Биеэ үнэлэгчийн блогоос бестселлерийн зохиолч болсон Ракель

Амьдралд тааварлашгүй явдал хэд хичнээн тохиолддог билээ. Өнөөдөр гудамжинд орох орон, ойчих оронгүй шаналж явсан нэгэн маргааш нь тансаг харшийн эзэн болохыг ч үгүйсгэхийн аргагүй гэдгийг Бразилын биеэ үнэлэгч Ракель Пачекогийн намтар илтгэнэ.
Ракель 17 настайдаа гэрээсээ зугтжээ. “Би өөрийнхөө хүслээр биеэ үнэлэгч болсон” гэж тэр ярих дуртай. Гэрээсээ зугтсаныхаа дараа ажлын зарын дагуу хэд хэдэн албан газар очсон ч боловсролгүй охинд өндөр цалинтай ажил амлахгүй гэдэг нь тодорхой болж. Ингээд тэрээр биеэ үнэлж мөнгө олохыг илүүд үзжээ.
“Би секст дуртай л даа. Тийм болохоор секс хийгээд мөнгө олно гэдэг дажгүй санаа шиг санагдсан. Хэдийгээр биеэ үнэлнэ гэдэг томоохон эрсдэл, гэнэтийн таагүй адал явдалд оруулдаг ч гэсэн надад дажгүй л санагдсан. Гэхдээ би олон жил биеэ үнэлээд юу ч олж чадахгүй, мөнгө ч хуримтлуулахгүй гэдгээ эрт ойлгосон. Тиймээс ирээдүйд ганц бие, хар дурсамжаар дүүрэн нэгэн болохгүйн тулд олдож буй боломжийг ашиглана гэж боддог байлаа” хэмээн Ракель сонинд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Ракель гурван жил биеэ үнэлснийхээ дараа хамгийн эртний мэргэжлийг орхисон юм. Буруу замаас гарахад нь түүнд хөтөлж байсан блог нь тус болжээ. Тэрээр биеэ үнэлж байхдаа Бразилын нэгэн цахим хуудсанд “Усан дээгүүр гулгагч бяцхан Бруни” хэмээх нэрээр блог хөтөлж, түүндээ үйлчлүүлэгчдийнхээ содон, хачин зуршил, сексээс авсан таашаал, мэдрэмжийнхээ тухай ний нуугүй бичдгээс гадна үйлчлүүлэгчдийгээ 10 хүртэл оноогоор үнэлж, чансаа хүртэл гаргадаг байж. Эхэндээ Ракель олон үйлчлүүлэгчийг татахын тулд блог хөтөлснөө хүлээн зөвшөөрсөн юм. Түүний хөтөлж буй блогийг зөвхөн эрчүүд уншдаг байх гэж бодтол харин ч эмэгтэйчүүд түлхүү уншдаг нь тодорхой болоход багагүй гайхжээ. “Хангалуун амьдралтай хатагтай нар гаднаа үнэхээр өөгүй харагддаг ч үнэндээ сексийн таашаал амсахыг хүсч, мөрөөдөж явдгийг би ойлгосон. Тэд над руу олон захидал илгээж, сексийн таашаалын нууцыг мэдэхийг хүсдэг байлаа” гэж Ракель ярьжээ. Мөн тэдгээр хатагтай нар Ракелийг хамгийн ихээр үзэн яддаг байсныг ч үгүйсгээгүй байна.
“Биеэ үнэлэлтийг сурталчиллаа гэж намайг олон хүн буруутгадаг. Харин би биеэ үнэлэлт бол хамгийн сайхан мэргэжил. Үүнээс ичих юм юу ч байхгүй гэж үнэн сэтгэлээсээ боддог байсан” гэж Ракель үргэлжлүүлэн ярьжээ.
“Усан дээгүүр гулгагч бяцхан Бруни” блог өдрөөс өдөрт улам олон уншигчидтай болж байлаа. Ингээд нэгэн өдөр түүнд хэвлэлийн томоохон компанийн захирлаас “Блог дахь тэмдэглэлээ ном болгон хэвлүүлээч” гэсэн урилга иржээ.
Тэрхүү урилгыг илгээсэн хэвлэлийн компанийн захирал Марчелла “Брунигийн блогийг уншиж эхэлмэгц гайхалтай содон сэтгэгдэл төрсөн. Тэнд гэр бүлийн асуудлууд, хайрын түүх бас маш их секс байсан” хэмээн ярьж байна.
Ингээд төдхөн “Усан дээгүүр гулгагч бяцхан Бруни” блогийн бичлэгүүд “Хилэнцийн амтат хор: Дуудлагаар үйлчлэгч бүсгүйн өдрийн тэмдэглэл” хэмээх ном болон хэвлэгджээ. Эхний хэвлэлт нь хэдхэн хоногийн дотор зарагдсан тул яаравчлан дахин хэвлэлтэд оруулсан байна. Мөн дэлхийн 12 улсын хэлнээ богино хугацаанд орчуулагдаж, борлогдож эхэлсэн байна.  Ракель ч богино хугацаанд од болж, телевизийн нэвтрүүлэгт ээлжлэн уригдах болов.
“Усан дээгүүр гулгагч бяцхан Бруни”-гийн блогийн бичлэгийн хэсгээс цухас хүргэе. “Зөвхөн мөнгө л бодож, санаагаа амраахаар шийдэв. Би түүний үнэрийг мэдрэхдээ ойртохоос дургүй хүрч буйгаамэдэрсэн… Энэ секс үнэхээр муухай байлаа. Зарим хүмүүс намайг бүтэлгүй долоо хоногийнхоо уур бухимдлыг тайлж, санаагаа амраах гэж дууддаг. Биеэ үнэлдэг бүсгүйд ч бас бүтэлгүй өдөр байдгийн нэг нь энэ. Анх биеэ үнэлээд гар утас худалдан авч, өөрийгөө шагнаж байлаа. Энэ нь ирээдүйн үйлчлүүлэгч нарыгаа үргээчилгүй, цоглог сайхан харагдахын тул өөрийгөө шагнаж, сэтгэл санаагаа зассан хэрэг”…гэж блогийн нэгэн хэсэгт бичжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Дебора Секкогийн гол дүрийг нь бүтээсэн “Хөөрхөн бүсгүй” кино дэлгэцэнд гарсан нь Ракелийн амьдралаас сэдэвлэсэн бүтээл байв.
Биеэ үнэлэгчийн тухай кино хийсэн нь биеэ үнэлэлтийг дэмжиж, магтан сайшаасан явдал гэж зарим хүмүүс шүүмжилж байгаа гэнэ. Харин Ракелийн хувьд энэ шүүмжлэл сонирхол татам зүйл биш болжээ. Тэр саяхан гэрлэж, гэр бүлийн аз жаргалыг амсаж эхэлсэн байна. Нөхөр нь Ракелиар үйлчлүүлэгчдийн нэг. “Үйлчлүүлсэн”-ийнхээ дараа дахин уулзахыг хүсч, улмаар уулзалтууд нь болзоо болон хувирч, сүүлдээ тэд гэрлэсэн байна. Гэхдээ нөхөр нь эхнэрээсээ салж Ракельтэй гэрлэсэн нь дахиад л шуугианы бай болсон. Гэвч Ракель өнөөгийн аз жаргалаа хэн нэгнээр шүүлгэхийг, заалгахыг хүсэхгүй. Тэрээр аль хэдийнэ жаргалтай гэрийн эзэгтэйн тухай блог хөтөлж эхэлсэн бөгөөд түүндээ хааяа сексийн тухай “хачир” нэмэхээ мартдаггүй гэнэ. Харин “Усан дээгүүр гулгагч бяцхан Бруни” блог одоо зөвхөн ном хэлбрээр л үлдсэн байна. Энэ блогийнхоо сүүлийн бичлэгт Ракель жинхэнэ нэрээ танилцуулаад “Үүрд баяртай” гэж төгсгөжээ. Энэ өдөр тэр мөн бие үнэлэгчийн амьдралдаа цэг тавьсан юм.
Р.Гэгээ


URL:

Сэтгэгдэл бичих