Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд орлоо

2011 оны 6-р сарын 11-ний өдөр Монголын хувийн хэвшлийн төдийгүй дотоодын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал тохиолоо.

Энэ өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг уурхайн цогцолборт улсдаа анхдагчид тооцогдох Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтанд  орж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм.

2009 онд Ухаа Худаг коксжих нүүрсний ордод олборлолт явуулж эхэлсэн, үндэсний уул уурхайн Энержи Ресурс компани ердөө хоёр жил гаруйхны хугацаанд Ухаа Худагийн хөндийд томоохон бүтээн байгуулалт өрнүүлж, дэд бүтцийн олон чухал шийдлүүдийг бий болгосон бөгөөд ийнхүү Монголд анхдагч Нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж эхэллээ.

Нүүрсийг баяжуулж боловсруулснаар дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадвар дээшлэх төдийгүй тээвэрлэлтийн өртөг буурч, бүтээмж нэмэгдэн, “Монгол”-оор овоглосон нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ цэнэ нэмэгдэх боломж бүрдэж байна.

Үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд төр засаг, салбарын яамны удирдлагууд, мэргэжлийн байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчид болон Энержи Ресурс компанийн бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хамтарч ажилласан гүйцэтгэгч, түнш болон хамтын ажиллагаат гадаад, дотоодын олон байгууллагын хүндтэй зочин төлөөлөгчид байлцжээ. Ухаа Худаг уурхайн цогц төслийн хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын барилга угсралтын ажил бүрэн дуусаад байгаа бол ус хангамжийн системийг мөн энэ 6-р сард улсын комисс хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм.

Боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд дэлхийд тэргүүлэгч Австралийн Сежмен компанийн технологид суурилж, олон улсын стандартыг Монголд амжилттай нэвтрүүлсэн шинэ үйлдвэртэй танилцсан зочид монгол хүний ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтэж буй бүтээн босголтонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Сэтгэгдлүүд:

-УИХ-ын гишүүн С.Оюун:
Орчин үеийн өндөр бүтээмжтэй техник технологийг нэвтрүүлж чаддаг, аюулгүй ажиллагааны өндөр хэм хэмжээг мөрдлөг болгодог, орон нутаг, байгаль орчинтой зөв зохистой харьцдаг, өөрөөр хэлвэл маш өндөр стандартын түвшинд үйл ажиллагааг бий болгож чадах хөрөнгө оруулалтыг л бид дэмжиж чадвал Монгол Улс богино хугацаанд хөгжингүй орон болох бүрэн боломжтой. Одоогоос хэдхэн жилийн өмнө бид “юу ч хамаагүй л хийгээд бай, ажлын байр, орлого бий болгож л байвал юу ч яахав” гэж ярьдаг байсан бол өнөөдөр монголчууд юу хийхээ сонгож, хамгийн зөв зохистой хувилбарыг бий болгож чадахуйц нөхцөлд ирээд байна. Энэ утгаараа сэтгэл их өндөр байна.

-УИХ-ын гишүүн Ц.Батбаяр: Өмнийн говьд анх удаа ирж байна. Мэдээлэл авч байсан боловч  ний нуугүй хэлэхэд ийм их бүтээн байгуулалт өрнүүлсэн  байгаа гэж санасангүй.  Газар дээр нь ирэхэд үнэхээр сэтгэл хөдлөм сайхан байна. Үйлдвэр эцсийн бүтээгдэхүүн боловсруулаад хичнээн сайн ажиллана, тэр хэмжээгээр энэ их бүтээн байгуулалтаас улсад төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ. Тэр татвар эргээд Улаанбаатар хотын гэр хороололд байгаа айлуудын хүүхдийн цэцэрлэг, усан хангамж, зам гээд бүтээн байгуулалтын  ажилд дамжиж очно гэсэн үг.

-УИХ-ын гишүүн Х.Жекей: Монгол улсын хөгжил цэцэглэлт, эдийн засагт асар их хувь хэмрээ оруулах, ард иргэдийн аж амьдралыг тодорхой хэмжээгээр сайжруулах чухал ач холбогдолтой үйлдвэр өнөөдөр ашиглалтанд орж байна. Энд нэг онцлогийг дурдахад манай үндэсний компаниуд  дэлхийн түвшний үйлдвэрийг барьж байгуулах хэмжээнд хүрсэн гэдэг нь тодорхой байна.

-С.Алтанхуяг, АМГ-ын нүүрсний судалгааны газрын захирал: Өнөөдөр уул уурхай болон аж үйлдвэрийн салбарын хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудас нээгдэж байна. Энэхүү нүүрс баяжуулах үйлдвэрийг анх удаа үндэсний Монгол компани барьж бүтээн байгуулж, ашиглалтанд орж байгаагаараа бүр илүү их ач холбогдолтой юм. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь нэмүү өртөг шингэсэн, дэлхийн стандартын жишигт хүрсэн өндөр үнэтэй сайн чанарын брэнд бүтээгдэхүүн болж гарч байгаараа маш чухал ач холбогдолтой. Ухаа Худаг нүүрс баяжуулах үйлдвэр манай хөгжлийн түүчээ болж араасаа олон уул уурхайн компаниуд баяжуулах үйлдвэр барьж байгуулах ийм сайхан боломж нөхцөл бүрдлээ.

-Ч.Цогтбаатар, ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга: Нүүрсийг автомашинаар тээнэ гэдэг бол байгаль орчиндоо сөрөг нөлөөлөл ихтэй.  Аюулгүй талаасаа хүндрэлтэй асуудал. Тийм учраас төмөр замын тээврийг зайлшгүй шийдэх шаардлагатай. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан байгаа. Гол төмөр замаа бол Таван Толгойгоос Сайншанд дамжуулаад Чойбалсан хүргэх ийм зорилго байгаа. Үүнийгээ хийх нь зүйтэй. Гэхдээ нэмэлтээр одоо автозамаар тээвэрлэж байгаа боомтруугаа  төмөр зам тавих зайлшгүй шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдэх байхаа гэж найдаж байна.

-Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат: Энэ шинэ үйлдвэр цаашдаа Монголд хар төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжих эхлэл суурийг тавьж байна гэж би ойлгож байна. Ерөөсөө Монголд нүүрс-химийн аж үйлдвэр болон түлш эрчим хүчний цогцолборууд хөгжих суурь тавигдаж байгаа юм. Асар олон шинэ зүйлийн эхлэлийг тавьж байгаа юм байна. Дотоодын чадварлаг инженер, техникийн ажилтнууд эндээс төрөн гарч, өсч бойжиж байна. Үүний хажуугаар гадаадын шилдэг техник технологийн туршлага ийшээ урсан орж ирж байна. Энэ бүх туршлага цаашид Монгол даяар түгэж, ихээхэн үр ашгаа өгөх нь ойлгомжтой. Олон талаасаа ач холбогдолтой том ажил өрнөж байна даа. Ирээдүйд татварын орлого, ажлын байр, үйлдвэржилтээр дамжуулан монгол хүн бүрт үр өгөөжөө өгөх ийм ажил цаашид улам бүр эрчтэй явагдах ёстой. Мөн нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжилд цоо шинэ үеийг эхлүүлж байгаа онцлогтой юм.

-Монгол улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Гайхамшигтай сэтгэгдэл төрж байна. Би бол уул уурхайн мэргэжлийн хүн биш  тариачин хүн л дээ. Энд ирээд надад хэдэн санаа төрж байна. Нэгдүгээрт, энэ говь нутагт Монгол улсын хөгжлийн том гараа эхэлчихжээ. Түрүүчийн бүтээн байгуулалт нь баригдаад маш том анхны баяжуулах үйлдвэр бий болж байна. Энэ бол зөвхөн Өмнөговьчууд биш, зөвхөн уул уурхайнхан биш Монголчуудын хувьд том бахархал. Монголын хөгжил  гарцаагүй ингэж явах ёстой гэдгийг баталсан сайхан үйл явдал боллоо. Хоёрдугаарт, Монгол мэргэжилтнүүд, Монголын залуучууд өөрсдөө хүчээ нэгтгээд, мэргэжил боловсролоо төвлөрүүлээд ажиллаж чадвал юу бүтээж чаддагийг энд харуулж байна. Энержи Ресурс компани Тавантолгойг тав хуваагаад таван ийм хэсгийг бий болгох боломж байгаа юм шиг санагдаж байна. Бусдууд нь эхлээгүй л  байна, яагаад ч юм бас л нэлээн удаад байна. Ер нь бол Монголчууд хүч хаях юм бол Монголчууд чаддаг юм байна гэдгийн амьд жишээ харагдлаа.  Төр эзэмшээд ажлаа явуулна гээд байдаг. Гэтэл хувийн хэвшил аль хэдийн бүтээн байгуулалт өрнүүлж, яаж хийж болдгийг харууллаа. Их л гайхамшигтай юм. Зөвхөн надад биш бүх Монголчуудын хувьд биднийг олон улсад таниулах хөгжлийн том загвар болж байна гэж бахархаж байна.

-МУИС-ийн багш, доктор С.Авирмэд: Шинэ үйлдвэрийн тухайд сэтгэгдэл маш өндөр байна. Энэ бол ганц баяжуулах үйлдвэр төдий биш бүхэл бүтэн цогцолборын тухай яригдаж байгаа юм. Нүүрсний ил уурхай ердөө 2 жилийн өмнө ашиглалтанд орсон байна, гэтэл өнөөдөр Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, 245 км хатуу хучилттай авто зам гээд олон чухал ажил явагдаж байна. Ерөөсөө Монголын түүхэнд анх удаа монголчуудын бие даан хийж байгаа томоохон бүтээн байгуулалт гэж нэрлэхээс өөр аргагүй юм. Бидний 20-р зууны хамгийн том бүтээн байгуулалт гэж нэрлэдэг Эрдэнэт үйлдвэр оросуудын тусламжтайгаар бүтсэн, гэтэл Ухаа Худагийн бүтээн байгуулалт дан монгол инженерүүд, монгол мэргэжилтнүүдийн гараар босч байгаа нь үнэхээр сайхан байна. Хамгийн гол нь Монголчууд өөрсдөө хийж чаддаг юм байна гэдгийг их тод томруун харуулж өгч байна даа.

-Монгол дээд сургуулийн захирал, эдийн засагч Н.Дашзэвэг: Эдийн засагч хүний хувьд, сүүлийн 21 жилийн дотор Монголд ийм том баяжуулах үйлдвэр байгуулагдсангүй. Монголд эдийн засгийн хувьсгал гарч эхэллээ. Хамгийн анхны том хувьсгал бол Энержи Ресурс компани гэж харж байна. Бусдыгаа араасаа дагуулна гэж бодож байна. Монголын Таван Толгойн хувьцааны үнэ өсөх маш том хөшүүрэг болж өглөө. Энэ бол ганцхан Энержи Ресурс компанийн биш Монголын ард түмний эзэмшиж байгаа 530 ширхэг хувьцааны үнэ өнөөдрөөс эхлээд огцом өсч эхэлнэ гэдэг нь харагдаж байна. Ер нь Монголын нүүрсийг хамгийн өндөр үнээр өгөх боломжийг анх удаа бий болголоо. Цаашдаа кокс, химийн үйлдвэрийг хөгжүүлэх суурийг тавилаа. Тиймээс эдийн засгийн хувьсгалыг хийж байгаа хувьсгальч үйлдвэрүүддээ төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Наад зах нь үнэхээр төмөр зам чухал байна. Цаг алдах хэрэггүй. Өнөөдөр бол зөвхөн Энержи Ресурс компанийн баяр биш, Монголын ард түмний баяр юм.

Үйлдвэрийн нээлтийн ажиллагаанд оролцсон зочид Монгол Улсын цаашдын хөгжил дэвшил, үйлдвэржилтэнд бодитой хувь нэмэр оруулах томоохон үйл явдлын гэрч болсныг билэгдэж үйлдвэрийн хашаанд мод тарьсан байна. Мөн аж үйлдвэрийн цогцолбор болон өргөжиж буй Ухаа Худаг уурхай болон дагалдах дэд бүтцийн төслүүдийн явцтай танилцсан.

Шинээр баригдсан Нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж, боловсруулах  хүчин чадал бүхий 3 модульд суурилсан нь Австрали зэрэг нүүрсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд арвин туршлагатай орнуудад түгээмэл ашиглагддаг жишиг үзүүлэлт юм байна. Бүр тодруулбал нүүрс баяжуулах үйлдвэрийг тодорхой тооны модулиудад хувааж ашиглалтанд оруулах замаар хүчин чадлыг нь өргөжүүлэх туршлага олон улсад түгээмэл байдаг юм байна. Одоо төлөвлөж байгаагаар үйлдвэрийн 2-р модуль 2011 оны 4-р улиралд, 3-р модуль 2012 оны эцсээр тус тус ашиглалтанд орох гэнэ. Үйлдвэрийн барилгын ажил ердөө 12 сард багтаж хийгдсэн төдийгүй  Австралийн Сежмен компанийн дизайн болон технологийн шийдлийг дотоодын уул уурхайн салбарын тэргүүн туршлагатай хослуулснаараа онцлог. Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний модулийн бүтээн байгуулалтанд дотоодын 20 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 600 гаруй ажилтан, ажиллагсад гар бие оролцсон бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед нийт 140 орчим хүн ажлын байраар хангагдах юм. Мөн тус үйлдвэрийн инженер, техникийн ажилтнуудыг Австрали, Герман гэх мэт орнуудын ижил төстэй үйлдвэрүүдэд дадлагажуулан сургасан нь үйл ажиллагааг хурдан хугацаанд амжилттай эхлүүлэх нөхцлийг бүрдүүлсэн байна.

2011 онд Ухаа Худаг уурхай нийт 7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 4 сая орчим тонныг нь угааж баяжуулан, олон улсын зах зээлд нийлүүлэх зорилт тавьж байгаа юм байна. 12 цагийн 2 ээлжээр ажиллах шинэ үйлдвэрт Австрали, АНУ, Европ, Өмнөд Африк, БНХАУ-д үйлдвэрлэсэн бүтээмж өндөртэй, цогц төхөөрөмж суурилуулсан. Мөн байгаль орчинд ээлтэй, усыг 95 хувь хүртэл эргүүлэн ашиглах технологи ашигладаг нь Монголдоо төдийгүй бүс нутгийн хэмжээнд анхдагчид тооцогдож байгаа юм. Үйлдвэрийн үндсэн технологи нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг, хүнд орчинд хүндийн хүчний аргаар ангилах ба хөвүүлэн баяжуулах аргачлал юм байна. Шинэ үйлдвэрт тэрчлэн орчин үеийн хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон нүүрс химийн лаборатори ажиллаж байгаа бөгөөд энэ нь түүхий нүүрс болон коксжих нүүрсний баяжмалын чанарын хяналтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд баталгаажуулах чухал үүрэгтэй байдаг байна.

Дэлхийн уул уурхайн салбарын хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, тэрхүү хөгжлийн үйл явцад томоохон тоглогчдын нэг болох зорилттой Монгол Улсын хувьд газрын доорхи ашигт малтмалыг түүхийгээр нь бус дотооддоо баяжуулан, боловсруулах замаар олон улсын зах зээлд нийлүүлэх нь нэн тэргүүний сорилт болоод байгаа билээ. Хөгжлийн энэ чухал цаг үед цоо шинээр үүд хаалгаа нээж буй баяжуулах үйлдвэр Монголын уул уурхайн салбарын ахиц, дэвшилд хурдац нэмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих