Н.Мөнх-Оргил, Б.Эрдэнэбилэг нарт оноосон цаазын ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид өчигдөр хуралдаж, ялын дээд хэмжээтэй гурван хэргийг хяналаа. Тухайлбал, бага насны охидыг хүчиндэж, нэгнийх нь амийг хөнөөсөн Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг хянаж цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт долоон настай охиныг хүчиндэж, хоолойг нь боож хөнөөсөн нь нотлогдсон юм.

Тэрээр мөн Баянгол дүүрэгт арав, найман настай охидыг хүчиндсэн, есөн настай охиныг хүчиндэхийг завдсан байна. Анхан болон дунд шатны шүүхээс түүнд цаазын ял оноосон юм.

Үүнээс гадна Б.Эрдэнэбилэг, Ш.Гантулга нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн юм. Б.Эрдэнэбилэг нь 2009 онд Баянгол дүүргийн XIII хорооны байранд оршин суух Н-д хутга тулган монетон ээмэг, бөгж, гар утас зэрэг 1.4 сая төгрөгийн эд зүйлийг нь дээрэмдэж, хүчиндсэн байна. Мөн тэрбээр Ш.Гантулга гэгчтэй бүлэглэж 2009 оны нэгдүгээр сард М гэдэг залууг хөнөөсөн аж. Б.Эрдэнэбилэг хүн амины хэрэгтээ шалгагдаж байх үедээ дахин гурван хүний аминд хүрсэн байдаг. Тодруулбал, 2011 оны наймдугаар сард зам тээврийн осол гаргасан. Тэр шөнө найз бүсгүйгээ хардаж, сүхээр цохиж амийг нь хөнөөсөн байна. Энэ хэргээ нуухын тулд талийгаачийн эцэг, эхийг зэрлэгээр хөнөөсөн нь нотлогджээ. Улмаар хохирогчдын эд зүйл, цалингийн карт зэрэг 1.2 сая төгрөгийн эд зүйлийг авч зугтсан. Мөн найз бүсгүйнхээ дүүг “Ална шүү” гэж хутга, сүх барьж заналхийлэн, гар хөлийг нь хүлж байгаад гар утас, гинж зэргийг нь дээрэмтдсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Эрдэнэбилэгт цаазаар авах, Ш.Гантулгад 16 жил хорих ял оноожээ. Дээд шүүх дээрх ялыг нь хэвээр үлдээсэн байна. Хүн амины ноцтой хэрэг үйлдэгчдийн нэг нь Ц.Жаргалбаяр. Тэрбээр 2011 оны зургадугаар сарын 30-ны шөнө У гэх бүсгүйг онц хэрцгий аргаар хөнөөсөн нь нотлогдсон. Түүнд оноосон цаазаар авах ялыг Дээд шүүх хэвээр үлдээлээ.

Ц.ӨРНӨХ


URL:

Сэтгэгдэл бичих