Таны цалингаас хэдэн төгрөг суутгадаг вэ

Төрийн мөнгө үү, түмний мөнгө үү

Та цалин авдаг уу. Авдаг бол хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, малчин биш бол танаас төр заавал нийгмийн даатгалын шимтгэл авна. Цалингийн чинь 10 хувийг таниас, ажил олгогчоос чинь 10 хувийг авна. Ингээд таны цалингийн 20 хувь нийгмийн даатгалд төвлөрдөг.

Нийгмийн даатгалын сан цаашаа тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан гэж задарна.

Цалингаас чинь шимтгэсэн 20 хувийн 14 нь тэтгэврийн, нэг нь тэтгэмжийн, дөрөв нь эрүүл мэндийн, нэг нь ажилгүйдлийн санд төвлөрдөг. Ингээд таны цалингаас шимтгэсэн 20 хувь таван санд төвлөрдөг байх нь. Энэ мөнгийг өтөл буурай болоод ажил хийж чадахаа болихоор чинь өгөх гэж төр хурааж байгаа юм.

Манай орон нийгмийн даатгалд хоёр өөр зарчимтай тогтолцоог хэрэглэдэг. Нэг нэрийн дансны, нөгөө нь эв санааны нэгдэл. Нэрийн дансны тогтолцоог тэтгэврийн даатгалын санд хэрэглэдэг. Цалингийн шимтгэл төлөгч та тэтгэврийн даатгалын санд нэрийн данстай. Тэр дансанд таны цалингийн 14 хувь cap бүр орно. Бусад даатгал санд эв санааны нэгдэл тогтолцоо үйлчилдэг.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог жишээ болгоё. 10 хүн байлаа гэж бодоход хоёр нь өвдвөл арвуулангийх нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээр хоёрыг нь эмчлэх зарчимтай. Өөрөөр хэлбэл, нийт нь нэгийнхээ төлөө үйлчлэх зарчим юм. Эв санааны нэгдлийн тогтолцоог иргэн хүний нийгмийн өмнө хүлээх үүрэг гэж бодъё. Тэгвэл таны тэтгэврийн даатгалын сангийн нэрийн дансанд төлсөн шимтгэл байгаа болов уу.

Байхгүй гэж олон эх сурвалж батлаад байгаа юм даа. Хаашаа орсон бэ гэвэл төрийн санд ороод төсвийн мөнгө болоод засаг ноёны бензиний мөнгө болоод алга болсон гэх. Цаасан дээр тэтгэврийн даатгалын санд төдөн төгрөг бий гэж бичсэн байдаг ч гаргаад тоолох мөнгө байхгүй гэж батлаад байгаа юм.

Уг нь Нийгмийн даатгалын сангийн тухай хуулиар сангийн мөнгийг гуравхан зүйлд зарцуулах учиртай. Өөр ямар ч зүйлд зарцуулж болохгүй. Нийгмийн даатгалд хуримтлагдсан мөнгийг арилжааны банкинд хадгалах, Монголбанкны үнэт цаас, гадаад, дотоодын Засгийн газрын баталгаатай бонд худалдаж авах эрхтэй. Гэтэл манай төр татварын мөнгө адил төсөвт оруулаад л үрчихдэг санж.

Цалингийн шимтгэл болохоос биш, татвар биш шүү, төрийн өндөрлөгүүдээ. Түмний мөнгийг төрийн нэрийн өмнөөс үрж байх эрх хэнд байна. Уг нь төр баталгаатай өндөр хүүтэй Засгийн газрын баталгаатай бонд худалдаж аваад сууж байвал тэр хүнд нэрийн дансны мөнгө өсөөд, өндөр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэх биш үү.

Нэрийн дансны тогтолцоонд эв санааны нэгдлийн зарчим шургалсан нь бүр шударга биш. Та ажил хийгээд л байдаг гэтэл тэтгэвэрт гарах наснаасаа өмнө тэнгэрийн орноо заларбал үр хүүхдэд чинь оршуулгын зардлын 100 мянган төгрөгөөс өөр юу олдохгүй. Тэтгэвэр авах наснаасаа өмнө талийгаач болох юм бол тэр хүн агаар амьсгалсны татвар төлсөн болж таарах нь ээ.

Шимтгэлийн мөнгөөр нь унааныхаа бензиныг хийгээд байгаа чинь тийм ойлголт түрүүлж байна. Ийм шударга бус гаж тогтолцоо байж болох уу.

Хүний хүүхэд ийм сэргэлэн

Манайхан нийгмийн даатгалын тогтолцоогоо яаж шударга болгох бэ гэж ярилцах эхэлж байна. Гэтэл манайхтай адилхан зэсээс орлогоо бүрдүүлдэг Чили улс нийгмийн даатгалын тогтолцоондоо загвар болохоор бодлого барьж байна. Чили “Тэтгэврийн сан” гэсэн ганц том сантай тэндээсээ нийгмийн хамгааллын бүх санхүүжилтээ хийчихдэг. Сангийнх нь хөрөнгө манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэдэн дахин нугалах баян.

Чили ирээдүйд олгох тэтгэвэр, тэтгэмжинд, зориулан 21,8 тэрбум доллар хуримтлуулжээ. Гадаад улс орнуудын Засгийн газрын бонд худалдаж авах, валют арилжаанаас ашиг олох гэх мэтээр сангийнхаа хөрөнгийг улам арвижуулна. Сангийн нөөц нь иен, ам.доллар, юаниар бүрддэг. Сангаасаа дотооддоо санхүүжилт хэзээ ч хийдэггүй. “Голланд” өвчин тусах эрсдлийг тооцоолж буй нь тэр. Юу улсын төсөвтөө оруулж, урсгалд зардалд үрэх. Хүний хүүхэд ийм сэргэлэн.

“Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төсөв рүү оруулдгаа зогсоо”

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төрөөс нэхэж жагсаал хийж, энэ асуудлыг олны анхаарлын төвд оруулсан МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатарын байр суурийг сонслоо.

Тэрбээр “Нийгмийн даатгал бол Монголын хоёр том улс төрийн нэг нь байх учиртай. Улстөрчид үүнийг байнга ярьдаг байх учиртай. Таг чимээгүй байсан юмыг ямар ч байсан манайх гаргаж тавьсан. Болохгүй болоод гаргаж тавилаа. Муу мэдээг сонсгосноороо бид буруутан болох ёсгүй. Төр засгийнхан үйлдвэрчний эвлэлийнхэн нийгмийн даатгалын сөхөж тавилаа гэж их ундууцдаг. Харин бид их сайн юм.

Төр засаг 1960 оноос хойш төрсөн хүмүүсийг нийгмийн даатгалын шимтгэлийг нэрийн дансанд хийж хуримтлуулна гэж заасан. Энэ мөнгө байгаа байхгүй тухай олон маргаан байдаг. Үүнийг ямар муухай юм бэ гэж ярих гол биш. Бид дараа нь ямар алхам хийх гээд байгаа юм бэ. Өмнө нь Засгийн газруудын маш олон алдаатай шийдвэрүүдийг бид шүүмжилж байсан.

Эцсийн эцэст Монголын Засгийн газар хуримтлалын санд, нэрийн дансанд байгаа мөнгийг төрийн сан руу оруулна гэдэг бол хамгийн том луйвар. Хамгийн гол нь нийгмийн даатгалын тогтолцоог эрүүлжүүлэх гарц юу вэ гэдгийг бид хайж байгаа. Хэн нэгэн буруутан хайх хэцүү.

Нийгмийн даатгалын санд хуримтлал үүсгээгүй байхад нь хариуцлага тооцолгүй таг дүлий юм шиг байснаараа бид буруутай. Дүлий дүмбэ байгааг ашиглаж хулгай хийж байснаараа улстөрчид буруутай. Маш муу шийдвэр гараад байхад 1990 оноос хойш энэ асуудлыг сайжруулах талаар ярихгүй яасан юм бэ гээд буруутныг хайлбал бүгд буруутан. Буруутныг хайгаад олоод ч нэмэргүй. Харин буруу гажиг тогтолцоогоо одоо засахгүй бол бид бүгдээрээ хохирох гээд байна.

Төр засаг нийгмийн даатгалын сан руу савраа дүрдгээ зогсоо. Сангийн сайд С.Баярцогтын оруулж байгаа төсвийн төсөл нь нийгмийн даатгалын шимтгэл буюу ядарсан үедээ хэрэглэх, өвчтэй болсон үеэ хэрэглэнэ гэсэн таван сангийн мөнгийг төрийн сан руу оруулж, татварын мөнгө юм шигээр зарцуулах гэж улайран хөөцөлдөж байгаа нь хамгийн ноцтой зүйл.

Эхний ээлжинд үүнийгээ зогсоочих дараа нь тогтолцоог яаж өөрчлөх талаар олон юм яримаар байна. Нийгмийн даатгалын мөнгө чинь төрийн мөнгө” хэмээсэн юм.

Зогсоолоо ч 2015 онд нэрийн данснаасаа тэтгэвэр авах боломжгүй

Засгийн газрын амлалтаар 1960 онд төрсөн эмэгтэй 2015 онд нэрийн данснаасаа тэтгэврээ авах юм. Гэвч 2015 онд нэрийн данснаас нь тэтгэврийг өгч чадахгүй гэдгээ НХХЯ хэлчихсэн. Өмнө нь хийх зориулалтын маш олон ажил байгаа аж. Тэр ажил нь ирэх таван жилд хийгээд, хийгээд барагдахгүй юм байх аа.

Дэлхийн хөдөлмөрийн байгууллагынхан Т.Ганди сайдад тэтгэвэрт гарах насыг сунгах зөвлөмж өгсөн.
Засгийн газрын өөрийгөө аврах алхам эмэгтэй хүн 60, эрэгтэй нь 65 настай тэтгэвэрт гарах хууль батлах байх болов уу. 2020 онд нэрийн данснаас тэтгэвэр өгөх бололцоо бүрдчих байлгүй.

Юутай ч нийгмийн даатгалын татварын мөнгийг татварынх мэтээр төсвийн урсгал зардалд үрдгээ боливол яасан юм бэ. Гажиг тогтолцоогоо тэгшлэх цаг болсон байх аа. Магадгүй нэг өдөр ажилчид нийгмийн даатгалын шимтгэл төлөхөө больё гэсэн уриа хашгираад жагсвал та нар яах вэ. Тэгээ, тэгж хэлэх эрх хэнд чинь ч байхгүй.

Т.Энхбат


URL: