Б.Уянга: Сексийн амьдрал минь гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг

Сайт маань урлаг соёлын одод, олны танил хүмүүсийн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэсээр байгаа билээ. Дөнгөж нэрд гарч, олонд танигдаж эхлэх үедээ тэд хэрхэн ярьж, өөрсдийнхөө талаар тодорхойлж байсныг эдгээр ярилцлага таны өмнө дэлгэх болно. Энэ удаа бид “Aqua fitness” төвийн захирал Б.Уянгатай хийсэн ярилцлагыг хүргэе. Царайлаг, шавилхан бүсгүй анх “Хар ирвэс” клубын фитнессийн багшаар ажиллаж байсан бөгөөд “С1” телевизийн “Өдөн дэр” үдшийн хөтөлбөрийг ч хөтөлж явсан билээ.

-Өөрийг чинь “Aqua fitness”-ийн багш, “С1” телевизийн “Өдөн дэр” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг болов уу. Хэдийнээс эхэлж фитнесстэй амьдралаа холбосон бэ?

-Би бүр таван настайдаа спортын гимнастикаар хичээллэдэг байсан. Дунд сургуулийн сурагч байхдаа ч гимнастик, бүжиг, усан спортоо орхиогүй. 2000 оноос хойш фитнессийн багшаар ажиллаж, монголд анх удаа акуа фитнессийн хичээлийг эхлүүллээ.

-Фитнессийн багш маань “Өдөн дэр”-ийн хөтлөгч болсон нь сонирхолтой л юм?

-“С1” телевизийн “Эмэгтэйчүүдийн цаг” нэвтрүүлэгтэй хамтарч ажиллан, акуа фитнессийн хичээлээ цувралаар гаргадаг. Тиймээс тус телевизийн зүгээс нэвтрүүлэг хөтлөх санал тавьсан тул “Өдөн дэр”-ээр овоглож эхэлсэн.

-“Өдөн дэр”-ийн шинэ өнгө төрхийг харуулсан сурталчилгаа хэтэрхий эротик ч гэмээр шинжтэй болсон байна лээ. Яагаад тэр вэ?

-“Өдөн дэр” нэвтрүүлэг хайр дурлал, хосуудын нандин харилцаа болсон сексийн тухай, охид залууст энэ талын зөвлөгөө өгөх зорилготой. Амралтын үдэш насанд хүрэгчдэд зориулсан болохоор бусад телевизийн нэвтрүүлгээс илүү нээлттэй байж чаддаг болов уу. Миний хувьд хөтлөгчөөр ажиллаж, редакторын бэлтгэж өгсөн мэдээллийг сонирхуулдаг юм.

-Мэдээж хэрэг, сексийн тухай мэдээлэл хүргэдэг нэвтрүүлэгтээ тохируулж стиль имиж дээрээ анхаарал тавьдаг байх?

-Үгүй ээ, нэвтрүүлгийнхээ өнгө аяст тохируулах гэж хичээдэггүй. Байгаа байдал минь л энэ. Магадгүй гадаад үзэмж минь таалагдсан учраас хөтлөгчөөр сонгосон биз. Түүнээс биш, надад өөрийгөө нэг их айхтар өөрчлөөд байх шаардлага гардаггүй.

-Фитнесс болон нэвтрүүлгээрээ дамжуулаад тодорхой хэмжээнд олны танил болсон байх. Эрчүүдийн зүгээс ойртож дотносох ч гэдэг юм уу ямар нэгэн санал ирдэг үү?

-Янз бүрийн мессеж ирдэг л дээ. “Нэвтрүүлэг чинь таалагдаж байна” гэх мэт. Гэхдээ тэр бүрт ямар нэгэн хариу бичиж, харилцаад байдаггүй. Юу ч гэмээр юм бэ дээ.(инээв)

-Сайхан бүсгүйчүүдийг мөнгөтэй эрчүүдтэй нэр холбох нь их. Үнэхээр иймэрхүү санал ирдэг учраас тэгж ярьдаг юм болов уу, аль эсвэл..?

-Надад лав ирж байгаагүй юм байна. Тэгээд ч би нөхөртэй шүү дээ, удахгүй хуримаа хийх гэж байгаа. Тийм болохоор энэ тал дээр нэг их анхаарал хандуулж, ач холбогдол өгөх дургүй.

-Үдшийн хөтөлбөрийн хөтлөгч, хувь хүнийхээ үүднээс хайр сэтгэл, сексийн талаар ямархуу бодолтой байдаг вэ?

-Нөхөр маань миний анхны хайр. 15 настай байхаасаа үерхэж, багагүй хугацааг хамтдаа үдлээ. Энэ ч утгаараа, анхны хайрыг “Жинхэнэ хайр мөн болов уу” гэж боддог юм. Хайрлаж, дурласан анхны маань хүн миний нөхөр учраас тэр. Сексийн тал дээр ч  нандигнаж явах дуртай. Нөхөртэйгээ жинхэнэ хайр сэтгэлээр холбогдсон болохоор сексийн харилцаа минь хамгийн нандин зүйл. Энэ нандин харилцаагаа үргэлж шинэлэг, хэн хэнийхээ сэтгэлийг татсан сонирхолтой байлгах хэрэгтэй гэж үздэг.

-Шинэлэг, сонирхолтой байлгахын тулд яах ёстой гэж?

-Ямар ч байж болно л доо. Нэг хэвийн биш үргэлж өөр, өөр байлгах. Заримдаа хайртай хүндээ зориулж үдшийг маш таатай өнгөрүүлэх романтик орчныг бүрдүүлэх юм уу гэнэтийн бэлэг барьж болно шүү дээ.

-Тэгвэл та хоёр бие биедээ хэр зэрэг сюрприз барьдаг вэ?

-Нөхөр маань удаан хугацаанд гадаадад амьдарч байгаад ирсэн болохоор амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байгаа шүү. Нэгэнт ийм дотно харилцаанд орсон хүмүүс сексийг маш сонирхолтой байлгаж чадна.

-“Хайртай бол хартай” гэх зүйр маягийн үг залуусын дунд их дэлгэрч, Энэ тал дээр асуудал үүсдэг үү?

-Урлагийн хүн болоод ч тэр үү, нөхөр маань намайг илүү их ойлгодог. Найз нөхөд, ажил төрөл минь ч гэсэн ойролцоо учраас бие биеэ ойлгож, харилцан итгэж амьдардаг юм.

-Чөлөөт цагаа хаана, яаж өнгөрүүлдэг бол..?

-Найз нөхдийн маань ихэнх нь урлагийн хүмүүс байдаг учраас диско клубт ордог. Бөөнөөрөө цуглаад зусланд гарахад нөхөр маань шорлог хийж өгөх дуртай. Бас бассейнд ихэвчлэн чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Урлагийнхантай хамт байхад илүү хөгжилтэй санагддаг учраас дискодох үе бишгүй гарна аа.

-Ажил, амьдрал чинь одоо бүр устай холбоотой болж дээ?

-Тийм шүү.(инээв)Найзууд маань ч гэсэн бассейн, саунд орж амрах дуртай.

-Гэрийн эзэгтэйн хувьд, өөрийгөө хэр үнэлдэг бол?

-Гайгүй ээ. Хурим найр хийж, албан ёсоор гэр бүл болоогүй ч бид хоёр олон жил хамт амьдарсан. Тэгэхээр энэ тал дээр санаа зовох зүйл гардаггүй. Олон төрлийн ногоо холиод шинэ хоолны жор зохиох дуртай. Нөхөр маань ч амттай хоол хийж чадна. Өглөөний хоолыг ихэвчлэн нөхөр маань л бэлтгэдэг шүү. Харин хувцас угаах дуртай хэрнээ индүүднэ гэхээр л миний гар хөдөлдөггүй юм. Түүнээс биш, гэр орноо цэвэр цэгцтэй байлгахад анхаарал хандуулна аа. Эр нөхрийнх нь амжилт эмэгтэй хүнээс шалтгаалдаг гэдэг шүү дээ. Гэр орон, үр хүүхэд, хань нөхөртөө тавих анхаарал халамжаа аль болох зохицуулж, ажил төрлөө амжуулахыг хичээдэг.

-Хуримын тухайд, нууцхан бодол тээж явдаг байх. Энэ бүхнээсээ сонирхуулаач?

-Сонгодог маягаар хийвэл надад илүү ойр байх. Гэхдээ одоохондоо яаж хийхээ төлөвлөөгүй л дээ.

-Нууц амраг гээд л их ярьдаг. Таны хувьд?

-Дутагдаад байгаа зүйлээ өөр хүнээс хайснаас болж үүсэх асуудал. Бие биеэ хайрлаж чадахгүй бол өөр хэн нэгний хайранд татагдах, эсвэл бусад хэрэгцээтэй зүйлээс болж нууц амрагтай болдог байх. Тэгэхээр хайртай хүнээ нууц амрагтай болгохгүйн тулд бүхнээ зориулж чаддаг байвал зүгээр юм болов уу. Харин өнгө, мөнгөнд татагдан нууц амрагийн асуудалд орооцолдож байгаа хүмүүсийг ер ойлгохгүй юм. Хайрттайгаа учраагүй, жинхэнэ амтыг нь мэдрээгүй болохоор л ийм хөнгөн ханддаг байх. Хайр дурлал ямар ч хүнийг өөрчилдөг шүү дээ. Аймаар шоучин, хүүхэмсэг залуу байлаа ч хайр сэтгэлээ олчихоод зөвхөн түүнийхээ төлөө амьдарсан жишээ олон бий. Амьдралын утга учир нь хайр гэдгийг мэдрээгүй хүмүүс л аливаад замбараагүй, хөнгөмсөг байдлаар хандаж яваа байх. Хайраа хайрлаж, үргэлж арчилж тордож явахгүй бол амархан унтарна. Нэгэнт унтарсан хайрыг  дахиж сэргээх хэцүү шүү дээ. Үүнээс болж өөр хайр үүсэх ч тохиолдол байдаг биз. Анхны хайраа удаан хугацаанд үнэн цэнэтэй байлгаж чадвал жинхэнэ утга учраа олно. Тиймээс охид залуус маань анхны хайраа хадгалж, амьдраасай гэж хүсдэг юм. Амьдралд бага зэрэг үл ойлголцол, маргаан гарах нь мэдээж. Хүнийг хайрлаж байж л өөрөө хайрлуулах учраас энэ мэт зөрчлийг эмэгтэй хүн уучилж, хүлээцтэй хандаж байх хэрэгтэй. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрч, хайрлахгүй орхиод байвал салахад хүрч мэднэ.


URL:

Сэтгэгдэл бичих