Автобус ирэх жилээс картаар тооцоо хийнэ

Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд байрлал тогдорхойлогч болон камертай болохоор болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс тодрууллаа.

-Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд хэзээ­нээс байрлал тогтоогч болон камертай болох юм бэ?

-Ирэх жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийс­лэлийн нийтийн тээврийг сайж­руулах төсөл хэрэгжих болсон. Уг төсөлд нийтийн тээврийн хэрэгслийн байрлал тогтоох систем, мэдээлэлжүүлэх систем, төлбөрийн картын систем зэрэг цогц шинэчлэл хийнэ. Туршилтын ажлыг ирэх жилээс хийж эхэлнэ.

 

-Байрлал тогтоогчтой болсноор ямар давуу талууд бий болох вэ?

-Байрлал тогтоогчтой болсо­ноор тухайн автобус хаана явж байгааг цаг минут тутамд дүрс­тэй мэдээлэх болно. Тиймээс иргэд гар утсаар тухайн дүрстэй мэдээг хүлээн авах боломжтой болох юм. Уг ажлын хүрээнд технологийн олон шийдлийг судалж байж хамгийн оновчтой сүүлийн үеийн боловсронгуй системийн суурилуулж хийх төлөвлөгөө гаргаад байна.

 

-Төлбөрийн картын сис­темийг бүх автосанд нэвтрүүлэх үү?

-Эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон үнэгүй зорчдог ахмад настан, оюут­нуудыг хамруулан төл­бөрийн картын системд шил­жүүл­нэ. Түүний дараа мөнгө төлдөг иргэд автобусны картандаа мөнгөө хийгээд тухайн картаараа үйлчлүүлдэг болно.Тиймээс бэлэн мөнгөтэй харьцахгүй болно. Ирэх жилээс туршилт хийж эхлэхээр бүх зүйл тодорхой болно. Одоогоор нарийвчилсан зураг төслийн ажлыг АХБ-ны санхүүжилтээр хийгдэж эхэлж байгаа.
-Төслийн хүрээнд өөр ямар ажил хийгдэх үү?

-Нийтийн тээврийн автобусыг тусгай зурвасаар явуулахын тулд нэмэлдэл замын өргөтгөл, гүүрэн байгууламж зэрэг шинэчлэлийн зүйлүүд хийгдэнэ. Тухайлбал, хоёр эгнээ байгаа замуудыг гурван эгнээ болгох, багтаамж ихтэй, цахилгаан хөдөлгүүртэй автобустай болох зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна.
-Нийтийн тээврийн үйл­чил­гээний соёл чанарыг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудаас үр дүн гарч байна уу?

-Нийтийн тээврийн соёл чанарыг сайжруулах хоёр сарын ажлын хүрээнд нийтийн тээврийн үйл ажиллагааны чиглэлээр уралдаан зарлаад явагдаж байна.Уг уралдааны гүйцэт­гэлийн биелэлтэд ир­гэний байгууллагуудын орол­цоо­той төрийн бус байгууллага, нийслэлийн иргэдийн төлөө­лөг­чид үйл ажиллагааг нь шалгаад дүгнэлтээ гаргаад шалгаруулалт хийнэ

. Уралдааны эхний сарын үр дүн гарсан. Уг уралдааны үр дүн одоогийн байдлаар сайн гарч байна. Тухайлбал, автобуснууд цэвэрлэгээ хийхгүйгээр  үйлчилгээнд гарахгүй болсон. Тэр утгаараа  их,  бага хэмжээгээр заавал цэвэрлэгээ хийж байна.  Өдөр хийгдэх ёстой цэвэрлэгээ мөн хийгдэж байгаа зэрэг олон дэвшил гарсан байна.
-Автобусны гадна болон дотор талд байрлуулсан санал гомдлын утсанд иргэд хэр их хандаж байна вэ?

-Том оврын автобуснуудын дөрвөн талд санал асуулгын хуудас байрлуулсан. Уг хуудас байрлуулснаас хойших хоёр сарын хугацаанд ирсэн санал гомдлын тоо өнгөрсөн оны мөн үеийн хоёр сартай харьцуулахад 4.5 дахин нэмэгдсэн. Энэ нь нийтийн тээврийн үйл ажиллагааны тал дээр иргэдийн оролцоо нэмэгдсэн байгаа гэсэн үг юм. Ирсэн гомдлын 60-70 хувийг замын зөрчил, үйлчилгээний ажилчдын харьцааны талаарх санал эзэлж байна. Тиймээс бид үүнд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

Ж.Отгонмягмар
Эх сурвалж: “Монголын Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих