Байгаа зөв онилоогүй татварууд

Tatvar0112Монгол улс төсвийн алдагдлаа нөхөх гэж янз бүрийн л арга хийж эхлээд байна. Мэдээж, арга зам эрэлхийлж байгаа нь зөв боловч, иргэдийнхээ халаас руу хэт өнгийж, тэднийг амьдрах аргагүй болтол нь “шулах” хууль журам гаргаж байгаа нь арай л дэндэж байна гэж үзэх иргэд олон бий. Өөрөөр хэлбэл, Жирэмсэн эхчүүдийн мөнгийг танана, хүүхдийн мөнгийг олгохдоо “ялгаварлан гадуурхана”, одонтой ээжүүдийн мөнгийг хязгаарлана гээд улс төр, засгийнхан өөрсдийн бодлогогүй үйлдлийнхээ бурууг ард түмнээр төлүүлэхээр болоод байх шиг.

 

Мөн УИХ-аар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төсөл хэлэлцэж эхлээд байгаа. Урьд өмнө нь байгаагүй хэний ч мэдэхгүй хууль юм. Монгол Улсын 2014 оны төсвийн татварын орлого 1 их наяд төгрөгөөр тасарсан, энэ онд мөн дээрх хэмжээгээр тасрах нь тодорхой болоод буй учир УИХ 2015 оны төсвийн хуульд тодотгол хийж байгаа бөгөөд Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа хэд, хэдэн төрлийн татварын хуулиудад өөрчлөлт оруулсан байна.

 

Сайд дарга нар ямар машин унадаг вэ. Тэдний унадаг унаа бол жирийн иргэдийн хувьд 20 жилийн лизингээр худалдаж авсан орон сууцынх нь үнэтэй дүйцэхүйц өндөр үнэтэй унаа байдаг. Заримынх нь түүнээс ч өндөр үнэтэй байх. Гэтэл Хөрөнгийн албан татварын тухай хуульд орон сууцын татвар, авто машины татвар, бууны татвар, малын хөлийн татварыг багтаажээ. Сайд нарын нүдэнд “Prius” машин хамгийн их ашиг өгдөг унаа болж харагдсан бололтой. Авто машинуудад цилиндрийнх нь багтаамжаас хамааруулж татвар ногдуулахдаа “Prius”-ийнхийг гурав дахин өсгөжээ.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тайлбарласнаар бол дээрх машиныг унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол дээрх хуулийн хүрээнд 108 мянган төгрөгийн татвар төлөх болж байгаа гэнэ.

 

Харин ч “Prius” төрлийн автомашинууд эдийн засгийн хэмнэлттэй, агаарын бохирдол багатай. Иймээс ийм авто машинуудын татварыг харин ч бууруулж, өндөр октавын, их хэмжээний үнэтэй шатахуун хэрэглэдэг Жип төрлийн автомашинуудын татварыг нэмэх хэрэгтэй баймаар юм. Ингэснээр Жип хотоор явах нь багасаж, үүний улмаас нэгдүгээрт, хот дотор сэлгүүцэж агаар бохирдуулдаг утаат хор багасна, хоёрдугаарт шатахууны хэмнэлт гарна. Үүнээс гадна үнэтэй авдаг шатахууны хэмжээ багасна. Энэ нь төсөвт хэмнэлт гарч хямд машин ашиглах боломж бүрдэнэ хэмээн зарим хүмүүс үзэж байна.

 

Ер нь бол ард иргэдийн нүдээр харахад, шийдвэр гаргагчид ийм ялгавартай татвар ноогдуулахаасаа, ийм шийдвэр гаргахаасаа ичмээр юм даа. Ийм автомашиныг сайд дарга нар унадаггүй, ерөнхийдөө орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг гол тээврийн хэрэгсэл гэхэд болно шүү дээ.

 

Ард түмнийхээ халаасыг нэгжих арга нь арай л хэтэрч байна. Магадгүй ийм машинаар халтуур хийж, амьдралаа залгуулдаг айлууд олон байгаа даа. Гэхдээ эдийн засгийн хямралтай энэ үед цагаа олоогүй хамгийн “буруу” шийдвэр гэж энийг л хэлэх байх даа. Байгаа зөв онилоогүй эдгээр татвар аа зөв л чиглүүлэх хэрэгтэй.

Г.Мягмарсүх

www.new.mn


URL:

Сэтгэгдэл бичих