Хойд Солонгосын хакерууд крипто хулгайгаараа дэлхийд тэргүүлэв

Хойд Солонгосын хакерууд крипто хулгайгаараа дэлхийд тэргүүлэв

Хойд Солонгостой холбоотой хакерын бүлгүүд 2025 онд хэн бүхнээс илүү их криптовалют хулгайлсныг шинэ судалгаагаар тогтоожээ. Тэдний хулгайлсан нийт криптовалют хоёр тэрбум гаруй ам.доллартай тэнцэнэ. Мөн энэ нь өмнөх оноос 51 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг дэлхийн блокчэйн аналитикийн компани “Chainalysis” мэдээллээ.

Харин дэлхийн хэмжээнд энэ онд крипто хулгайн хэмжээ 3.4 тэрбум ам.доллар хүрчээ. Тэгэхээр Хойд Солонгос үүний бараг 60 хувийг дангаараа эзэлсэн байна.

Хойд Солонгостой холбоотой хакерын нийт тохиолдлын тоо 2024 оноос 74 хувиар буурсан. Гэхдээ нөлөөлөл нь огцом өссөн бололтой. Өөрөөр хэлбэл, тэд илүү том байг онилж, их хэмжээгээр нөлөөлөхийг зорьдог болжээ. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Дубайд төвтэй “Bybit” бирж дээр гарсан 1.5 тэрбум ам.долларын алдагдал нь түүхэнд бичигдэх хамгийн том крипто дээрэм болжээ.

Цаашилбал, хойд солонгосчуудын хулгайлсан мөнгөө угаах арга нь улам бүр боловсронгуй болсныг “Chainalysis” мэдээлэв. Тодруулбал, тэд хулгайлсан крипто хөрөнгүүдийг жижиг жижиг хэсэг болгон хувааж, байршуулдаг. Нийт хөрөнгийн 60 гаруй хувийг нэг гүйлгээгээр 500 мянган ам.доллараас доош дүн шилжүүлэх маягаар тараан байршуулжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD


URL: