Шатахууны үнээс болж цалингийн нэмэгдлээ мэдэрч чадахгүй нь бололтой

871a18a6a32c58cfd0dcfb479349bc3bШууд идэж ууж, өмсөж зүүдэггүй ч хоногийн хоол, түлэх түлээ түлш, өмсөх зүүхээс минь шуудхан хумсалдаг зүйл бол шатахууны үнийн нэмэгдэл.

Сургууль, цэцэрлэгийн багш нар, эмч нар хоолойгоо сөөтөл бархирч, хэдэн сар хашхирч, нус нулимстайгаа зууралдсаны эцэст цалингаа хэд гурван төгрөгөөр нэмүүлэхээр болсон. Гэвч тэдний маань нэмүүлсэн цалин амьдралд нь багахан ч болтугай нэмэр болох нь өнгөрсөн бололтой. Учир нь цалингийн нэмэгдлээ хүртэж ч амжаагүй байтал өнөөх гайтай шатахууны үнэ нь нэмэгдчихлээ. Цаашид ч нэмэгдэнэ гэсэн сэтгэл харанхуйлам мэдээлэл гарах болов.

Цалин багатай төсвийн ажилтнууд унаа тэрэг унах биш, шатахууны үнэ ямар хамаатай юм бэ гэж үү. Тэгвэл хамаатайн дээдээр хамаатай. Олдсон хэдэн төгрөг тань шатахууны нэмэгдлээс болсон нэртэйгээр үнэ нь өссөн өдөр тутмын бараа таваарт л дуусна. Ингээд л урьдын адил өлмөн зөлмөн амьдрал үргэлжилж, өөд нар харах өдөр тохиохгүй нь бололтой.

Энэ сарын дундуур Баян-Өлгий аймгийн Петровисын салбар шатахууныхаа үнийг 100-120 төгрөгөөр нэмсэн. Харин 21-ний өдөрт Увс аймагт “Шунхлай”, “НИК-Петровис” компанийн ШТС-ууд  шатахууныхаа үнийг 80-90 төгрөгөөр нэмсэн байна.

Алс баруун аймгаар ээл дараалан өсч буй энэ нэмэгдэл удахгүй нийслэлд орж ирнэ гэсэн таамаг явж буй. Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдах замаар хүйтний улирлаас өмнө шатахууныхаа үнийг нэмсэн тохиолдолд Засгийн газраас ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй  байгаа юм.

Учир нь 2018 оны эхээр шатахууны үнэ гэнэт өссөн тул Засгийн газар буулт хийж, өргөн хэрэглээний  газрын тосны бүтээгдэхүүнд ногдуулах Гаалийн онцгой албан татвараар хөнгөлж, нийт 86 тэрбум төгрөгийг төсвийн орлогоос хасан тооцсон. Харин энэ удаа ОУВС-тай зөвшилцөх замаар татварын хөнгөлөлт дахин үзүүлэх боломжтой юу гэдэг нь жинхэнэ асуудал.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Одоо ахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна. Урт хугацаандаа жижиглэнгийн үнэ иргэдэд дарамт болохгүй. Роснефтьтэй ярьсан, тохиролцсон зүйл бий” гэсний дараа ийнхүү шатахууны үнэ нэмэгджээ.

Манай улс түлш шатахууны ОХУ-аас  голчлон импортолж авдаг. Гэтэл ОХУ-ын Ерөнхийлөгч Путины шийдврээр Оросын НӨАТ ирэх оноос 18%-иас 20% болж, энэ сард шатахууны үнэ АИ-92 тонн нь $721, дизель түлш $673 байсан бол ирэх сард үнэ $41, $91-аар нэмэгдэн АИ-92 тонн $762, дизель түлш $764 болж нэмэгдэх гэж байна.

Тиймээс цаашид ч шатахууны үнийг хазаарлаж дийлэхгүй гэж эдийн засагчид, шинжээчид ярьж байгаа юм.

Хамгийн гол нь шатахууны үнээ барьж дийлэхгүй болсноо төрөөс яагаад тайлбарлахгүй байна вэ.

Манайхан сэмхэн гэтэж, ар хударгаар юм хийдэг хүмүүсийг хулгайч муур шиг гэлцдэг. Түүн шиг ажлын өдрийг дуусгаж, амралтын өдрүүдийг тааруулан хулгайч муур шиг бямба гарагт шатахууны үнээ нэмдэг байдлаа хэрхэн тайлбарлах вэ.

https://paparatsi.mn/mnr


URL:

Сэтгэгдэл бичих