Жером Пауэллийг шүүхэд дуудсан гэх мэдээллийн дараа ам.долларын ханш сулрав
АНУ-ын Хууль зүйн яам Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийг Конгресст өгсөн мэдүүлэгтэй нь холбогдуулан яллах боломжтой хэмээсний дараа ам.долларын ханш идэвхтэй сулрав. Энэ нь тус улсын Төвбанкны бие даасан байдал, валютын урт хугацааны төлөвт сөргөөр нөлөөлөх вий гэх болгоомжлолыг зах зээлд үүсгээд байна. Тэрбээр “Холбооны нөөцийн төв байрны 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий барилгын засварын төслийн талаар өгсөн тайлбартай минь холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн яамнаас шүүхэд дуудах хуудас ирүүлсэн. Надад эрүүгийн хэрэг үүсгэнэ гэх заналхийлэл нь Ерөнхийлөгчийг сөрж, нийгэм, эдийн засагт ээлтэй шийдвэр гаргасны үр дагавар” хэмээжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “Ерөнхийлөгч Трамп Хууль зүйн яаманд Пауэллийг шалгах чиглэл өгөөгүй” гэж мэдэгдсэн. Тус мэдээллийн дараа ам.долларын индекс иен, евротой харьцуулахад 0.37 хувиар суларсан нь сүүлийн гурван долоо хоногийн дээд үзүүлэлт болов. Харин швейцар франкийн ханш 0.5 хувиар чангарсан байна. АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан, Гринландыг улсдаа нэгтгэх сонирхлоо илэрхийлсэн зэрэг геополитикийн эрсдэл нэмэгдсэн ч энэ онд ам.доллар аюулгүй хөрөнгө оруулалт хэвээр байхыг шинжээчид тодотгож.
Энэхүү нөхцөл байдал нь манайх шиг гадаад худалдаа, өрийн төлбөр нь ам.долларын ханшаас өндөр хамааралтай улсад эдийн засгийн богино хугацааны дарамтыг багасгах эерэг нөлөө үзүүлж болзошгүй ч АНУ-ын Төвбанкны асуудал нь олон улсын санхүүгийн зах зээлийг тогтворгүй болгож, хөгжиж буй орнууд руу чиглэх хөрөнгийн урсгалыг сааруулах эрсдэлтэйг эдийн засагчид анхаарууллаа. Ташрамд, Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3559 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 3575 төгрөгөөр худалдан авч, 3579 төгрөгөөр борлуулж байсан юм.
Д.Хүслэн
https://www.unuudur.mn/a/279751
URL:




