“Time” сэтгүүл “AI” архитекторуудыг оны хүнээр нэрлэлээ

"Time" сэтгүүл "AI" архитекторуудыг оны хүнээр нэрлэлээ

“Time” сэтгүүл оны хүнээ зарлалаа. Энэ удаад тэд нэг бус нэлээн хэдэн хүнийг зарласнаараа онцлог байна. Тодруулбал, 2025 онд дэлхий дахинд хамгийн их нөлөө үзүүлсэн оны хүнээр хиймэл оюун ухааны архитекторуудыг нэрлэв. Сэтгүүлийн нүүрэнд “Nvidia”-ийн босс Женсен Хуан, “Meta”-ийн тэргүүн Марк Зукерберг, “X”-ийн эзэмшигч Элон Маск, хиймэл оюун ухааны загалмайлсан эх гэгддэг Фэй Фэй Ли тэргүүтэй салбарын аваргуудын зураг гарчээ.

Хиймэл оюун ухаан болон түүний ард байгаа компаниуд нийгмийг ямар хурдтай өөрчилж, хэлбэржүүлж байгааг энэ үйл явдал онцолж байна.

“OpenAI” компани 2022 оны сүүлээр “ChatGPT”-г танилцуулснаар хиймэл оюун ухааны технологид тэсрэлт авчирсан. Энэ тэсрэлт өнөөдөр ч үргэлжилсээр байна. Өдгөө дэлхий дахинд 800 сая орчим хүн долоо хоног тутамд “ChatGPT”-г тогтмол ашиглаж байгаа гэдгийг компанийн босс Сэм Альтман өнгөрсөн есдүгээр сард танилцуулсан билээ.

Технологийн томоохон компаниуд хиймэл оюун ухаан болон түүний дэд бүтцэд олон тэрбум ам.долларыг зарцуулсаар байна.

Оны хүнийг зарласан дугаар хоёр янзын нүүр зурагтай гарчээ. Нэг зураг дээр нь “AI” гэсэн хоёр үсэг дээр ажиллаж буй ажилтнуудыг харуулсан бол нөгөө зурагт нь технологийн салбарын томчууд буй биеэрээ заларчээ.

“Time” сэтгүүл оны хүнээ зарлахдаа “Хүмүүс хиймэл оюун ухааныг яаж хариуцлагатайгаар ашиглах вэ гэхээсээ илүү аль болох хурдан хэрэглэх гэж л яардаг болж. Гэхдээ эрсдэлээс айдаг хүмүүс жолооны ард суухаа больсон байна. Хуан, Сон, Альтман болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэгч бусад аваргуудын ачаар хүн төрөлхтөн дээд зэрэглэлээр автоматжсан, бүрэн тодорхойгүй ирээдүй рүү хурдны замаар огт тоормосгүйгээр давхилдаж явна” гэжээ.

“Time” сэтгүүл оны хүнээрээ олон хүн тодруулж байсан удаа өмнө нь ч бас бий. Тодруулбал, тус сэтгүүл 2002 онд шүгэл үлээгчдийг, 2014 онд Эболатай тэмцэгсдийг оны хүнээр зарлаж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC


URL: