Хубилай хааны усан флотыг далайд живүүлэхийн тулд Японы 2000 сүмийн 50.000 мянган лам хуварга гурван өдрийн турш ном уншжээ

527-1361935811indexМонголчууд өмнөд сүн улсыг эзэлсэн нь

Хубилай хаан өөрийн төрсөн дүү Аригбөхийг ялсны дараа өмнөд Сүн улсыг мөхөөж бүх Хятадад ноёрхлоо тогтоохыг эрмэлзэж байв. Тэрбээр Сүн улс руу хэд хэдэн чиглэлээр нэгэн зэрэг цэрэг оруулж, хавчин байлдах арга хэрэглэжээ. Сүн улсын хойд талаас их цэрэг оруулахын зэрэгцээ Хөх нуураар цэрэг хөдөлгөж Сычуань, Юаньнань мужуудыг байлдан эзэлж, тэндээс Сүн улсын ар тал, баруун гараас довтлохоор шийджээ.

 

 

Монголын цэргийг их жанжин Баян захиран морджээ. Монголын цэрэг ийнхүү хэдэн талаас дайран орсон нь Сүн улсын байдлыг нэн хүндрүүлсэн байна. 1261 онд Сүн улсын нөлөө бүхий их жанжин Лю Чжэн цэргээ дагуулан Монголын талд орж, өөрийн улсын цэргийн хамаг нууцыг задлан, газарчлан байлдах болсон нь Сүн улсад бүр ч их аюултай байв.

 

 

Эртний Хятадын нийслэл байсан Сяньян хотыг байлдан эзлэхэд их хэмжээний усан цэргийн хүч хэрэгтэй байсан тул монголчууд Лю Чжэн тэргүүтэй ноёдыг ашиглан 70.000 хүнтэй усан цэргийн хүчийг байгуулж, 1268 онд Сяньяныг усан ба хуурай замаар дайран бүсэлжээ. Тус хотын цэрэг, иргэд таван жил тулалдсаны эцэст 1273 онд арга буюу бууж өгчээ.

 

 

Сяньян хот автсан явдал Сүн улсад ноцтой цохилт болжээ. Сяньян хотыг эзэлсний дараа Монголын цэрэг Сүн улсын нутагт цөмрөн орж нийслэл Линань (одоогийн Ханьчжоу) хотыг бүслэн байлджээ. Тэр үед Сүн улсын дотоодын хямрал туйлдаа хүрч хэд хэдэн хаан солигдон, эцэст нь 1275-1276 онд хаан ширээнд Чжао Бин гэдэг жаахан хөвгүүн сууж эх нь төр хамаарч байжээ.

 

 

1276 онд Монгол цэрэг очиж тус хотыг бүслэн авахад Сүн улсын төрийг хамаарагч хатан бачимдан сандарч төрийн тамгаа өргөн хүүгийн хамт Монголын цэрэгт бууж өгчээ. Гэвч Хятадын зүүн өмнө зүгийн Гуандун, Гуансийн зэрэг мужид жанжин Чжан Ши-цзэгийн удирдлагын дор байсан цэрэг, иргэд Монголыг эсрэг хэдэн жилийн турш тэмцсээр байв.

 

 

Чжан Ши-цзэ Чжао Бингийн дүү есөн настай нэгэн хөвгүүнийг хаан хэмээн өргөмжилж Монголын цэрэгтэй тэмцсэн боловч хүчинд автан хөөгдсөөр далайд шахагдан амьд баригдахгүйн тулд бага хаанаа тэврэн далайд үсрэн үхжээ. Ийнхүү 1279 онд өмнөд Сүн улс мөхөж бүх Хятад Монголын мэдэлд шилжсэн байна.

Япон руу 4500 хөлөг онгоцтой 140.000 цэрэг илгээжээ

Хубилай, хаан ширээнд суусан анхны жилүүдээс Япон мэтийн бусад улс орныг эрхэндээ оруулахын тулд олон зүйлийн арга сийлж асар их хэмжээний аян дайн хийжээ. 1265-1271 оны хооронд Японд хэд хэдэн элч илгээж Монголын Юань гүрний хараат болохыг шаардаж байв. Японы эзэн хаан Юань гүрний хараат болохыг зөвшөөрсөнгүй.

 

 

Харин ч шийдвэртэй эсэргүүцэх бэлтгэл хийжээ. 1274 онд Монголы цэрэг Японд довтолсон боловч далайн шуурганд дохиулж олонхи нь амь үрэгдэн цөөнх хэсэг нь буцаж иржээ. Хубилай хаан 1281 онд 140.000 Монгол, Хятад цэргийг Монгол жанжин Алахаан, Хятад жанжин Фан Вэнь-хү нараар захируулан 4500 том хөлөг онгоцонд суулган Японы эсрэг дахин хөдөлжээ.

 

 

Их цэрэг Японы өмнөд хязгаарын Пинхү аралд бууж, Таван луут ууланд байрласан байна. Гэтэл, бас л далайн шуурга хөдөлж, цэргийн ихэнх нь хөлөг онгоцны хамт далайд живжээ. Алахаан, Фань Вэнь-хү нар үлдсэн цөөн цэргийн хамт нутгийн зүг зугтжээ. Таван луут ууланд үлдсэн түм гаруй цэргийг Японы цэрэг хүйс тэмтэрчээ.

 

 

Ийнхүү Япон руу илгээсэн далайн флотын ажиллагаа бүтэлгүйтсэн нь Хубилай хаанд ихээхэн хүнд цохилт өгчээ. Тэрээр насан өөд болохдоо ч өөрийн орыг залгах хүүдээ Японыг заавал эзлэх захиасаа өгч байжээ. Далайн цэргийн ажиллагаа бүтэлгүйтсэн талаар түүхийн сурвалж бичгүүдэд цөөнгүй тэмдэглэл үлджээ.

 

 

Тухайлбал, Хубилай хааны усан флотыг далайд живүүлэхийн тулд Японы 2000 сүм хийдийн 50.000 гаруй лам хуварга бүтэн гурван өдрийн турш өдөр шөнөгүй ном уншиж байжээ. Энэхүү номын ид шидээр далайн хүчтэй хар шуурга босч Хубилай хааны цэргүүдийг далайд живүүлсэн гэдэгт япончууд одоо ч итгэдэг ажээ.

 

 

Нөгөөтэйгүүр Японд илгээсэн олон мянган хөлөг онгоцыг богино хугацаанд хийсэн учир их хэврэг болсон. Энэ нь далайн шуургын цохилтыг дааж чадахгүй бут үсэрч байсан гэж зарим судлаачид тэмдэглэсэн байдаг.

 

1292 онд явын арлуудыг эзэлжээ

Хубилай хаан Энэтхэг-Хятадын хойг буюу Аннам нутгаар хэд хэдэн удаа аян дайн хийжээ. Хубилай хааны жанжин Урианхайдай Түвдийг дайлахаар Вьетнамын хилээр нэвтрэн ороход Вьетнамын ван эсэргүүцэн тэмцэх хүчин мөхөс байсан учир зугтааж нэгэн арал дээр бүгжээ. Харин 1257 ондор суусан Вьетнамын шинэ ван Монголын хаанд хараат түшиг болохоо илэрхийлжээ.

 

 

1281-1284 онд Энэтхэг-Хятадын хойгийг эзлэхээр мордсон Тогоон жанжины цэрэг нутгаар нь гарахад вьетнамчууд бослого гарган Монголын цэргийг хиар цохижээ. Тогоон жанжин үлдсэн цэргээ авч халуун орны битүү ой шугуйгаар нуугдаж явсаар арай чүү зугтаан гарчээ. Үүнд уурссан Хубилай хаан 1288 онд 90.000 цэргийг мөн Тогоон жанжинд өгч байлдуулжээ.

 

 

Төдөлгүй Вьетнам Монголын хараат улс болж жил бүр алба хураалгаж байв. Мөн Монголын дарга сайд ч Вьетнамд очиж захиран суух болжээ. Хубилай хаан 1280 онд Бирмийг довтолжээ. Бирмчүүд сүрхий эсэргүүцсэн боловч 1287 онд Бирмийн ван, Юань гүрний хараат болж алба барьж байхаар тогтжээ.

 

 

Юань гүрэн 1288 онд Аннамыг байлдан эзэлж, 1292 онд Явын арлуудаар цэрэг оруулан далайн хойгийн улс орнуудад удаа дараалан ноёрхлоо тогтоожээ. Ийнхүү XIII зууны 90-ээд оны үед Монголын байлдан дагуулагчид Хятад болон зүүн өмнөд Азийн олонхи орныг эхршээлдээ оруулсан байна.

Юань гүрэн харьяат иргэдээ дөрвөн дэв зэрэгт хуваажээ

Юань гүрний хаадын гадаад, дотоод бодлогын гол чиглэл, үндэс суурь нь Хубилай хааны үед тавигдсан байна. Монголын байлдан дагуулагчид, эзлэгдсэн орны бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө баялгийг дайны олз, өөрсдийн өмч хэмээн үзэж байв. Юань гүрний хаад, Хятадын маш их хэмжээний газар нутгийг улсын сангийн газар болгон түүнээс хааны ураг, ноёд, түшмэд, жанжин нарт соёрхол болгон хуваан өгчээ.

 

 

Эхний үед Шар мөрнөөс хойшхи ба мөн Шар мөрөн, Хөх мөрний хоорондох өргөн уудам газрын ихээхэн хэсгийг суллан малын бэлчээр болгосон байна. Хятад нутгийн олон хот, тариалангийн газрыг Монгол ноёд, түшмэд, жанжин нарт “идэх хот”, “мэдэх хот” болгон олгожээ.

 

 

Жишээлбэл, Хубилай хаан өөрийн эх, хөвүүн Чингимд 105 мянган тариачин өрх, Баян жанжинд зураан мянган хятад өрхийг тарианы газрын хамт өгчээ. Юань гүрний хаад харьяат улсын олон угсааны иргэдийг албанд хэрэглэх зэрэг дэв тогтоосон байна.

 

 

Үүнд, нэгд: Монгол хүн, хоёрт: өнгөт нүдтэн (баруун хязгаарын уйгар, түрэг, араб, перс зэрэг), гуравт: умард Хятадын хүн (кидан, зүрчид, Алтан улсын харьяат нар), дөрөвдүгээрт: өмнөд хятадын хүн (Өмнөд Сүн улсын харьяанд байсан хятадууд болон олон бага ястан) орсон байна.

 

 

Тухайн үед Монгол хүнд улсын гол тэргүүлэх тушаалуудыг эрхлүүлж, удаах тушаалд баруун зүгийн хүмүүс кидан, зүрчид нарыг тавих зэргээр улсын чухал албан хэргээс хятадуудыг аль болохоор хөндийрүүлж байснаас гадна хятад хүмүүсийг яллаж шийтгэх нь хүртэл Монгол хүнд байжээ.

Ш.Батцогт

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих