Жолооч нарыг торгож, төсөвт ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГ төвлөрүүлнэ

1201609081473310880Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улсын хэмжээнд явж буй автомашинууд стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг өнгөрөгч наймдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж эхэлсэн. Энэхүү шалгалт энэ сарын 30-ны өдрийг үргэлжлэх ба автомашины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, салхины шил цуурсан, машины улсын дугаар бүдгэрсэн, гэрэл дохио, цацруулагч, ослын гурвалжин, эмийн сан, гал унтраагч гэх мэт зүйлсийг нарийвчлан шалгах юм. Түүнээс гадна бензин хөдөлгүүртэй машинаас гарч буй утаан дахь хорт бодисын хэмжээ, дизель хөдөлгүүртэй машины утаан дахь тортогжилтийг хэмжиж, иргэдэд 19200-аас 42 мянган төгрөг хүртэл торгууль оногдуулж байна.

Зарим эх сурвалжийн мэдээллэснээр, хүндэрч буй улсын төсөвт орлого төвлөрүүлэх зорилгоор дээрх шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа гэх ба замын цагдаа, хяналтын байцаагч нарт боломжтой бүх автомашиныг торгохыг үүрэгдсэн аж. Ийнхүү торгуулийн үйл ажиллагааг нэг сарын турш орон даяар зохион байгуулснаар иргэдийн халааснаас улсын төсөвт дөрвөн тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Өчигдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хэлэхдээ,Төрийн алдаатай бодлогыг ард түмэн, аж ахуйн нэгжүүд үүрдэг. Тухайлбал, дөрвөн тэрбумыг жолооч нарыг торгож, төсөвт төвлөрүүлнэ гэдэг нь буруу. Ийм замаар төсөв бүрдүүлж болохгүй. Түүний оронд үнэ тогтворжуулах хүрээнд хийсэн хөтөлбөрүүдийг шалгах хэрэгтэй. Чингис бондоос зээл авсан аж ахуйн нэгжүүд ямар үр дүнтэй ажилласан байна гэдгийг шалгах хэрэгтэй гэсэн юм.

Ийнхүү ард иргэдийн халаасыг тэмтэрч улсын төсвөө бүрдүүлэхээр ажиллаж буй эрх бүхий байгууллагын шийдвэрийг УИХ-ын гишүүд эхнээсээ шүүмжилж байна. Түүнчлэн энгийн иргэдийн дунд, дээрх шалгалттай холбоотой шүүмжлэл, бухимдал тасрахгүй үргэлжилсээр байна. Манай улсын хэмжээнд 300 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаагаас нэг сарын хугацаанд 100 мянган автомашинд шалгалт хийхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа л 100 мянган тээврийн хэрэгслийг торгох юм.

Эдгээр 100 мянган тээврийн хэрэгслийг торгуулийн хамгийн доод хэмжээ болох 19200 төгрөгөөр торговол хамгийн багадаа 1.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх аж. Түүнчлэн дээд байгууллагаас үүрэгдсэний дагуу орон нутаг, уул уурхайд ажиллаж буй том оврын хүнд даацын автомашинуудыг 42 мянган төгрөгөөр торговол дөрвөн тэрбум төгрөг улсын төсөвтөө оруулах бүрэн боломжтой ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих