Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэнэ

olloo_mn_1407922707_123d61050bb2e8aeoriginalЦэцэрлэгийн бүртгэлийг эмх, замбараагүй байдал гаргахгүй зохион байгуулах үүргийг дүүргүүдийн боловсролын газарт хүргүүлж, цэцэрлэгүүд бүртгэлтэй холбоотой мэдээллийг эцэг, эхчүүдэд нээлттэй хүргэх бөгөөд бүртгэлтэй холбоотой авилга, хахуулийн баримттай гомдол гарвал 11-11 төв болон харьяа дүүргийн боловсролын газар, Нийслэлийн боловсролын газарт хандаарай.

Араасаа олон хэл ам дагуулж, иргэдийг бухимдуулдаг асуудлын нэг бол яах аргагүй цэцэрлэгийн бүртгэл билээ. Тэгвэл өнөөдрөөс цэцэрлэгийн бүртгэл эхэлжээ. Бүртгэл наймдугаар сарын 28-ны 17.30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 116 570 хүүхэд байгаа бөгөөд энэ жил төрийн болон төрийн бус өмчит 632 цэцэрлэгт 91687 хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.

Энэ жил цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг оноороо 2 нас хүрсэн бол бүртгэж байна. Тодруулбал, 2013.01.01-нээс 2013.12.31 хугацаанд төрсөн бол цэцэрлэгийн бага бүлэгт бүртгүүлэх боломжтой болж байгаа аж.

Та хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр очихдоо дараах материалыг бүрдүүлэн очих аж.

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
- Хүүхдийн төрсний гэрчилгээ,
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх,
- Эрүүл бойжиж байгаа эсэх талаар өрхийн эмнэлгийн бичиг зэргийг авч очих шаардлагатай.

Цэцэрлэгийн бүртгэлийн явцад эцэг, эхчүүдээс ямар нэгэн төлбөр хураамж авах ёсгүй бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, багш нар зөвхөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг бүртгэж авах гэнэ.

П.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих