Ян Хансен: Монгол улсын өр ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байна

Азийн хөгжлийн банкны ахлагч эдийн засагч Ян Хансентэй Монголын эдийн засгийн төлөв байдал болон 1.5 тэрбумын бонд мөн төсөв зэрэг асуудлаар ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум бондыг амжилттай арилжааллаа. Үүнийг хэвлэлээр ирээдүйдээ маш их өр үлдээчихлээ хэмээж буй. Энэ бонд гаргасан нь чухам хэр үр дүнтэй юм болов оо?

-Уг бондоос мөнгө босгосон нь цагаа олсон алхам. Юу гэхээр дэд бүтцээс эхлээд уул уурхай тэр чигээрээ хөрөнгө оруулалт шаардаж байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн хямрал хаяанд байгаа үед нэг төрлийн хамгаалалт боллоо. Нөгөөтэйгүүр Монгол Улс өнөөдөр нэлээд өртэй байгаа. Гэхдээ Европын орнууд шиг тийм аймшигтай хэмжээнд хүрээгүй.

 

Гадаад өр нь одоогийн байдлаар 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч энэ тоон дээр саяын борлуулсан 1.5 тэрбум ам.долларын бондыг нэмэх юм бол Монгол Улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 40 орчим хувьтай тэнцэж байна.  Гадаад зах зээл дээр Монголын бонд маш хурдан худалдаалагдлаа гэдэг нь танай улсыг баталгаатай, эдийн засаг нь хөгжих ирээдүйтэй гэж үзсэнийх.

 

Мөн Монголын төсвийн бодлого мөчлөг дагасан шинжтэй, хариуцлагагүй явж ирсэн. Тодруулбал, их зохисгүй үеэрээ эрэлтийг өөгшүүлж байсан юм. Тиймээс бондын мөнгийг маш үр бүтээлтэйгээр зарцуулж хүмүүсийн амьдрах орчин сайжрах, ажлын байр нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй болов уу. Инфляцийг барих талаар Монголбанкнаас тодорхой бодлого  явуулж  байсан  боловч Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд төрийн нөгөө байгууллагынхаа ажилд саад болчихдог байлаа.

 

Өнгөрсөн наймдугаар сард л гэхэд инфляци 15 хувьд хүрсэн нь маш өндөр тоо юм. Эцсийн дүндээ үүний хор уршиг амжиргааны доод түвшнийнхнийг хүнд дарамтанд оруулдлаг.

-Манай улсад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхэлнэ. Уг хуулийг яаж хэрэгжүүлэх вэ. Ер нь бас хэр хууль болсон гэж та бодож байна вэ?

-Тэр хуулийг нэлээд сайн боловсруулсан байна билээ. Хамгийн гол нь оны сүүлд эдийн засгийн үр дүнгээр хуулийг мөрдөх биш ямар ч цаг үед байнга мөрдөж байвал төсвийн алдагдлаа сайн хянах боломжтой. Уг хуулийн заалтад төсвийн алдагдлыг хоёр хувьд барих талаар бий. Одоогоор Монголд энэ алдагдал  дөрвөн хувьтай байна. Түүнчлэн Засгийн газар төсвөө төлөвлөх чадамжаа нэмэгдүүлэхгүй бол эдийн засгийн дарамтанд үе үе орох магадлал маш өндөр.

-Тэгэхээр таны илтгэл дээр ирэх онд манай улсад инфляци 12 хувьтай байна гэжээ. Энэ тоог танай байгууллага дангаараа гаргав уу эсвэл Монголбанк ч юмуу Статистикийн хорооны судалгааг жишив үү?

-Энэ тоог Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж гаргасан. Нөгөөтэйгүүр инфляци ирэх онд 12 хувь байна гэсэн дээрх тоог Монгол Улсын эдийн засаг гадаад зах зээл дээр тогтворгүй байгаа учраас нэлээд доогуур тоо гаргалаа. Харин дотоодын эдийн засгийн суурь нь их сайн гэж болно. Яагаад гэхээр уул уурхайгаас олох орлого цаашдаа илүү нэмэгдэнэ гэсэн үг.

-Инфляцид нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь мах, орон сууцны үнэ. Чухам энэ хоёр дээр ямар арга хэмжээ авч ажиллавал зөв юм бол?

-Түрүүхэн бас дурьдсан. Хууль батлагчид мөчлөг дагасан төсвөө эргэж харах хэрэгтэй. Дээрээс нь монголчуудад маш их мэдрэмж чухал байна. Хятад гэхэд инфляци нь дөр­вөн хувьд хүрчихэд л мэдрэмжтэй хандаж бодлогын хүүгээ чангалдаг. Эдийн засагт нь тогтвортой байдал үүссэний дараа эргээд сулруулдаг. Монголд эрэлтийг өөгшүүлэхгүй тийм бодлого, арга зам нэн түрүүнд хэрэгтэй юм.

 

Түүнчлэн үр ашиг нь хурдан төвлөрдөг тийм салбарт мөнгөө хаях нь зөв. Мөн Нийгмийн халамжийн тухай шинэ хуулийн хэрэгжилтийг нэн даруй хангаж засгийн бодлого хавтгайрсан халамжинд биш нийгмийн эмзэг бүлэгтээ анхаарлаа хандуулах ёстой. Төсвийн бодлогыг боловсруулснаар өнөөх үнийн дарамтаас хол байх үндэс нь бүрдэнэ. Бас төв банк инфляцитай ганцаараа тэмцээд дийлэхгүй гэдгийг хэлмээр байна.

-Манай улсын эдийн засгийн цаашдийн төлөв байдал чухам ямар байна вэ. Үүнд Европын эдийн засгийн хямрал Монголд аюултай хэмжээнд нөлөөлөх үү?

-Дэлхийн эдийн засгийн хямралын хамгийн муу хүчин зүйл болж байгаа Евро бүсийн өрийн хямрал Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр түүхий эдээ өмнөд хөрш рүүгээ гаргадаг танай улсын эдийн тасагт таагүй мэдрэмж төрнө. Гэхдээ нэг сайн мэдээ дуулгахад Хятадын Засгийн газар эдийн засгийн хурдаа нэмэхийн тулд 800 тэрбум юанийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээ зарласан.

 

Тэдний энэ санаачлага Монгол Улсын эдийн засагт сайнаар тусах хандлага ажиглагдаж байна. Мөн БНХАУ-ын инфляци их доогуур байгаа учраас эдийн засгийн хүнд дарамтанд орохгүй гэсэн үг. Монгол Улсын цаашдийн чиг хандлага сайн, муу хоёр үзүүлэлттэй гарч байна. Юу гэхээр дэлхийн эдийн засгийн хямралын давалгаанаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч төлбөрийн тэнцэлд дарамт учирна.

 

2011 онтой харьцуулахад Монголд гадаадын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр буурсан. Одоогийн байдлаар 3.4 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийгдээд байгаа. Энэ юунаас болсон гэхээр Оюутолгой  компани  гадаадаас оруулж ирэх эхний ээлжийн материалуудаа татаж дууссан болохоор төлөх татвар нь багассан юм.

-Тэгэхээр хөрөнгө оруулалт буурсан юм чинь цаашдаа төгрөгийн ханшийн эрсдэл өндөр байна гэсэн үг үү. Монгол Улсын гадаад нөөцийн хэмжээ өнөөдрийн байдлаар хэдэн тэрбум ам.долларт хүрээд байна вэ?

-Төгрөгийн ханшийн эрсдэлд муугаар нөлөөлөхгүй. Учир нь танай улсын гадаад нөөцийн хэмжээ тийм ч муу биш. Одоо байгаа нөөц 2.5 тэрбум ам.долларт хүрнэ гэдэг бол цаашид төгрөгийн ханшийг тогтвортой байлгах боломжтой гэж болно.

-Эдийн засагчид төсвийн алдагдал нэлээд өндөр байгаа гэж буй. Бүр 550 тэрбум төгрөгт хүрсэн байна билээ?

-Төсвийн алдагдал 550 тэрбум төгрөгт хүрсэн ч гэсэн айхгүй байх нэг шалтгаан бий. Өнгөрсөн жилийн төсвөөс илүү гарсан 200 тэрбум төгрөг байгаа юм билээ. Мөн Олон улсын валютын сангийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Монголын эдийн засаг өсөх нь гарцаагүй учраас нэг их эмээх хэрэггүй гэдгийг онцолсон. Дээрх хэмжээний төгрөгийг ДНБ-д шилжүүлэх юм бол 4.4 хувьд хүрч байна.

-Засгийн газар ирэх оны орлогыг нэлээд өөдрөгөөр төсөөлж буй. Танай байгууллагын судалгаагаар хэдэн хувийн орлого бүрдүүлэх тооцоо гарсан вэ?

-Засгийн газрынхан энэ он болон ирэх оны төсвийг нэлээд өөдрөг байдлаар төсөөлсөн байна билээ. Харин бидний төсөөлж буйгаар хүндхэн тоо гарч байгаа. Өнгөрсөн онд Оюутлолгойн бараа, материалын татвараас олсон орлого нэлээд сайн байсан бол тус компани материал оруулахгүй болсноор төсөвт шок үүсч байгаа юм. Энэ байдал дараа жил ч гэсэн үргэлжилнэ.

 

Мөн Тавантолгойн ашиглалт бас удааширалтай байгаа. Тиймээс орлогын эх үүсвэр төдийлөн сайн биш байна. Ирэх оны төсвийн зарлага нь 32 хувь, орлого нь ердөө 12-хон хувь байхаар тоо гарсан.
Л.Баатархүү

Эх сурвалж: “Улс Төрийн Тойм”


URL:

Сэтгэгдэл бичих