Д.Баярсайхан: Төрийн банкийг хувьчлах ёстой

Д.Баярсайхан: Төрийн банкийг хувьчлах ёстой

Санхүүгийн зах зээл, валютын ханшийн өсөлттэй холбоотой зарим асуудлаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхантай ярилцлаа.

-Валют арилжааны төвүүдийн үйл ажиллагаа ханшийн хэлбэлзэлд нөлөөлж байна гэх шүүмжлэл гардаг. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?
-Манай зохицуулалтад валютын арилжаа хийдэг банк бус санхүүгийн байгууллагууд (ББСБ) багтдаг. Эдгээр ББСБ-ууд нийт валютын арилжааны 4-6 хувийг эзэлдэг. Энэ бол статистик мэдээ. Ийм бага хувийг эзэлдэг ББСБ-ын арилжаа ханшид нөлөөлөх ямар ч боломж байхгүй. Зохиомол үнийн хөөрөгдөл гэдэг асуудлыг ярьдаг. Манай валют арилжааны байгууллагууд ам.доллар 1400 төгрөгтэй тэнцэж байсан ч худалдаж аваад 6-10 төгрөгөөр нэмж зардаг. Авах зарах мөнгөний хэлбэлзэл нь тийм бага байдаг. Мөн банкуудын ам.долларын ханш ямар байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Банкуудын ханш 40 хүртлэх төгрөгийн хэлбэлзэлтэй явж байгаа.

Жирийн иргэн хүн аль ч тохиолдолд валют авъя гээд очиход арилжааны төвүүдийн ханш хямд байдаг. Ер нь валютын ханшийг цаашид тогтвортой байлгахын тулд зарим гүйлгээг төгрөгөөр хийх шаардлага байна. Үндэсний мөнгөн тэмдэгтээр төлбөр тооцоо гүйцэтгэх хууль гэж байгаа. Энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой.

Сургууль цэцэрлэгийн төлбөр, байшин барилга худалдан авах, үүрэн телефонуудын төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийе гэдэг асуудлыг тавьдаг. Нэг ёсондоо мөнгөн тэмдэгтийнхээ хэрэглээг ихэсгэх шаардлага бий. Тийм учраас хуулийн хэрэгжилтийг хангах асуудал чухал байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд онцгой албан татвараар орж ирдэг тамхи, машин техникийг ам.доллараар төлж болно гээд оруулсан. Ам.доллараар төлбөр тооцоо хийж болно гээд хуульд заасныг засах ёстой гэж бодож байна.

-УИХ-ын дарга танай байгууллагын ажилчидтай хийсэн уулзалтын үеэр ББСБ-ууд арилжааны самбарт гаргасан үнээрээ валютын арилжаа хийхгүй байна, иргэдийг тосч валют худалдан авч байна гэсэн шүүмжлэл яригдсан. Тийм зүйл “Найман шарга”арилжааны төв дээр байна уу?
-Самбарт гаргасан тэр ханшаараа л гүйлгээ хийх ёстой. Үнэхээр тийм зүйл байгаа бол зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хүмүүст худлаа мэдээлэл өгч өөртөө татаад өөр ханш хэлж байгаа бол болохгүй. Ийм зүйлтэй хатуу тэмцэнэ. Зарласан ханшаараа заавал арилжаа хийх ёстой. Иргэдийн гар дээрээс валют авч байгаа зүйл байхгүй. Ам.доллар авна гэж хэлээд дотогшоо орж арилжаа хийдэг шүү дээ. Үйлчлүүлэгчээ тосч үйлчилж байгаа л нэг хэлбэр юм. Энэ бол буруу. Үүнийг өөрчлөх ёстой. Хэрвээ бүртгэгдээгүй хөрөнгөөр арилжаа хийгдэх юм бол тэр хөрөнгийг нь хураах хүртэл шийдвэр гаргах ёстой. Гэхдээ энэ нь валютын арилжаанд нэг их нөлөөлөхгүй байх гэж бодож байна.

-Хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхи хэр байна вэ?
-Сүүлийн үед яригдаад байгаа “Хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвхи буурчихлаа. Уналттай байна” гэдэг нь үнэн. Зах зээл дээр бүтээгдэхүүн байхгүй байна. Нэг ёсондоо дэлгүүрт бараа байхгүй болчихлоо. Үнэт цаасны төлбөр тооцооны төв дээрх нийт компаниудын дийлэнх нь төрийн өмчит компаниуд байна.

Төрийн өмчийн хувьцаануудыг биржээр арилжих, задлах хэрэгтэй. Хоёрдугаарт стратегийн ордуудыг олон нийтээс хөрөнгө татах замаар IPO хийх, арилжаа гаргамаар байна. Өмч хувьчлалаас үүдэж хувьцааны төвлөрөл бий болсон учраас зарах хувьцаа байхгүй байгаад байна. Цөөн хүн хувьдаа төвлөрүүлчихсэн. Тиймээс бүртгэлийн шаардлагын дагуу төвлөрсөн хувьцаат компаниуд хувьцаагаа задлах, эсвэл биржийн бүртгэлийн шалгуурын дагуу 25 хувиа нийтэд арилжих асуудлыг тавина. Мөн нэмж хувьцаа гаргах асуудлыг ярина. Тэгэхгүй бол биржийн листингээс хасах хүртэл асуудлыг ярих ёстой.

-Даатгалын салбарыг илүү өргөн утгаар хөгжүүлэх ёстой байх. Үйлдвэр үйлчилгээний бүх салбарт даатгалыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үздэг. Энэ дээр хэр ажиллаж байна вэ?
-Санхүүгийн зах зээлийн нөгөө талд нь даатгалын зах зээл хүчтэй хөгжих ёстой. Даатгалын салбар сүүлийн үед өсөлттэй байгаа. Гэхдээ бидэнд хийх ажил их байна. Ялангуяа хариуцлагын даатгалын том тогтолцоог эргэлт буцалтгүй хийх ёстой. Түрүүчээсээ эхлээд хийгдсэн. Та бүхэн мэдэж байгаа. Жолоочийн албан журмын даатгал хэрэгжиж эхэлсэн. Энэ бол мэргэжлийн хариуцлагын анхны том даатгалын ажил. Дээрээс нь хуульч, эмчийн хариуцлагын даатгалыг оруулж ирнэ. Энэ мэтээр даатгалын салбарт хийгдэх ажлууд хүчтэй яригдаж байна.

-“Хадгаламж” банкийг Төрийн банкинд нийлүүллээ. Энэ нь хэр зөв хувилбар вэ. Банкуудыг нийлүүлэх процесс харилцагчдад чирэгдэл, хохиролгүй явагдаж чадсан болов уу?

-Өөр сонголт байгаагүй юм биш үү. Яагаад гэхээр төв банкнаас тавьдаг эдийн засгийн шалгуурын асуудал “Хадгаламж” банкны хувьд хөндөгдөж зохистой харьцаа нь алдагдаад ирсэн болохоор Монголбанк хуулийнхаа дагуу шийдээд явсан байх. Төрийн банктай нэгтгээд явсан нь хамгийн хурдан, зөв байсан гэж хөндлөнгөөс хардаг. Эндээс хамгийн гол нь зах зээлд доргихгүй байх ёстой. Харилцагч хохирохгүй байх нь чухал. Энэ зарчим бүрэн хангагдаж байгаа учраас зөв шийдэл байсан болов уу. Түүнээс үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигчдийн буруутай үйл ажиллагаанаас болж яригдсан бол өөр асуудал. Тийм биш учраас санхүүгийн тогтвортой байдал талаасаа хамгийн зөв шийдэл.

-Төрийн банкийг хувьчлах ёстой гэж үзэх хүмүүс бий. Хувьчлагдах шаардлагатай юу?
-Хувьчлах ёстой байх аа. Төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлдөнө гэдэг утгагүй. Төрийн том бүтэц хувийн хэвшлийн банкуудтай өрсөлдөнө гэдэг шударга бус зүйл. Хамгийн их мөнгөтэй, эдийн засгийн шийдвэр гаргадаг байгууллага нь дэргэдээ банктай байж хувийн хэвшлийн банкуудтай өрсөлдөх нь зохисгүй. Тэгэхээр Төрийн банкийг хувьчлах ёстой. Гэхдээ хувьчлах асуудал нь Засгийн газар, Төрийн өмчийн хорооны мэдэх ажил. Энэ бол цаг хугацааны л асуудал байх. “Хадгаламж” банкны нэгтгэх ажил нь бүрэн шийдэгдээд, үйл ажиллагаа нь чигдрээд ирэхээр хувьчлах  байх л даа.

-Хэдэн ХЗХ ажиллаж байна вэ. Үйл ажиллагаа нь хэр тогтвортой байгаа вэ?
-Одоогоор 160-аад ХЗХ ажиллаж байна. Тоо нь цөөрсөн ч актив нь хуучнаасаа өссөн. Нийт хадгаламж зээлийн хоршооны тал нь хөдөө орон нутаг, суманд ажиллаж байна. ХЗХ цаашид хөгжинө гэж бодож байгаа. Яагаад гэхээр бие даасан хуультай болсон. Азийн хөгжлийн банктай хамтраад төсөл хэрэгжүүлж байна. ХЗХ-дын чадавхийг бэхжүүлэх, үнэлгээ өгөх гээд бодлогын шинжтэй өөрчлөлтийг хийгээд явж байгаа. Үүний үр дүн гарна. Шинэ хуулийн дагуу хоёр ХЗХ тусгай зөвшөөрөл авсан. Өмнө нь ХЗХ татан буугдах процесс явж байсан бол эргээд шинэ хуулийн дагуу үүсэн байгуулагдах ажил эхэлж байна. Надад бол энэ нь өөдрөг төсөөлөгдөж байгаа. Өмнөх тэр дампуурал, санхүүгийн салбарыг унагаасан 2005, 2006 оны үе дахиж гарахгүй. Яагаад гэхээр хариуцдаг байгууллагатай, бие даасан хуультай болсон. Мөн иргэдийн санхүүгийн ухамсар дээшилж байна.

Т.Амартүвшин


URL:

Сэтгэгдэл бичих