“Багш нарын цалинг нэмэхгүй бол ажил хаялт зарлана”

1sqr4k65tj90okup3pufdl9v1q_bХ.ОЮУНБОЛД

Хичээл эхлэхэд ганцхан хоног үлдлээ. Гэтэл боловсролын салбарынхны ажил жигдрээгүй байна. Өчигдөр жанжин Сүхбаатарын талбай дээр нийслэлийн бүх сургуулийн багш нар уриа лоозонтой, Засгийн газарт хүргүүлсэн албан шаардлагаа барьж жагсав. Жагсаалын гол зорилго нь багш нарын ажлын байрны орчин нөхцлийг сайжруулах, цалинг нэмэгдүүлэх тухай асуудал байв. Багш нарын жагсаал өдрийн 12:00 цагт эхэлсэн юм. Мөн ажил хаялт зарлаж буй багш нарын жагсаал цуглаантай зэрэгцэн хичээлийн шинэ жил угтсан үзэсгэлэн яармаг иргэдийн анхаарлыг татаж байлаа. Жагсаалд нийслэлийн ерөнхий боловсролын 100 орчим сургууль, 200 гаруй цэцэрлэг, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл ирж оролцов. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн төлөөллүүд ч ирсэн. Харин хөдөөгийн сургуулиуд энэхүү жагсаалыг аймаг, орон нутагтаа зохион байгуулж байгааг багш нар хэлж байлаа. Багш нарын олонх нь “Бидний үндсэн цалинг нэм”,”Бид Монголын ирээдүйг бүтээгчид”,”Багшийн ажлыг үнэлье”, “Шинжлэх ухааны байгууллагын ажиллагсдын цалинг гурав дахин нэмэгдүүлье” гэсэн уриа лоозонгууд барин жагсчээ. Тайван жагсаалд Монголын боловсрол шинжлэх ухаан үйлдвэрчний холбоо, Багшийн цалин нэмэх түр хороо зэрэг байгууллагынхан нэгдсэн байна. Жагсаалд оролцож буй зарим багшийн сэтгэгдлийг сонслоо.

МБШУҮ-ийн дарга Ж. Батзориг: БАГШ НАР САЙН ДУРААРАА ЭНЭ ЖАГСААЛД НЭГДСЭН

-Монголын боловсрол шинжлэх ухаан үйлдвэрчний холбоо энэ тэмцлийн ажиллагааг зохион байгуултанд оруулж үр дүнд хүргэх тал дээр нь бид анхаарч ажиллаж байгаа. Засгийн газар, Улсын Их Хуралд ойрын хугацаанд шийдвэр гаргаж цалин нэмэх шаардлагаа хүргүүлсэн. Хэрвээ энэ шаардлагын хариу ирэхгүй бол хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх гэх мэт дараа дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ.

107 дугаар сургуулийн багш Г. Мөнхцэцэг: БИД ҮЙЛЧЛЭГЧЭЭС ДОР ЦАЛИНЖИЖ БАЙНА

-Багш нар олон жил тэвчлээ. Бидний цалин дэлхийн олон улсын багш нарын цалинтай харьцуулахад маш бага. Гадаадын цэвэрлэгчийн цалингаас ч бага цалинг багш нар авч байна. Бид ажилдаа бүх сэтгэлээ зориулдаг гэсэн ч цалин бага учраас нийгмийн бүх асуудалд сүүл мушгиж байна. Би боловсролын байгууллагад 33 жил ажиллаж байна. Сард 600 мянган төгрөгийн үндсэн цалинтай. Бидний шаардлагыг Засгийн газар, Их Хурал шийдэж өгөхгүй бол тэмцлийн дараа дараагийн хэлбэрт шилжиж үргэлжлүүлэхээс өөр зам байхгүй. Бид ингэж жагсалгүй удсан. Манай нийгэм хямралтай байгаа гэж бүсээ чангалсаар олон жил боллоо. Гэхдээ бид есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ бодож,тэдний ирээдүй,эрх ашгийг хүндэлье гэсэн үүднээс хичээлээ эхлүүлнэ.

84 дүгээр сургуулийн багш Б.Наранбаатар: ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАЖ МЭДНЭ

-Энэ жагсаалын гол зорилготой санал нийлж байна. Манай сургууль анхны ажил хаялтын дараа хоёр дахь ажил хаялтыг зохион байгуулахад би хамт зохион байгуулалцаж байсан. Өнөөдөр багш нар үнэхээр мөлхөж байна. Ардаа гэр бүлтэй болохоор зүтгэж байна. Хэрэв тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, мөн дараа дараагийн зохион явуулах арга хэмжээнд хариу өгөхгүй бол ажил хаялт зарлах хүртэл арга хэмжээ авна. Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэх эсэх нь бид нарын тавьсан шаардлагад ямар хариу өгөхөөс хамаарна. Долоо хоногийн дотор хариу өгвөл энэ байдал удаан үргэлжлэхгүй болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих