Автобусанд суухын зовлон

Цаана чинь адгууснаас дор хүмүүс нийгэмд бий болчихож та минь. Юу гээч.  Хотын дарга Э.Бат-Үүл замын түгжрэлийг багасгахын тулд том оврын автобусыг замын нэгдүгээр эгнээр зорчуулах болсон. Мөн төрийн албан хаагчдыг автомашинаа орхиж нийтийн тээврээр явахыг зарлигдаж байх энэ үед кондукторууд буюу зорчигчдоос “бэлэн мөнгө” хураагчдын ааш зан хэрээс хэтэрлээ.

Анх би тэднийг “Өдөржингөө олон хүмүүстэй харьцдаг болохоор уцаарладаг нь аргагүй биз” хэмээн бодож байсан минь даанч буруу байж. Гэхдээ тэдний сайхан зантай байдаг нэг үе бол зуны улирал. Зай, талбай эзэлж үнэгүй суудаг оюутан, ахмад настнууд хөдөөлчихдөг болохоор үнэгүй зорчигч гэж нэн ховор. Ядаж цонх цантахгүй, хүмүүс буудал асууж, шалгаадаггүй болохоор зүгээр мөнгөө хураагаад л явна. Гэтэл одоо тэдний “ясны” муухай аашлахуйн улирал эхлэв бололтой.

Миний гурван танил маань саяхан ингэж ярилаа. “Үгүй ээ энэ автобусны кондукторуудыг яах вэ. Зүүн дөрвөн зам \13-ийн\-ын автобусны буудлаас Зүүнсалаа-Халдварт гэсэн автобусанд 21 дүгээр хороолол орох санаатай суулаа. Хаалгаар ортол 30 гаруй насны эрэгтэй кондуктор хаалганы өмнө “Мөнгөө хурдан өгөөрэй, бэлдээд орж ирэхэд яадаг байна аа” гэж бас гартаа мөнгө барьчихсан нэлээд ууртай зогсоно. Бид хэд ч гэсэн автобус хүлээгээд удаан зогссон болохоор гар жаахан бээрчихсэн түрийвчээсээ мөнгө гаргаж өгөх хүртэл хэсэг удчихав. Тэгээд яахав түүнд загнуулан байж тасалбараа ч авлаа.

Гэтэл суусан автобус хүйтэн гэж жигтэйхэн. Ядаж байхад цонх нь цантчихсан ямар буудал дээр зогсож байгаа нь ч мэдэгдэхгүй юм. Кондуктороос хаана явж байгааг асуутал “Мэдэхгүй ээ. Цонх цантчихсан байгааг харахгүй байна уу. Та нар ч гэсэн буудлаа харж явахад яадаг байна аа. Манай автобусанд буудал зарлагч байдаггүй” гэлээ. Бид гурав түүнтэй хэсэг түр тар хийж байтал буух буудал ч ирэв бололтой. Ер нь нэг хэсэг бүх автобусуудад буудал зарлагч тавина энэ тэр гэж баахан юм болж байсан хаана байна. Хамгийн эмгэнэлтэй нь монгол эрчүүд эм болчихсон юм шиг” гэж өөрсдөдөө тохиолдсон зүйлээ хуучиллаа. Тийм ээ монгол эрчүүдийн хүйс нь солигдож, хэл ам нь эмэгтэй хүнээс илүү гүйцэгдэхээ байсан нь үнэн. Харин гурван танилд маань таарсан кондуктор үйлчилгээний байгууллагын ажилтан байж ямар зан гаргаж буй нь харамсалтай санагдчихлаа. Дээрээс нь олон нийтэд үйлчилж байж хүйтэн, цонх нь цантчихсан, бас ямар буудал дээр зогсож байгааг жолооч кондукторууд нь хэлдэггүй тийм компани, түүний ажилчид гэж байж болох уу. Үнэхээр зөв, соёлтой сайхан үйлчилгээ үзүүлж чаддаггүй юм бол чаддаг нэгэнд нь эрхээ өгсөн нь дээр биз дээ.

КОНДУКТОР МӨНГӨ ХУРААДАГ УЛС МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ

“Ер нь энэ манай нийтийн тээврийн үйлчилгээ гэж дэлхийн хамгийн соёлгүй, хоцрогдсон арга. Мөн манай улсаас өөр хаана ч ямар ч улсад автобусанд суусан хүнээс кондуктор бэлэн мөнгө хураадаг систем байхгүй” гэж Том оврын автобусны холбооны тэргүүн н.Дамдинсүрэн хэлж байв. Хоцрогдох байтугай, хүмүүс тэднээс аль хэдийнэ залхаад эхэлчихсэн. Ядаж байхад зорчигчиддоо зөв үйлчилдэггүй юм аа гэхэд автобусныхаа заалыг цэвэрлэчихэд тэднээс юу унав гэж. Нэгэнт цалин авч, хоолоо залгуулж байгаа хойно энэ мэтийн ажлыг хийчихэж болно биз дээ. Суудал дүүрчихсэн үед зааланд зогсоод юмнаас барих гэхээр нэл шороо байдгийг автобусаар үйлчлүүлэгчид мэднэ. Түүнчлэн зарим чиглэлийн автобусын кондукторууд ямар ч тасалбар өгөхгүй мөнгө хураадаг. Тасалбараа авъя гэхээр “Манай компанид байхгүй” гэх хариулт өгнө. Уг нь авто тээврийн тухай хуульд, бүр том оврын автобусуудын хаалган дээр “Зорчигч  та тасалбараа заавал авна уу” гэсэн анхааруулсан бичиг байдаг шүү дээ. Гэтэл энэ хууль, дүрэм тэдэнд үйлчилдэггүй аж.

Мөн автобусны чиглэлийн зогсоолуудад аль чиглэлийн ямар автобус хааш явдаг талаар ямар ч мэдээлэлгүй байдаг нь дутагдал гэмээр. Үүнд тохирох нэг жишээг өгүүлье. Миний нэгэн танил олны нэрлэж заншсанаар Урт цагааны ойролцоо амьдардаг. Ажил нь 25 дугаар эмийн санд байдаг юм. Гэтэл танил маань ажил руугаа автобусаар явах гэхээр дээр дурьдсан чиглэлийн мэдээлэлгүй нь улмаас автобус хүлээж ажлаасаа хоцрохын оронд гурван буудал газар юм чинь гээд таксигаар явчихдгийг хэлж билээ. Хэрэв яарч сандарсан, тухайн байршлыг мэддэггүй хүнд ч гэсэн чиглэлийн мэдээллийн самбар байвал өнөөх төрийн албаныхны хэлдгээр түргэн, шуурхай үйлчилгээний нэгэн илрэл болох нь дамжиггүй.

ГУДАМЖНЫХ Ч ГЭСЭН  ТЭР ХҮН БИЗ ДЭЭ

“Навсайсан, муухай үнэртэй гуйлгачин буугаа ч. Хүмүүсийн хувцас, хунар заваартуулаад. Алив буу, буу. Арчаагүй юмсууд” хэмээн хүний хорвоогийн хатуу амьдралын дэнсэнд дарагдаж яваа нэгнийгээ өнөөх мөнгө хураагчид зэмлэнэ, хүчээр түлхэж буулгана.

Монголчууд ийм хүний үнэргүй амьтад байсан юм гэж үү. Харин зовсон нэгэндээ туслахыг хичээдэг улс байлаа. Гэвч харамсалтай нь өнөөгийн бидний яс, махны тасархайнууд даяршлын хар шуурганд нэрвэгдээд тийм биш болчихож. Дахин эргэж олохооргүй хүн чанараа гээчихэж. Эцсийн дүндээ гудамжны ч гэсэн тэд хүн л биз дээ. Автобусны хаалганы тэрүүхэн зайнд суулгаад явахад төмөр нь хайлчихгүй нь ойлгомжтой.

Мөн кондукоруудын халаасанд төр мөнгийг нь хийдэг хэдэн оюутнуудыг хүртэл байнга аашилдаг нь юу билээ. Хөөрхий тэд бичиг, баримтаа хурдхан шиг үзүүлчихээд кондуктор үг хэлж амжаагүй байхад “За эгч ээ, бид зайтай газар руу зогслоо” хэмээн гэм хийсэн хүн шиг бөндөгнөж одно. Эх орныхоо ирээдүй болсон энэ залуус юунд ингэж айна вэ. Мөнгө хураагчдын хэл, амаар доромжилж, аашилж загнадаг нь оюутнуудын зүрхэнд нь орчихсон болохоор тэд ингэж байгаа нь тэр.

Тэгвэл мөнгө хураагчид бас мөнгө хүүлэгчид тэдэнд төр, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилсэн гээд 40 мянга, мөн оюутнуудын хөнгөлттэй зорчсоны мөнгө сар бүр цалингийн нэмэгдэл болгож өгнө. Дээрээс нь тэд овсгоотой ажиллавал өдрийн 40-50 мянган төгрөгийн “унац” гаргана.

Л.Баатархүү


URL:

Сэтгэгдэл бичих