УЛС ТӨРИЙН ШООК

Сонгуулийн өмнөх, дараах улс төрийн шоокноос гарах гэж улстөрчид зовж байна. Дагаад ард түмнээ, төрөө хөлдөө чирээд буй нь хэцүү. Үргэлж эрх барьж явсан МАН-д УИХ-ын сонгуулиар ард түмэн тааруу дүн тавьж, сөрөг хүчний дүр оноосон. Нөгөөдүүл нь ялагдсан шоокноосоо гарах гэж мөн ч удаан зовж байгаа юм.

Эхний үед үнэхээр шооконд орж, байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд хэдэн шалтгаан тоочсон. Гэвч Анхдугаар чуулганы үйл ажиллагааг гацаах төлөвлөгөө нь шооконд байх үед боловсруулсан учраас ард түмний зүгээс харин ч зэмлэл хү- лээв. Одоо Өвөрхангайгаас сонгогдож түр үнэмлэхээ авсан хоёр гишүүний асуудал УИХ-д биш шүүхэд, таван тойрогт хяналтын тооллого хийх шаардлага нь СЕХ-нд хамаатайг хүлээн зөвшөөрч байгаа. Гэвч хэдэн өдөр гүрийж байснаа шууд УИХ-ын ажилд оролцоод эхлэх нь хэцүү учраас байдлыг харзнаж сууна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Бид 25 гишүүнийхээ биш, тэдэнд итгэл хүлээлгэж сонгосон 600 гаруй мянган хүний эрх ашгийг бодож байна” гэсэн “төв” тайлбар өгсөн. Гэхдээ АН, ИЗНН, “Шударга ёс” эвсэлд санал өгсөн сая гаруй хүний эрх ашиг чухал биш үү гэсэн асуулт гарч буй юм. Юутай ч МАН-ынхны улс төрийн шоок банталт болж хувирч байх зуур анхан шатны шүүхээс МАХН-ын дарга Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноов. Улмаар УИХ-д хамгийн олон суудал авсан АН-аас урилга хүлээн авч Засгийн газрыг хамтран байгуулахаар гэрээ хийсэн МАХН, МҮАНын “Шударга ёс” эвслийнхэн хямрав. Шүүх хурал урьдын адил хойшлолгүйгээр эхэлмэгц л МАХН-ынхан сандралдаж, “Н.Энхбаярт ял оноовол Засгийн газарт орохгүй” гэсэн “барьцаа” тавихаар зэхсэн юм. Удирдах зөвлөл нь ч энэ тухай ярилцав. Түрүүчээсээ гишүүд нь мэдэгдлээ хийсэн. Мөн л шоокийн байдалд гаргасан яриа учраас олон нийтийн зүгээс дэмжлэг авсангүй. Н.Энхбаяр ард түмнээс илүү юм уу, “Шударга ёс” эвсэл Н.Энхбаярыг л хамгаалахын тулд УИХ-д орсон уу гээд л шүүмжлэл өрнөсөн.

Хэд хоног өнгөрөхөд тэдний шоок арилж, “Шууд л ингэж зүтгээд алдана уу гэхээс онохгүй” гэдгээ ойлгов бололтой. Анхдугаар чуулганд АН, ИЗНН, бие даагчидтай хамт МАН-ыг хүлээн хэд хоног суухдаа тэд “МАН төрийн ажлыг ингэж гацааж болохгүй” гэж байсан юм. Хэрэв энэ тохиолдолд тэд Н.Энхбаяраар Засгийн газрын, төрийн ажлыг барьцаалбал Өвөрхангайгаас сонгогдож түр үнэмлэхээ авсан хоёр гишүүнээр УИХ-ын ажлыг гацаасан МАН-ын “хоёр дахь дүр” болно гэсэн үг. МАН болж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Төрийн ажлыг гацаасан хэмээн олон нийтэд шүүмжлүүлж байсан МАН энэ хэд хоногт анхаарлын төвөөс багахан холдсон. “Шударга ёс” эвсэл Н.Энхбаяраасаа болоод Засгийн газарт орохоос татгалзвал АН тэдэнд санал тавихаас аргагүй болно. Ийм нөхцөл тэдэнд илүү ашигтай. Тэгэхээр МАН чимээгүй ажиглахаас өөр яах вэ.

АН-ЫН СЭТГЭЛ ЗҮЙ ЯМАР БАЙНА ВЭ

Ирэх дөрвөн жилд төрийн ажлыг амжуулах хамтрагчаараа шууд л “Шударга ёс” эвслийг сонгосон АН-ын хувьд тэдний эхний байр суурь цочир санагдсан нь мэдээж. Бас байдал буруу тийш эргэчихээс өмнө амжиж Засгийн газраа байгуулахаар яаравчилсан. Бас хэд хоног бодож, дотогшоогоо “бясалгав”. Сандарснаа ил гаргахг үйн тулд удирдлагууд нь байр сууриа яаран илэрхийлэхээс түдгэлзэж явлаа. Эвслийг бүрдүүлэгч МҮАН-ынхны хувьд анхнаасаа МАХН-аас өөр байр суурьтай байсан. Тэд “Шүүхийн шийдвэр эцсийнх биш, дараагийн шатны шийдвэрийг хүлээх хэрэгтэй. Хийж бүтээнэ гэж амлаж ард түмний саналыг авсан учраас Засгийн газар байгуулах гэрээгээ үргэлжлүүлэх ёстой” гэж үзэж байгаа.

МАХН-ын даргад шүүхээс ял оноосны “шоок” нь гарч буй учир МАХН-ын гишүүд энэ бүхнийг одоо тооцож буй биз. Түрүүчээсээ “Бид төрийн ажлыг гацаахгүй” гэдгээ мэдэгдээд байгаа юм. АН-ынхан асуудал зөв голдирол руугаа эргэх энэ мөчийг л хүлээсэн биз. Өчигдөр УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нь тайлбар өгсөн юм. “Шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй” хэмээн тэр мэдэгдээд хууль эрх зүйн хувьд өөрчлөх зүйл байгаа бол хамтарч ажиллахад бэлэн гэдгээ онцолсон. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван засаглал Монголд бий. Эд тус бүртээ хараат бус, бие даасан тогтолцоотой. Тийм байхад УИХ нь шүүхийн хараат бус байдалд халдаж, ямар шийдвэр гаргахыг заах ёсгүй.

Хуулийн дагуу бол байдал ийм гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга тайлбарлав. Нэг ёсондоо төвийг сахисан хариулт өглөө. Н.Энхбаяраар төрийг барьцаалж, МАН-ын хойноос орох уу, тэдэнд итгэл хүлээлгэсэн ард түмний сонголтыг илүүд үзэх үү гэдгээ “Шударга ёс” эвслийнхэн удахгүй шийдэх биз. АН харин энэ зуур харьцангуй тайвширч, МАН-ынхан “урилга” ирж магад хэмээн харуулдсан өдрүүд үргэлжилж байна.

mongolnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих