Хонгорыг Хятадуудтай хувааж “залгисан” засаг дарга хууль бусаар их хэмжээний нойтон мод бэлтгэжээ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Ч.Чүлтэмбат Тамгын газрын дарга Лхагвасүрэн нар сүүлийнхэдэн өдөр УМБГ-ын үүдээр эргэлдэж, үндсэн албандаа биш цагдаагийнханд бүртгүүлэх чухал ажилтай болжээ. Учир нь, тэд албан тушаалаа ашиглан нойтон мод бэлтгэсэн гэх хэрэгт холбогдон,энэхүү болчимгүй үйлдлээсээ болж хуулийн хариуцлага хүлээж ч магадгуй байдалд ороод байгаа тухай албаны эх сурвалж дуулгалаа.Түүний өгүүлснээр дээрх эрхмүүд нийлэн сумынхаа нутаг дэвсгэрээс 800 гаруй шоо метр мод тайрч огтлон, унаа тэргэнд ачин холдуулахад бэлэн болгосон байсан гэнэ.

Азаар нутгийн иргэд “Хэн нь үл мэдэгдэх нөхдүүд их хэмжээний мод хууль бусаар бэлтгэсэн байна” гэсэн мэдээллийг цагдаагийнханд дуулгаснаар хууль хяналтынхан эл хэргийн мөрөөр орж, дээрх албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэвч мөрдөн байцаалтын үеэр тэд “Энэ хэргийг үйлдээгүй. Ийм хэмжээний мод ч бэлтгээгүй. Зүүнхараагийнхан л энэ хэрэгт холбоотой байх” хэмээнсэн ч хэд хэдэн хөдөлшгүй нотлох баримтаар тэднийг гэм буруутай болохыг тогтоон “Онц их хэмжээний буюу 800 гаруй шоо метр мод бэлтгэсэн” гэж үзжээ. Өдгөө мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэд хоногоос хэргийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон байна.

Нэгэн үе сумынхаа нутаг дэвсгэрээс дэрвэгрүү жиргэрүү хэмээх ховор нандин эмийн ургамлыг “Хятадууд зөвхөн түү” гэсэн захирамж гарган олныг гайхашруулж, бас ч үгүй түүнийхээ төлөөсөнд багагүй хэмжээний мөнгө аван Бээжин хүртэл аялаад ирсэн гэх Засаг дарга энэ удаад чухам ямар зорилгоор нойтон мод тайрсан гэх хардлагад өртөх болов оо. Энэ асуултын хариултыг хайн нутгийн зарим иргэнтэй холбогдлоо. Гэвч тэд Засаг дарга нь холбогдсон энә дуулианы талаар нэр усаа бичүүлж,мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Харин “Манай Засаг дарга байгаль орчинд дэндүү халгаатай. Хоёр жилийн өмнө Засаг даргаар томилогдсоныхоо дараахан монгол хүн орхоодой хэмээн нэрлэгддэг дэрвэгрүү жиргэрүүг хятадуудаар 60 тонныг түүлгэн газар нутгаа цөлжихөд багагүй хувь нэмэр оруулсан.

Түүнийхээ төлөөсөнд тэднээс багагүй зүйл авсан гэдэг юм билээ. Харин энэ удаад баахан нойтон мод бэлтгэлээ. Өнөө цагт хэргийг нь л гаргаж чадвал нойтон, тэр дундаа ийм хэмжээний мод яах аргагүй ашигтай бизнес. Ингэж л хардах байна” гэхээс өөрийг хэлсэнгүй. Нутгийн иргэдийн тухайд ингэж хардахаас аргагүй. Учир нь эрхэм Засаг ноён гурван жилийн өмнө алт угаах нэрээр их хэмжээний цианит натри, мөнгөн ус оруулж ирэн Хонгорыг хордуулсан Шо ч билүү Шоү ч гэв үү овогтой Жижгээ хочит урд зүгийн нөхрийг бараадан гүйх болсон бөгөөд түүгээр дэрвэгрүү жиргэрүү хүртэл түүлгэн, Хонгорын хөрсийг орвонгоор нь эргүүлсэн гэдгийг нутгийн иргэд батлан өгүүлдэг юм. Тиймээс ч их хэмжээгээр бэлтгэсэн энэхүү модны цаана харийн, эсвэл өндөр дээд албан тушаалтнууд байх магадлал өндөртэй хэмээн хардах нь зүйн хэрэг биз.

Мэргэжлийн хүмүүс энэ талаар ямар байр суурьтай байгааг тодруулахаар БОАЖЯ-ны Ойн газрын Ой ашиглалтыг зохицуулах хэлтсийн дарга Л.Цогттой холбогдлоо. Тэрбээр энә мэдээллийг баталж, “Би наад асуудлаар чинь хоёр гурван ч удаа УМБГ-т  очиж  зарим мэдээллийг авсан. Мөн яамнаас өнгөрсөн хоёрдугаар сард тусгай ажлын хэсэг гаран хэргийн газарт очсон. Манай мэргэжилтнүүд ихэд гайхсан шүү. Учир нь, их ч бай бага ч бай мод бэлтгэнэ гэдэг амаргүй. Барагтай хүн бэлтгэчихдэг юм ч биш. Гэтэл модны хулгайч нар сүүлийн үеийн хүчин чадал өндөртэй техник хэрэгсэл ашиглан маш их хэмжээний мод бэлтгэсэн байсан. Гэхдээ би энэ модыг Хонгор сумын Засаг дарга бэлтгэсэн үү, өөр хэн нэгэн оролцсон уу гэдгийг мэдэхгүй. Үүнийг цагдаагийнхан шалгаж, тогтоох байх” гэв.

Ийнхүү нэгэн үе дуулиан болж байсан Хонгор сум хийгээд тус сумын Засаг дарга тэргүүтэй хүмүүстэй холбоотой бас нэг дуулиан дэгдлээ. Бид энэ мэдээллийг эргэн сурвалжилж хэрэг ямар шатандаа яваа талаар мэдээлэх болно.

Л. Оюун

“Сонин мн”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.