Робот мэс засал нэвтрүүлсэн дэлхийн 70 дахь орон Монгол боллоо
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн шинэ оны босгон дээр робот мэс засал хийсэн нь Монголдоо анхдагч болов. Ингэснээр манай улс энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлсэн дэлхийн 70 дахь орон болсныг тус төвийнхөн онцоллоо. Эмчилгээний энэхүү дэвшилтэт аргыг нэвтрүүлэхийн тулд сүүлийн гурван жилийн хугацаанд бэлтгэл хангажээ.
Робот мэс заслын эмчилгээ нь дэлхийн 69 оронд нэвтэрсэн, орчин үеийн технологийн шинэ шийдэл бөгөөд мэс заслын эмч нарт гурав дахь гар нь болж, нарийвчлал сайтай ажиллах боломж бүрдүүлдэг байна. Интернэтийн өндөр хурдны тусламжтайгаар зайнаас хийдгээрээ онцлогтой. Дэлхийн анагаах ухаанд хамгийн сүүлд нэвтрүүлсэн энэхүү робот мэс заслыг манай эмч нар БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгтэй хамтран хийсэн аж. Робот технологийг нэвтрүүлэхдээ дурангийн хагалгааны өнгөрсөн 20 жилийн хөгжүүлэлтэд тулгуурласныг ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр бул чирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч Г.Үнэнбат хэлсэн. Робот ашиглан хийсэн анхны мэс засалд ХСҮТ-ийн 12, БНСУ-ын хоёр эмч, мэргэжилтэн оролцжээ.
Ташрамд мэдээлэхэд, тус төвийнхөн өнгөрсөн онд эмнэл зүйн тусламж, үйлчилгээндээ дараах шинэ технологиудыг нутагшуулсан гэнэ. Тухайлбал, дурангийн аргаар донорын элэг тайрах мэс засал, неронавигаци систем буюу дижитал технологи ашиглан нөхөн сэргээх болон мэдрэлийн мэс заслын эмчилгээ, тархины эдийн хавдраас стереотактик шинжилгээ авах арга нэвтрүүлжээ. Мөн дөрвөн хэмжээст буюу амьсгалын хөдөлгөөн тооцсон туяа эмчилгээг эхлүүлж, элэг, уушгийг цацраг туяагаар анагаадаг болж. Түүнчлэн эмэгтэй чүүдийн хавдрын зайн туяа эмчилгээнд эзлэхүүнийг зохицуулсан нуман арга, Хөхний төвд лимфоваскуляр анастомоз мэс засал нэвтрүүлсэн байна.
URL:




