэг тийш болонгуут Т.Билэгт дарга АНУ-аас ч юм уу, Солонгосоос хүрээд ирж магадгүй. Ямартай ч өнөөдөртөө оргодол, босуул аятай хаяг нь тодорхойгүй сураг чимээ алдраад байна.

Т.ЭРДЭНЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих