Дизелийн хомсдол “халдварласаар”…

-Зарим чиглэлийн галт тэрэг зогслоо-

Дизелийн хомсдлын улмаас нийтийн тээврийнхэн үйлчилгээндээ 500 төгрөг авч, хууль зөрчив. Хаврын тариалалтыг хугацаанд нь амжуулах гэсэн аж ахуйн нэгж, компаниудын цөөнгүй нь “шаг”-ийн шатахуунаар ажлаа амжуулав.

Түүнчлэн “Улаанбаатар Төмөр зам”-ынхан өчигдрөөс эхлэн амралтын өдрүүдээс бусад өдөрт Улаанбаатар-Зүүнхараагийн чиглэлийн галт тэргийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа. Энэ хязгаарлалт хэдэн өдөр үргэлжлэх нь тодорхойгүй. Энэ мэтээр байвал удахгүй Монгол Улс бүхэлдээ хөдөлгөөнгүй болох төлөвтэй.

Үүний хажуугаар импортлогч компаниуд үнэ нэмж байна. Импортлогч нэг компани нь үнээ өсгөхөөр нөгөөх нь хараагүй юм шиг өнгөрөхгүй нь лавтай. Хэдийгээр шатахууны онцгой албан татварын хэмжээг бууруулах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч үнэ нь шат ахин дээшилсээр. Ингэж үнэ нэмэгдэж буйг нь холбогдох сайд, дарга нар нь мэдсэн ч мэдээгүй юм шиг сууж байна.

Шатахуун үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг “жамтай”. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл гарсны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, шатахууны хомсдол бүр газар авлаа хэмээн буруутгах нь бий. Гэхдээ үүнийг далимдуулж ашиг хонжоо хайгчдад арга хэмжээ авах газар нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Энэ газар төдийгүй шатахуун импортлогч компаниуд хомсдол нүүрлэсэн хоёр сар гаруйн хугацаанд дуугүй байсаар. Дуугарахгүй байгаа нь ч бас сонин.

Байдал улам дордсоор дизелийн хомсдол А92 бензинд “халдварлав”. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан төдийгүй Засгийн газар Монгол Улсыг шатахуунаар хангаж чадахгүй болох нь үүгээр батлагдаж байх шиг. Уг нь өнгөрсөн сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар авах арга хэмжээний тухай 165 тоот тогтоол батлан гаргасан.

Энэ тогтоол нь шатахууны хомсдол нүүрлэж, газар авсныг батална. Уг тогтоолоор Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод шатахууны хомсдлын улмаас үүсч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дулааны цахилгаан станцуудыг хангадгаас бусад нүүрсний уурхайд дизелийн түлш нийлүүлэх ажлыг арав хоногийн хугацаагаар түр зогсоох зохицуулалтын арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зохион байгуулж, ажиллахыг даалгасан. Арав хоног нь аль хэдийнэ дуусав.

Мөн тогтоолд улсын нөөцөөс 2050 тонн дизелийн түлш гаргахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод зөвшөөрчээ. Улсын нөөцөөс гаргах түлш ч яахав, ганц хоёр хоногийн хэрэгцээг хангах төдий тул тэгсгээд дууссан нь ойлгомжтой.

Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт Улаанбаатар хотын нийтийн тээвэрт хэрэглэх дизелийн түлшний хуваарилалт, хэрэглээнд хатуу хяналт тавин, түлш хэмнэх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг даалгажээ. Энэ заалтад ямар ч хугацаа заагаагүй нь хачирхалтай. Юунаасаа ямар хэмнэлт хийж, нийтийн тээврийг хөдөлгөх юм бүү мэд. Хэдийгээр хаврын тариалалтыг шатахуунаар тасалдуулаагүй нь сайн хэрэг ч нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн түвшиндээ ороогүй л байна. Шатахууны хомсдол үргэлжилсээр байгаа тул Засгийн газар энэ тогтоолоо хүчингүй болгохгүй биз.

Сайд Д.Зоригт дэд сайд Б.Ариунсан нар шатахууны эрэлд мордож, урагшаа, хойшоо явж ирээд хэдэн арван мянган тн-ыг нийлүүлэхээр боллоо, зургадугаар сар гаруут л хомсдлоос гарна хэмээн мэдэгдэж байсан боловч амьдрал дээр мэдрэгдэх зүйл гарсангүй. Ямар сайндаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д дээд хэмжээний айлчлал хийх үеэрээ шатахууны нийлүүлэлтээ нэмэгдүүлээч гэж гуйж явах вэ дээ. Уг нь энэ бол Засгийн газрын гишүүдийн хийх ажил байлтай.

Хэдийгээр Засгийн газар “алтан загас”-ны үлгэрийн алтан загас шиг хүссэн бүхнийг шууд гаргаад өгчихгүй ч Монгол Улсын шатахууны нөөцийг зохистой хэмжээнд байлгаж, хомсдолд оруулахгүй байх учиртай. Дизель түлш, бензиний шатахууны улмаас инфляци тэнгэрт хөөрч, Монгол Улсын эдийн засгийг хямрааж болзошгүй болоод байна. Ийм байдалд хүргэсэн Засгийн газар хэзээ, яаж хариуцлага хүлээх вэ.

Д.Уран


URL:

Сэтгэгдэл бичих