Дарханд өрнөж буй улс төрийн “зодоон” ба эрх мэдлээ булаацалдаж буй УИХ-ын гишүүд

15819061245e49f8cc67306Нам дагаж амьдарсан 28 жил биднийг өнөөдрийн нөхцөл байдалд хүргээд байна. АН, МАН хэмээн хуваагдаж ирсэн бид сүүлдээ нам дотроо хүртэл хоёр хуваагдаж эрх мэдлийн төлөө тэмцэлддэг болов.

Үүний нэг тод жишээ бол Дарханд өрнөж буй үйл явдал юм. Нам бүр л дотроо өрсөлдөөнтэй байдаг. Гэхдээ Дарханы асуудал бусдаар арай өөр, арай эрт эхэлсэн гэхэд болно. Дарханчуудын өнгөрсөн 20 жилийн амьдралыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ба түүний “хүмүүс” удирдаж ирсэн. Засаг даргаар 10 орчим жил ажиллаад явахдаа тэрбээр нөлөөллөө хуучин хэвээр хадгалж үлдэхийн тулд өөрийн хүн гэгддэг С.Насанбатыг үлдээсэн гэж дарханчууд ярилцдаг. Тэдний талынхан Дархандаа “БАТ”-ууд хэмээх нэрээрээ алдартай бөгөөд Засаг дарга С.Насанбат, Г.Эрдэнэбат ИТХ-ын дарга, А.Түвшинбат Засаг даргын орлогч, Ч.Чүлтэмбат Аудитын газрын дарга, н.Батсүх Худалдан авах ажиллагааны газрын дарга, Ч.Энхбат ЗДТГ-ын даргын албан тушаалуудыг  тус тус хашдаг юм байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр Дарханд засаглаж буй фракц.

Намын үүр, намын хороо гэдэг сонгуулийн үеэр хамгийн том үүрэг, нөлөөтэй дэд бүтэц. Ер нь ганц сонгууль ч гэлтгүй тухайн орон нутагтаа эрх мэдлийг “атгах” болон хэрэгжүүлэх гол зэвсэг болдог. Тийм ч учраас өөрийн фракцын хүмүүсээ гол томоохон албан тушаалуудад томилох нь зүйн хэрэг. Товчоор хэлбэл, Д.Хаянхярваа болон С.Насанбатын талынхан энэ цаг үед Дарханд нөлөөллөө бүрэн тогтоож, асуудлыг бүрэн “хайрцаглачихаад” байна.

Тэгвэл 2016 оны сонгуулийн дараагаас тэдэнтэй сэм өрсөлдөж, өөрийн хүмүүсээрээ холио сэлгээ хийж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан гэнэ. Мэдээж цаашид улс төрд Дарханаас явна л гэж бодож байгаа бол улс төрийн хүрээнийхний ярьдагаар өөрийн гэсэн “хөлтэй” байх хэрэгтэй. Харин хөлтэй байхын тулд олон жил нөлөөгөө тогтоогоод, хадгалаад ирсэн хүмүүсийг өөрчилж байж л хүсэл нь гүйцэлдэх учиртай. Дарханд очоод хүч дутах тул хотоос томилгоо нь хийгддэг нөлөө бүхий ажлуудад өөрийн ойр тойрны хүмүүсээ томилуулж байгаа гэнэ.

Хамгийн сүүлд түүнтэй хамт Дарханы хоккейн холбоог үүсгэн байгуулалцаж явсан гэгддэг М.Жаргалсайханыг Дарханы ДЦС ТӨХК-ийн захирлаар томилуулж, хуучин “хүчний” хүн болох Н.Чимэдбатыг солиулжээ. Мөн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/17-р тушаалаар Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Татварын улсын ахлах байцаагч Х.Оюунцэцэг томилогдов. Х.Оюунцэцэг нь Б.Жавхлан гишүүний ангийн хүүхэд гэнэ. Өмнөх дарга н.Баярт-Одыг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа санал болгож Ч.Насанбат татварын албаны даргаар томилуулж байжээ. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд эрх мэдэл нэн чухал. Тэр тусмаа өөрийн тойрогтоо “хөл”-өө бэхжүүлэх нь туйлын ашиг тустай.

Тиймээс “хуучин хүч” гэгддэг Д.Хаянхярваа, Б.Насанбат нарын хүмүүсийг солих замаар эрх мэдлийг хуваарилалтыг хийж, хүчийг нь тарамдуулж байгаа бололтой. Ямартаа ч “хөшигний” ард сэм өрнөж буй зөрчилдөөн Дарханд улс төрийн хоёр фракцийн үйл ажиллагаа тун идэвхтэй өрнөж буйг гэрчилж байна. Хоёр гишүүний хоорондын сөргөлдөөн сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улам бүр эрчимжиж эрх мэдэл, эзэн суудлын төлөө нэгийгээ үзэх нь тодорхой. Ноёдын зодоонд иргэд л хохирчихгүй бол бусад нь яах вэ.

http://www.zaluucom.mn/read/4525b68cc


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.