Б.Жаргалсайхан: Би 150 цасан охидтой очиж бэлэг гардууллаа

Ардын жүжигчин Гомбосүрэн гуай 26 наснаасаа эхлэн өвлийн өвгөн болсон гэдэг. Тэрээр энэ хүндтэй үүргийг 50 гаруй жил гүйцэтгэжээ. Дараа үеийг нь залгамжилж ирсэн Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай утсаар холбогдлоо.

-Жил жилийн шинэ жилийн баярын өвлийн өвгөнийг таньгүйгээр төсөөлөхийн аргагүй. Та хэдэн жил өвлийн өвгөн болж байна вэ?

- Манай нэрт жүжигчин Гомбосүрэн гуайг өөд болсны дараа ард түмний дунд түүний үйл хэргийг хэн үргэлжлүүлж авч явж чадах вэ гэсэн санал асуулга болсон юм билээ. Энэ үед  олон хүн надад өвлийн өвгөн болж чадна гэж итгэл хүлээлгэсэн. Иймд би Гомбосүрэн гуайн эхнэр Сэржханд гуайд албан ёсоор хадаг барьж, бурханд нь мөргөж энэ хүндтэй үүргийг өв залгамжилж авч явна гэдгээ амалсан. Ингээд миний бие 2004 оноос эхлэн өвлийн өвгөн болж байна даа.

-Тэгвэл таныг Гомбосүрэн гуайн дараа үе залгамжилж яваа өвлийн өвгөн гэж хэлж болох нээ?

-Тэгж хэлж болно.

-Энэ хугацаанд хэдэн шинэ жилд уригдан оролцов?

-Тоолж үзсэнгүй. Маш олон шинэ жилд оролцлоо. Албан байгууллага, аж ахуй нэгж, компаниудын 50-300 хүнтэй шинэ жилд өвлийн өвгөн болж байлаа.

-Хамгийн мартагдашгүй шинэ жилийн тухайд?

-Олон л шинэ жил байдаг даа.Түүнээс онцолбол энэ жил Дундговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл Нисэх дэх спорт цогцолборт “Мөнгөн угалз” нэртэй шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан юм.

Үүнд 1500 оюутан залуучууд цугларч ямар ч согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр дуулж бүжиглэж шинэ жилээ тэмдэглэлээ. Энэ шинэ жилд би 150 цасан охидтой очиж бэлэг гардуулахад тэнд оролцсон хүмүүс баярын нулимс унагаж байсан. Ингэж нутгийнхаа оюутан залуучуудыг дэмжиж оролцсондоо хувийн зүгээс баяртай байгаа. Энэ л миний хамгийн сэтгэлд үлдсэн шинэ жил болсон доо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих