Монголын сэтгүүл зүйг бүү басамжил, бүү шантаажил, бүү шалдал!

download-УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдод хаяглав-

Ү.ХҮРЭЛБААТАР

Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/

Мартах, мартагдах, мартагнах, мартуулахын манан хөшиг, шалтаг шалт­­гаан, шаналал зовлон­гийн шалгуур босго нь өөр юу ч бус гагц цаг хугацаа мөн ажээ. Цаг хугацааг царцааж, цадиг түүх болгон цагаан цааснаа хар бэхээр барлан үлдээдэг нь бас өөр юу ч бус сонин хэвлэл мөн ажаам. Энэ цагийн хөлийн мөр, гарын аяс, үнэн үг, үйл явдлын товчоон, баримт сэлт тэргүүтийг товлон харах, тоймлон дүгнэх боломж гагц сонин хэвлэлд түлхүү байдаг нь юутай завшаан гэлтэй.Оны эхэнд санагдана, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн Т.Баасан­сүрэнгийн шинж­­­­лэлт би­члэгийн төр­лөөр бичсэн “Ерөн­хийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” хэмээх тойм өгүүллийг тогтож харж талархан уншаад л өнгөрсөн. Харин энэ сарын эхэнд сэтгүүлч Т.Баасансүрэнгийн “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй”, Г.Жамъян­гийн “Улс төрчид Мон­­голын сэтгүүл зүй, сэт­­гүүл­­чид рүү дайрч эхэллээ” зэрэг ярилц­лагаас мөнөөх миний там­шаа­лан уншсан талар­халт өгүүллийг бичсэн сэтгүүлчийг шүүхэд өгснийг дуулаад хэрдхийн цочиж хэсэгтээ гайхаж улмаар уг өгүүл­лийг эргэн уншихад хүрэв.

“Зууны мэдээ” сонины “Эрдэмтний үг” буланд 2018 оны ¹3, 5 дугаарт бараг гурван нүүр дамнан хэвлэгдсэн энэхүү том хийгээд тойм судалгааны өгүүлэл нь өдөр тутмын сонинуудын 2017 оны VII-X сарын нийтлэлд хийсэн ажиглалт шинжилгээ билээ. “Сэтгүүл зүй бол нийгмийн маш чухал, юугаар ч сольшгүй институц” гэж бичих дур­­тай эрдэмтэн Т.Баасан­сүрэнгийн энэ өгүүлэл “Ерөн­хийлөг­чийн сонгууль болж өнгө­рөөд таван сар гаруй хугацаа өнгөрч байна” гэж эхэлж байна. Гарцаагүй анхаарал татсан, бас сургамж, сэргэмж, сөргөмжөөр дүүрэн үйл явдал мөний хувьд Ерөнхийлөгчийн сонгууль нь Монголын нэр нөлөө бүхий өдөр тутмын сонинуудад хэрхэн тусгагдсанд задлан шинжилгээ хийх нь сэтгүүл зүйн эрдэмтэн хүний хийх ёстой ерийн л ажлын нэгэн хэм хэмнэл билээ. Өөлсөн хүнд босоо Ганбаатар, МАХН-ыг өргөх тал руу үе үе хэлбийх зүйл таарах авч өөрөөр “шүүхийн хаалга” татчихмаар гаж буруу зүйлийг олж хар­сангүй. Тэр нь ч миний анхаарлыг бүр их татаж Т.Баасансүрэнгийн иш татсан өдөр тутмын сонинууд болон тухайн үеийн тандалт судалгаа зэргийг тухайлан сөхөж эх сурвалжуудыг хөөн судлахад хүрэв. Улс төрч М.Энхболдын уурыг хүргэсэн байж мэдэх хэдэн өгүүлбэрийг онцолж эх сурвалжуудтай нь тулган үзэхэд дараах хэв байдал, хэлбэр дүрс, ажиглалт дүгнэлт нотолгоожиж байна.

Нэг. Т.Баасансүрэн өгүүлэлдээ “МАН-ын удирд­лагууд түүний дотор намын дарга Миеэгомбын Энхболд өөрөө хүн амын доторх санаа бод­лын илэрхийллийг үл тоомсорлож, янз бүрийн эрдэм шинжилгээний байгууллагуудаас гаргасан социологийн судалгаанд ямар ч ач холбогдол өгөлгүйгээр 2017 оны Ерөн­хийлөгчийн сонгуульд амин хувийн явцуу эрх ашгаа урьтал болгож, өрсөлдөх боломжийг бусдад олгол­гүйгээр шууд намын даргаараа түрий барин эрх мэдэлдээ дулдуйдан нэр дэвшсэн нь “өөрөө өөрийгөө оршуулах авсны нүхийг урьдчилан ухаж зэхсэн”-тэй яг адилхан хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болов” гэжээ. Бодит байдлыг судлаач хатуухан хэлээд авчээ. Тэр нь үнэнд хэр ойрхон байна вэ.

“Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар 2017 оны гуравдугаар сарын 10-30-ны өдрүүдэд нийслэл болон зургаан аймгийн 1200 иргэнийг хамруулан хийсэн олон нийтийн санал бодлын шинэ судалгааны дүн анхаарал татлаа. Уг судалгаагаар “Улс төрчдийн рейтинг”-ээр М.Энхболд Улаанбаатар хотод эхний 10 хүнд багтсангүй. Архангай, Дорноговь, Хэнтий, Завхан аймагт бараа сураггүй, харин Төв аймагт нэгд, Өвөр­хангай аймагт дөрөвт эрэмбэлэгджээ. “Та энэ оны сонгуулиар хэнийг ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна” гэсэн асуултад М.Энхболд Улаанбаатарт IX, хөдөө III, нийт дүнгээрээ IV дүгээр байрт орсон байна. Саяын асуултыг намын гишүүд дэмжигчдийн дунд тавихад М.Энхболд МАН-д II-т орж бусад нам болон нас бусчуудаас дэмжлэг огт авсангүй. Түүнийг судалгаанд хамрагсадын эрэгтэйчүүдийн 6.8 хувь дэмжсэн бол эмэгтэйчүүдээс огт дэмж­сэнгүй. Судалгаанд оролцогчдын 18-24 нас­ныхны 5.4 хувь, 25-29 насныхны 6 хувь, 30-39 насныхны 4.8 хувь, 40-49 насныхны 6.2 хувь, 50-59 насныхны 7 хувь, 60-аас дээш насныхны 13.8 хувь нь буюу нийт оролцогчдын 7 хувь нь дэмжсэн байна. Энэ нь нэр дэвших магадлалтай хүмүүсийн III-т жагсаж байна гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн энэхүү судалгааны дүн хоёр харьцангуй ойрол­цоо байгаа нь Т.Баасансүрэнгийн дээрх хатуухан дүгнэлт бодитой байсан нь тодорхой байна.

Өдөр тутмын сони­нуу­дад бас ийнхүү бичсэн байх юм. Жишээ нь Х.Уянга “Намын дарга М.Энхболд рейтинг нь муу байгаагаа мэдсээр байж улангасан зүтгэж, шунан чичирсээр нэр дэвшсэн. Түүнийг тойрон хүрээлэгчдийн болчимгүй үйлдэл намын нэр хүндийг шороотой хутгаж, нэг сонгуульд хоёр удаа ялагдахад нэрмээс боллоо” /”Өнөөдөр” 2017.¹162/, Н.Дэмбэрэл “Цаг үеэ ойлгоогүй МАН-ын Удирдах зөвлөл буруу шийдвэр гаргасны гор саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар гарч дүнгээ авлаа” /”Өдрийн сонин” 2017.¹191/ гэх мэтээр бичиж, ярьсан байна.Энэ мэт жишээ нь М.Энхболд намын даргын эрх мэдлээ ашиглан нэр дэвшсэн нь “өөрөө өөрийгөө оршуулах авсны нүхийг урьдчилан ухаж зэхсэн”-тэй яг адилхан хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй үйл явдал болов” гэх дүгнэлт хийхэд хүргэсэн нь эргэлзээгүй.

Хоёр.Т.Баасансүрэн өгүү­лэл­дээ “МАН-ын Удир­дах зөвлөл, намын дарга М.Энхболд өөрөө…намын …бүтэц бүрэлдэхүүн, гишүүд дэмжигчиддээ найдахын хамт өөрт байгаа асар их хөрөнгө мөнгөний хүчинд шууд дулдуйдсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ба АН урьд өмнө хэзээ ч гаргаж байгаагүй тийм их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан нь үүнийг нотолно” гэжээ. Энд буй “хэзээ ч байгаагүй их мөнгө” гэх үг түүнийг цочирдуулсан байх.

УИХ-ын гишүүн Х.Болор­чулуун “Манай­хан намын бүтэц, мөнгө­ний хүчин зүйлд илүү ач холбогдол өгөөд ард олны итгэл хүлээх гэдэг хүний хүчин зүйлийг үл тоосноос ийм үр дүн гарлаа гэж болно. Одоо МАН нь олон нийтийн нам болж шинэчлэгдэх хэрэгтэй. Түүнээс биш олигархиуд ба оффшорчдын хоргодох газар байж болохгүй” /”Өдрийн сонин” 2017.¹155/ гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Сонгуульд ялагдсан үндсэн шалтгаан бол УИХ-ын даргаар М.Энхболд дарга өөрөө ажил­лахаар шийдсэн яв­дал. 65 суудалтай энэ том намын итгэл найдварыг М.Энхболд дарга өөрөө Ерөнхий сайд болж хариулах ёстой байсан. Гэтэл тэгээгүй. Ерөн­хийлөгчийн сон­гуульд төвлөрөөд хаваржаандаа буугаагүй байж намар­жаан­даа буух тухай өөрөө л бодсон. Түүнээс болж томилгоон дээр алдаа гар­сан” /”Үндэсний шуудан” /2017.¹163/ гэжээ.

Өөрийн намынх нь залуу лидерүүдийн энэ үнэлэлт дүгнэлтээс эрдэмтэн Т.Баасансүрэн огт зөрсөнгүй. Тиймээс түүнийг буруутгахаасаа өмнө УИХ-ын гишүү­дийн­хээ бодит үнэнийг то­дор­хойлсон сануулгад дүг­нэлт хиймээр санагдана.

Гурав.Т.Баасансүрэн өгүүлэлдээ “2017 оны Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн үр дүн, МАН-д хуримт­лагдаж булагна­сан идээ бээрийг га­дагш­луулсан гэж хэлж болно. Энэ нам бат цул эв нэгдэлтэй, дотроо фракц бүлэглэл байхгүй хэмээх үлгэрийг үгүй бол­гож таягдан хаяв. Өнгөц шалтаг шалтгаан нь 60 тэрбумын болоод Ерөнхий сайд, Шадар сайд хоёр биесийг чагна­сан, тагнасан гэх үйл явдал” гэжээ.

Энэ сэдвээр Б.Дамдин-Очир “Ер нь энэ хар хүчний орол­цох­гүй, гар хөлөө дүрэхгүй юм гэж үгүй. Тэднийг бат бөх холбож байдаг “гагнаас”-ууд бий. Гурвалыг нэгтгэж байгаа хүчин зүйлийн цаана уул уурхай байхгүй гэж хэн ч хэлж чадахгүй” /”Зууны мэдээ” 2017 ¹173/, Л.Хашчулуун “Өнөөдөр УИХ-д МАН 65 ги­шүүнтэй байна. Үүнээс лавтай 30 орчим нь М.Энхболдын нөлөөнөөс гарахгүй” /”Өдрийн сонин” 2017.¹176/, Э.Энх­болд “МАН-ынхны албан тушаалын төлөөх тэмцэл нь намаа хагалж мэднэ. МАН доторх албан тушаалын хэнээ тогооноосоо халив” /”Өдрийн сонин” 2017.¹168/, Б.Өнөр­тогтох “Ж.Эрдэнэ­батын Засгийн газрыг унагасан шалтгаан өнгөн дээрээ концессын мөнгө, 60 тэрбумаар төрийн албыг наймаалцсан шалтгаан боловч, цаад талдаа өнөөх л “элсний 13” бүлгийн эхлүүлж байсан хотын фрак­цийг зайлуулах ажил­лагаа байлаа” /”Мон­голын мэдээ” 2017.¹167/ гэх зэргээр амтай бүхэн нь шагшиж, аатай бүхэн нь шаагиж байжээ.

Тэр дунд “МАН-ын 60 тэрбумын 90 мину­тын бичлэгийн бүрэн тэмдэглэл “ нийтлэгдсэн нь онцгой сонирхол татах бөгөөд түүнд “Үхтэл нь айлгах, чичрүүлж бай­гаад ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд нам дотор албан бус фракц бий. Энэ хүрээлэлд байгаа хамгийн хүчтэй ноёрхлыг эвийг нь олоод аажуухан унагаах боломж байна. Эсвэл үг сонсдог, шууд хэлэхэд ойлгодог болгох хэрэгтэй. Шууд “хөлийг нь тасалсан аалз” шиг болгомоор байна” /”Зууны мэдээ” 2017.¹153/ гэснээс үзэхэд судлаачийн үг сувс байсангүй бололтой.

Дөрөв.Т.Баасансүрэн өгүүлэлдээ “Сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр М.Энхболдоос хэдэн зуу, мянган иргэнд тарааж гарын салаагаар урсгасан 50,100,200 мян­ган төгрөг хахууль биш байжээ гэж хэлж бичих болов” гэсэн байна.Энэ сэдвээр С.Ганбаатар “АН, МАН-ын хоёр нэр дэвшигч ямар их мөнгө хаяваа, Ерөнхийлөгчийн сонгуулиар. Зарим хэвлэлд 200-300 тэрбум төгрөг зарцуулсан гэж бич­сэн байна” /”Үндэс­ний шуудан” 2017.¹178/, Эрдэнэбат “Уул уурхайн хууль бус мөнгөнөөс эхлэлтэйгээр Монголын ард түмний саналыг мөнгөөр худалдаж авдаг явдал руу шилжсэн” /”Өд­рийн сонин” 2017.¹222/, Л.Оюун-Эрдэнэ “Би арав гаруй жил улс төрийн ертөнцөд идэвхтэй амь­дарч байна. Ийм их хэм­жээний хөрөнгө санхүү, цаг хугацаа зарцуулсан сонууль мэдэхгүй юм” /”Үндэсний шуу­дан” 2017.¹163/, Э.Эрдэнэ­жамъян “Сонгуулийн сүүлийн мөчид ямархуу луйвар болсныг олон түмэн мэдэж байгаа уч­раас би нуршаад яахав. Хичнээн ч тэрбум төг­рөг тараав. Нэг аймагт тараасан мөнгө л гэхэд тэрбумаар хэм­жигд­лээ” /”Зууны мэдээ” 2017.¹139/, М.Мөнх­цэцэг “60 тэрбум зөвхөн хотынх. Орон даяар ямар юм болж байгаа бол. Саяын сонгуулийг харлаа. Асар хүч тэнцвэргүй тулаан болсон. Эрх мэдэл нөгөө талд байсан. Асар их мөнгө цацсан” /”Өдрийн сонин” 2017.¹171/ гэх зэргээр ярьсан байх юм.

Тэр ч байтугай “МАН-ын 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл“-д М.Энхболд “2012 оны сонгуульд би тэдэн төгрөг өгсөн, тэр мөнгө хаашаа орсон бэ. Би намын байрны гадаа ирээд, тэрэнд нэг цүнхтэй мөнгө өгөөд оруулсан. Чи тэр мөнгийг нь яасан юм бэ, чи тэр мөнгийг нь түүсэн юм уу гэхээр царай нь барайгаад ирдэг” гэж хэлж байгаа нь дүр, дуу хоолойтойгоо буусан тухай бичжээ. Нүцгэн үнэнийг нуух тусам нуухт­даг нь энэ болой.

Тав.Т.Баасансүрэн өгүүлэлдээ “60 тэрбумын хэрэг явдал, оффшор дансны луйвар булхай, Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөв. 60 тэрбумаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хайнаа хэрхэн яаж хагалахыг ард түмэн анхааралтайгаар ажиглан харж байна” гэжээ.

Энэ сэдвээр Э.Эрдэнэ­жамъян “Өнгөр­сөн жил манай намаас гаргаж тавьсан 60 тэрбум төгрөгийн асуудал сонгуу­лийн гол сэдвийн нэг бай­лаа. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга олон улсын шинжээчдээр дүгнэлт гаргуулж эвлүүлэг биш гэдгийг зарласан. УИХ-ын дарга М.Энхболд үгүй гэж гүрийсэн. Тэгэхээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр 60 тэрбумын асуудал дээр хайнаа хагалж таарах нь. Яг хэн нь худлаа ярьж, яриулав гэдгээ ард түмэнд хэлэх ёстой” /”Зууны мэдээ” 2017.¹139/, У.Хүрэлсүх “Одоо харин та нарын бүрдүүлсэн 60 тэрбумын авлагын гав гинжийг таслах цаг болжээ. Хууль хяналтын байгууллагыг ийм байдлаар улс төржүү­лэхээ боль. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй” /”Зууны мэдээ” 2017.¹160/, Б.Дамба-Очир “Олон түм­ний зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд бай­гаа төрийн албыг зарж 60 тэрбумыг босгох өнөөх бичлэгийн гол дүр нь МАН-ын дарга байсан” /”Зууны мэдээ” 2017.¹163/ гэх зэргээр санал бодлоо чөлөөтэй илэрхийлжээ. Үүнээс өөр нотолгоо гэж юу байхсан билээ.

Зургаа.Т.Баасансүрэн өгүүлэл­дээ “Хэрэв МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшиж Ерөнхийлөгчийн сонгуульд ялбал тэр өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг залгамжлагчаараа томилох өндөр магадлалтай. Өөрөөр хэлбэл, түүнийг МАН-ын дарга болгож ар талаа баталгаажуулна” гэжээ. Энэ сэдвээр Н.Алтан­хуяг “Бүх шатан­даа хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг болсон. Ялангуяа УИХ, Засгийн газраас цөөхөн хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргадаг болоод удсан. Амин хувиа бодсон бүлэг­лэлийн засаглал сүүлдээ ялзрал болж нуран унада­гийг яг энэ цаг мөчид харж байна” /”Өнөөдөр” 2017.¹236/, Б.Дамдин-Очир “Энэ Засгийн газар ог­цорно гэдэг Ж.Эрдэнэбатын гэхээсээ М.Энхболдын эрх ашгийг илүү хөндөнө. УИХ-ын дарга М.Энхболд илүүтэй эмзэглэн хөндүүрлэж байгаа” /”Зууны мэдээ” 2017.¹140/, А.Амина “Төрийн эрхэнд он удаан жил суух, улсын хөрөнгө, бай­га­лийн баялгийн “өрөм”-ийг хувааж идэх хүсэлтэй цөөн хүн нам дамнасан бүлэглэл үүсгэж, хулгай, луйврын аргаар төрийн эрхийг нэгэндээ шилжүүлэн, нам хэмээх институцийг алга болгох оролдлого хийж байна” /”Өнөөдөр” 2017.¹234/ гэх зэргээр ярилцлага, бичвэр цуварна. Энэ мэтээр тайлбар зах хязгааргүй хөвөрнө. Хачирхалтай нь урд өмнө сонинд хэвлэгдсэн баримтуудыг нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөж “чимээгүй орхидос” болгох атлаа түүнээс түүвэрлэн тойм­лосон эрдэм судлалын ажлыг ажиглалт шинжил­гээ гэхээсээ алдаа оноо, аваа өгөөний өгөөш мэтээр сэрдхийн эмзэглэж сэтгүүлчийг нам­нах ажиллагааг хурай­лан эхлүүлж, хууль хяналтын байгууллагаар далайлгаж байгаа нь чөлөөт хэвлэлийн наад захын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Энэ бол оюуны гэмт халдлага юм.  Тиймээс Соёлын гавъяат зүтгэлтэн, сэт­гүүлч Г.Жамъян  энэхүү хэрэг явдлыг “Сэтгүүл зүй, сэтгүүлчид рүү халдаж байгаа зохион байгуулалттай багийн толгойд М.Энхболд гэдэг хүн байгаа. Уг нь бол УИХ-ын дарга. Гэтэл манай салбар руу чулуу шидээд сууж байна” гэсэн нь үнэний хувьтай билээ.

Алив юмыг хэн нэгэн мартаж болно. Харин нийгмийн ой санамж хэзээ ч мартахгүй. Тэр тусмаа халтар хултар хэдэн сонинд маань нийтлэгдсэн бүхэн цаг хугацааны цадиг түүхийг гэрчлэн үеийн үед “үгэлсээр” байх болно.

Монголын сэтгүүл зүйн онол, түүхийн олон зангилаа асуудлыг тайлж шастир түүхийг хойч үедээ ботилон үлдээж, сургалт судалгааны арвин баялаг өв санг бүрүүлсэн эрдэмтний нэг бол Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Тугалхүүгийн Баасансүрэн билээ. Түүний бичсэн “Ерөнхий­лөг­чийн сон­гуулийн суртал­чилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” хэмээх тойм судалгааны өгүүлэл  нь өнөөгийн сэтгүүл зүйг үнэ цэнтэй болгож буй эрдэм судлалын дорвитой бүтээл болсныг тэмдэглэж байна.

Улс төрчид өө, Мон­­голын сэтгүүл зүйг бүү басамжил, бүү шантаажил, бүү шалдал. УИХ-ын дарга М.Энхболд оо, чөлөөт хэвлэл рүү бүү дайр, бүү эмзэглэ, харин ухаар, уужуу тайван ханд. Нийгмийн сэтгэл зүй нэг долгилчихвол цунами л гэсэн үг. Сэтгүүл зүй шалдан байна уу? Т.Баасансүрэнгийн энэхүү ажиглалт шин­жилгээ бүхий шинжлэлт өгүүлэл энэ асуултад үгүй гэсэн хариулт өгч байна.

2018 оны гуравдугаар сарын 27-ны өдөр

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих